Хүмүүс эрүүл мэндэд тохиолдож болзошгүй эрсдлээс хамгаалахын тулд даатгуулдаг. Гэтэл манай улсын тухайд энэ нь одоогоор улсын төсвийг бүрдүүлэх нэг гарц болохоос бус даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах асуудал нь орхигдсон гэж хэлж болно. Аливаа улсын тэргүүлэх салбарын нэг бол Эрүүл мэндийн салбар. Гэтэл улсын төсвийн нийт зардалд эзлэх эрүүл мэндийн зардал 2005-2008 онд 5-3 хувь болтлоо буурсан үзүүлэлттэй байдаг аж. Улсын төсвийн нийт зардлын зургаагаас доошгүй хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулах тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж манай оронд хэрэгжихгүй байгааг дээрх тоо харуулж байна. Манай улсын иргэдийн 70 гаруй хувь нь эмнэлгийн үйлчилгээ авахдаа албан бус төлбөр төлдөг гэсэн судалгаа гарчээ. Өндөр хөгжилтэй оронд эрүүл мэндийн зардалд жилд 2000 ам.доллар ногддог бол манайх шиг буурай хөгжилтэй орнуудын нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал 35 ам.доллар байдгийг ДЭМБ-аас гаргасан байна.
Өвчин хэлж ирдэггүй. Гэтэл иргэд эмнэлгийг зорих нь байтугай төлбөрийн дарамтаас болж эмчлүүлж чадахгүй байсаар хорвоог орхиж буй тохиолдол олон. Улсын гэх тодотголтой клиник эмнэлгүүдэд үзлэг, оношлогоог зөвхөн эрүүл мэндийн даатгалын дэвтрээрээ үйлчлүүлнэ гэдэг бол зангууны үлгэр. Хэвтэж эмчлүүлнэ гэдэг бол бүр холын асуудал. Үзлэг, оношлогооны гэх төлбөрийг нь төлөх, эсвэл танил талаараа дамжуулахгүйгээр нааштай үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой. Энэ мэтчилэн сар бүр, жил тутам төлсөн даатгалын мөнгөөр чухам хэзээ, хаана үйлчлүүлэх нь бүрхэг. Ингээд бодохоор эрүүл мэндээ хамгаалуулна гээд төрд хадгалуулсан мөнгө сардаа байтугай жилдээ, цаашлаад хэдэн жилдээ ч хүртдэггүй жишээ олон. Дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн, энэ хугацаанд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг аваагүй иргэнд нэг удаагийн эрүүл мэндийн бүрэн үзлэг хийлгэх эрх олгож, зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцах ёстой гэх зэрэг цагаан цаасан дээр хараар бичсэн билэгдэл маягийн хэрэгжихээсээ хэрэгжихгүй нь олон заалт бүхий энэ хуулиндаа эхлээд хяналт тавьж ажилламаар байна.
Өндөр настай, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрөөс даатгалд үнэ төлбөргүй хамруулдаг бөгөөд бусад тохиолдолд манай улсын дундаж орлоготой иргэн бүр сард дунджаар 4-12 мянган төгрөгөөр эрүүл мэндээ төрд даатгадаг. Гэвч хамрын ханиад хүрлээ гэхэд эмийн сангаас өөрөө эм аваад уучихна, шүд өвдлөө гэхэд төлбөр төлж үзүүлнэ, эрхтэн өвдлөө гэхэд рентген зураг төлбөртэй авахуулна. Энэ мэтчилэн сар бүр, жил тутам төлсөн даатгалын мөнгөөр чухам хэзээ, хаана үйлчлүүлэх нь бүрхэг. Тэгэхээр даатгалд хамрагдах хэрэгтэй эсэхэд эргэлзэж байгаа энэ үед дахиад Хүний хөгжил сангаас олгох сая төгрөгийг эрүүл мэндийн үзлэгт нэг удаа бүрэн оношлуулах, эмчлүүлэх эрхийн бичиг маягаар олгох журмын талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлахаар “дуншиж” байна. Эрүүл мэндийн сайдын гаргасан мэдээллээр эрхэлсэн тодорхой ажилгүй иргэдийг даатгалд хамруулах, эрүүл мэндийн бүрэн үзлэг эмчилгээнд үзүүлэх зорилгоор “Хүний хөгжил сан”-гаас 9.3 тэрбум төгрөг зарцуулахаар яригдаж байгаа бололтой. Хэдэн тэрбумаар төсөвлөж, иргэдэд амалсан амлалтаа биелүүлэхийн зэрэгцээ эргээд улсын төсөвт “шингээж авах” гэсэн туйлын зорилго тавихаас илүүтэйгээр одоогийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээг чанартай болгох асуудлыг эн тэргүүнд тавих учиртай сан.
Эрүүл мэндийн байгууллагаар жилд нэг удаа сая төгрөг буюу хувь хишгийн эрхийн бичгээр час хийсэн чанартай үзлэг оношлогоонд хамрууллаа гэхэд улсын тодотголтой эмнэлгүүд ийм ачаалал даах чадвар нь хэр байгаа билээ. Одоогийнх шигээ ампициллин, пенциллинээр эмчилсэн дүр эсгээд сая төгрөгийн үнэтэй эрхийн бичиг хураагаад авчихвал яана. Энэ мэтээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эрхийн бичгийг иргэд тухайн салбарын өнөөдрийн үйл ажиллагааны хэм хэмжээгээр хэрхэн хүлээж авах бол. Ер нь ч хувь хишгээ ямар хэлбэрээр авах нь иргэдийн сонголт байх учиртай. Тийм болохоор асуудал хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулах биз.
Д.Долгор