П.Дамдин баатар боллоо

Хуучирсан мэдээ: 2017.08.10-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

П.Дамдин баатар боллоо

П.Дамдин баатар боллоо

Хөдөлмөрийн баатар П.Дамдин онгоцны ослоос амьд үлдэж байжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Аж үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр, гавьяаг нь үнэлж П.Дамдинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгохоор зарлиг гаргасан. Энэхүү нэр хүндтэй, нүдээ олсон шагнал өнөөдөр эзэндээ очиж байна. Паавангийн Дамдин хэмээх энэ эрхэм өмнө нь Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсны зэрэгцээ хуучнаар МАХН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын албыг тус, тус хашиж явжээ. Тэрбээр энэ жил 86 насыг зооглож буй буянтай буурал. П.Дамдин Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг Ханхөхий уулын Цагаан толгой гэдэг газарт 1931 онд төржээ. Гэргий Раднаабазарын Энхтуяа нь хүүхдийн эмчээр ажиллаж байсан. 1994 оныг хүртэл Анагаах ухааны дээд сургуульд багшилж, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулсан эмэгтэй. Тэднийх хүү, охин хоёртой. Ууган хүү Баяраа нь Москвад Ф.Дзержинскийн нэрэмжит Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Охин Цэнгэл Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ. П.Дамдин гуай бас 1973 онд нисэх онгоцны осолд орсон ч амьд үлдсэн ус уух хувьтай хүмүүсийн нэг.

Түүний байгуулсан гавьяа, туулсан амьдралынх нь тухай УИХ-ын гишүүн асан, сэтгүүлч Г.Уянгын бичсэн хөргийг уншигчдадаа хүргэе.

Паавангийн Дамдин хэмээх энэ эрхэм хүн Монгол оронд аж үйлдвэр гэх юмгүй байхад энэ салбарын сайдаар 30 гаруй жил ажиллахдаа энэ хүн Монгол орныг аж үйлдвэржсэн орон болгосон юм.

Аливаа орны хөгжлийн үндэс нь үйлдвэржилтэд байдгийг П.Дамдин гуай үглэх биш үзүүлсэн юм. Монгол Улс шавхагдашгүй баялаг-малын гаралтай түүхий эдээ дотооддоо 100 хувь боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаас гадна экспортолдог байлаа.

Тэрээр сайдаар ажиллах 30 жилийн хугацаандаа АПУ, Говь, Арьс ширний нэгдэл, Ноосон үйлдвэрийн нэгдэл, Дарханы гурилын үйлдвэр, УБ, Дарханы цахилгаан станцууд, Махкомбинат, Тавилгын үйлдвэр, Гурилын элеваторууд, Хуурай сүүний үйлдвэр, Гутлын үйлдвэр, Бэлэг дурсгалын үйлдвэр болон бусад өч төчнөөн үйлдвэр, заводуудыг байгуулж, Монгол улс энэхэн хугацаанд танигдашгүй болтлоо өөрчлөгдсөн юм. Энэ олон үйлдвэрүүдэд ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх ажлыг мөн гардан хэрэгжүүлж бүхэл бүтэн ажилчин анги давхаргатай болсон байсан юм.

Паавангийн Дамдин гуайг улс орны аж үйлдвэрийн салбарыг тэргүүлж байх хугацааны 1980 оноос хойш 10-хан жилд энэ салбарын гол нэрийн бүтээгдэхүүн цахилгаан эрчим хүч 2,1 дахин, дулааны эрчим хүч 67,1 хувь, нүүрс гаргалт 63,7 хувь, ноос боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн 15,3 хувиас 3,7 дахин, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн улны ширээс бусад төрөл дээр 11,2 хувиас 2,3 дахин, хүнсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн пивоноос бусад төрөл дээр 7,8 хувиас 2,4 дахин, барилгын материалын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн 37,2 хувиас 2,4 дахин өссөн байна.

Тэрээр үйлдвэрлэлийн тоонд биш чанарыг ахиулах зорилт тавин бодлоготойгоор хэрэгжүүлж эхлээд байснаас гадна эдийн засагт хувийн хэвшлийг бага багаар нэвтрүүлэхээр ажиллаж хувийн хэвшил- хоршоодыг дэмжин ажиллуулж эхлээд байлаа. Мөн үйлдвэрүүдийг эхнээс нь технологийн шинэчлэл хийхээр төлөвлөгөөтэйгээр шургуу ажиллаж эхлээд байлаа.

Харин 1990 онд гарч ирсэн шавилхан залуучууд түүний, түүний үеийнхний бүтээсэн бүхнийг юу ч үгүй нураагаад одоо дахин эхлэх гээд чадахгүй 25 жил будилж байна. Үйлдвэрүүдийг нь хувьчилж заримыг нь балгас болгосон, заримыг нь түрээсэлсэн. Машин механизм, тоног төхөөрөмжүүдийг нь төмрийн хогонд тушаагаад урагш нь зөөсөн. Үйлдвэрийн ажилчдыг нь гудамжинд гаргаад ‘ганзагачин’ болгосон. Мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг ТМС-үүдийг нь үгүй хийж байшинг нь хувьчилж авцгаасан. Одоо түүнийг МСҮТ нэрээр дахин эхлэх гээд хэрхэн хөглөж байна даа?! Даан ч харамсмаар, халагламаар, гасалмаар…

Залуу нас, эрч хүч, оюун ухаан, заяасан бүхнээ харамгүй зориулж бүтээн босгосныг нь нүдэн дээр нь сүйтгэхийг харж суугаа түүний харууслыг минийхтэй зүйрлэх юун.

90 оны хорин хэд, гучин хэдтэй залуучууд хийсэн бүхнийг нь хүйс тэмтрэн төрд дайран орж ирэхдээ П.Дамдин гуайг ‘Цэдэнбалын тойрон хүрээлэгч’ гэж үзэн ‘энэ хүн заавал улсын хөрөнгө идэж уусан байх ёстой, түүнийг нь олж түмэнд жигшээнэ’ гээд хоёр жилийн турш шалгаж билээ. Шалгаж шалгаж 180 төгрөгийг зөрчил илрүүлж билээ. 32 жилд 180 төгрөг. П.Дамдин гуай түүнийг нь тэтгэврээсээ төлж барагдуулан улсыг ямар ч хохиролгүй болгосон. Өдгөө ч хөнгөн шингэн, оюун саруул, ухаан цэлмэг, үг цэцэн П.Дамдин гуай маань анх л төрөөс өгсөн 40 мянгатын байрандаа хөгшинтэйгээ, хүүхдүүдтэйгээ даруухан амьдарч буй.

11,2 тэрбум долларын өрөөр 70 жилд орчин үеийн Монгол Улсыг үйлдвэртэй нь, хот суурин, сургууль соёл, шинжлэх ухааны төвүүд, эрүүл саруул, ирээдүйдээ итгэлтэй хүн амтай нь ёстой л нэг улс шиг улс болгосон юм даа, тэд. Харин өдгөө мэдэгдэж байгаагаар дээрхээс наад зах нь хоёр дахин их өртэй болжээ. 11 тэрбум доллараар босгосон улсыг 20 тэрбум доллараар нураасан байх шив дээ.

Энэ сөнөөгч сүйтгэгч үе дуусгавар болоход бүтээх, ачаа үүрэх цаг ирнэ. Тэр үеийг бид нуруундаа авч Монголоо босгоод Таны 95 насны ойгоор бэлэг баринаа.

Эрхэмлэн хүндэтгэдэг хайрт ахдаа чин сэтгэлийг гүн угаас баяр хүргэе. 2015.11.27

П.Дамдин гуайн хэвлэлд өгсөн ярилцлагыг эндээс уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж