Сум бүрт сан байгуулж, зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Сум бүрт сан байгуулж, зээл олгоно

-Жилд 250-300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хэрэгцээ байна.  Өөрөөр хэлбэл, тэр хэмжээний мөнгийг багтаах зах зээл бий болсон гэсэн үг юм-

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын Хөрөнгө оруулалт, төслийн хэлтсийн дарга Н.Галцогтой өнгөрсөн хоёр жилд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хийсэн ажлын талаар ярилцлаа.  

-Үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зорьсон Засгийн газрын зорилт биелсэн үү. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олгосон зээлийн үр дүн ямар байв?

-2009, 2010 онд нийтдээ 60,8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгосон. Энэхүү зээлийн хамгийн гол онцлог гэвэл орон нутагт  төсвийн эрх мэдлийг шилжүүлсэн нэг хэлбэр гэж хэлж болно. Аймаг орон нутаг бүрт нэг тэрбум гаруй төгрөг хуваарилж, түүнийгээ захиран зарцуулах эрхийг орон нутагт нь өгсөн гэсэн үг л дээ. Гэхдээ бид зээлийн хуваарилалт, хэрэгжилтэд жил бүр  мониторинг хийж ирсэн. Нийт 94 сумыг хамруулан шалгалт хийхэд 2010 оны зээлийн чанарт өмнөх жилийнхээсээ ахиц гарсан нь харагдсан.

-Үйлдвэрлэгч нарт багагүй хэмжээний хөнгөлөлт үзүүлж буй зээлийг зориулалт бусаар ашигласан тохиолдол мэр сэр гарсан гэсэн. Энэ талаар юү хэлэх бол?

-Зээлийг зориулалтаас гажуудуулсан тохиолдол тийм ч олонгүй. Нийт олгосон зээлийн 98 хувийг зориулалтын дагуу ашиглаж байгаа. Өнгөрсөн онд нийтдээ 41 зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн тооцоо гарсан. Үүний шалтгааныг бид бас судалсан. Зээлийг цаг хугацааны хувьд оройтуулж олгосон болон зах зээлээ буруу судалсан, бизнесийн эргэлтэд ашигласан зэрэг хэд хэдэн шалтгаан харагдаж байна. Ганц жишээ дурдахад нэг аж ахуйн нэгж  тариалалтад зориулж зээл хүссэн боловч хугацаа алдаж олгосноос зээлсэн мөнгөө услалтын системтэй болоход зориулсан тохиолдол гарсан. Үүнийг байж болохгүй зүйл гэж бид үзэхгүй байгаа. Журамд зааснаар бол зээлийн зориулалтыг өөрчилбөл буцаан татах ёстой. Гэвч бид одоогоор нэг ч зээлийг буцаан татаагүй. Аль болох үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого барьж байна.

-Жилд 30 тэрбум төгрөг гэдэг улсын хэмжээнд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд хүрэлцэхүйц хэмжээний мөнгө биш гэдэг нь харагдсан. Хэрвээ эх үүсвэр нь хүрэлцдэг бол үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинээр оруулж ирэх боломж маш их байна гэж үйлдвэрлэгч нар хэлж байсан?

-Тийм ээ. Зээлийн хэрэгцээ шаардлага маш их байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтдээ 11 мянга орчим иргэн, аж ахуйн нэгжээс 900 тэрбум төгрөгийн хүсэлт ирсэн. Энэ бол хэрэгцээ өндөр байгааг илтгэнэ. Ирүүлсэн хүсэлтийг нарийвчлан судлаад үзэхээр 5-6 хувь нь зээлд хамрагдаж байна. Хүмүүс янз бүрийн төсөл боловсруулж ирүүлдэг. Эдгээрээс боломжтой гэж үзсэн төслийг аваад үзэхээр жилд 250-300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хэрэгцээ байна.  Өөрөөр хэлбэл, тэр хэмжээний мөнгийг багтаах зах зээл бий болсон гэсэн үг юм. Төсөл бичиж буй хүмүүс барьцаа хөрөнгөө тавиад, үйл ажиллагаагаараа баталгаа гаргаад, хариуцлага хүлээн ажиллахаар зорьж буй шүү дээ. Тиймээс эдгээр хүмүүсийг бид их хайрлаж байгаа. Түүнчлэн өнгөрсөн хоёр жилийн туршлагаас үйлдвэрлэл эрхлэгчдэд сургалт их дутагдаж буй нь харагдсан. Үйлдвэрлэгчид бизнесээ эрхэлж зах зээлд гарах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, техник технологийн хувьд бусдаасаа давуу байхад сургалт зайлшгүй хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.

-Энэ онд Засгийн газраас хөнгөлөлттэй зээлд хөрөнгө мөнгө хуваарилахааргүй болсон.Тэгэхээр жижиг дунд үйлдвэр­лэлийг хөгжүүлэх ажлыг хэрхэн үргэлж­лүүлнэ гэсэн үг вэ?

-2011 онд улсын төсвийн хөрөнгөөс сум бүрт 50-80 сая төгрөгийн эх үүсвэртэй жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан байгуулахаар болсон. Үүнд нийтдээ 24 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан. Энэ мөнгийг хэрхэн яаж олгох хуваарийг Засгийн газар, яамд дээр хийж байна. Сумдад хуваарилсан мөнгө харьцангуй жижиг үйлдвэрлэл эрхлэгчдэд очно гэж бид тооцоолж байгаа. Сумдад сумын Засаг даргаар ахлуулсан дэд комиссыг байгуулан зээлийг олгох юм. Өнгөрсөн оноос эхлэн сум бүрт  жижиг дунд үйлдвэрлэл эрхэлсэн мэргэжилтэн ажиллаж байгаа. Тэд комиссын бүрэлдэхүүнд ажиллаж, аймаг, нийслэл рүү хандаж цаг алдалгүй эх үүсвэрийг шийдэх юм. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хоёр дахь эх үүсвэр нь өнгөрсөн хоёр жилд олгосон зээлийн эргэн төлөлт байна. Зээлдэгчдээс эргүүлэн төлж буй үндсэн зээл болон хүүний мөнгийг буцаан зээл болгож зах зээлд  гаргах юм. Түүгээр дунд хэмжээний төслүүдийг санхүүжүүлэх бодлого баримтална. Зөвхөн төсвийн хөрөнгөөр зээл олгохоос гадна  төсөл хөтөлбөр, бусад эх үүсвэрээс шийдэх боломжийг бид судалж байгаа. Тухайлбал, Японы хоёр үе шаттай зээлээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж 58 сая ам.долларын зээл олгохоор яригдаж байна. Үүнээс 10 гаруй тэрбум төгрөгийг энэ ондоо хөнгөлөлттэй зээлд зориулах болов уу гэсэн урьдчилсан таамаглал байна. Японы зээлийн эхний үе шатанд 40 орчим тэрбум төгрөгийн зээлийг 139 аж ахуйн нэгж байгууллагад олгоод байгаа. Голчлон томоохон үйлдвэрлэгчдэд уг зээл очсон байдаг. Харин энэ жилийн хувьд Японы зээлийг жижиг дунд үйлдвэрлэгч нарт зориулахаар тодорхой заасан.

-Өмнөх хоёр жилийн зээлийн эргэн төлөлт хэд орчим төгрөг төвлөрөх вэ. Эргэн төлөлтийн мөнгийг зээлдүүдэхэд ямар нэгэн өөрчлөлт орох уу?

-Нэг аймагт жилийн турш 247-270 сая төгрөгийн эргэн төлөлт орж ирэхээр байгаа. Харин ирэх оноос нэг аймагт 500 орчим сая төгрөг төвлөрнө гэж итгэж байгаа. Өнгөрсөн онд зарим нэг санаачлагатай аймаг эргэн төлөлтийн мөнгөө зээл болгон олгосон. Эргэн төлөлтөөс зээл олгоход цаг хугацааны хувьд л өөрчлөлт орж байгаа. Эхний жил гурван жилийн хугацаагаар зээл олгосон бол дараа жилд нь хоёр жилээр олгоно гэсэн үг л дээ.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж