Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан БНСУ-ын Намянжү хотын дарга И Сог Ү-г өчигдөр /2017.08.09/ хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Намянжү хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгч Ч.Пүрэв-Осор, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нийслэлийн Байгаль орчны газрын орлогч дарга С.Санжмятав, нөгөө талаас Намянжү хотын даргын гэргий Ким Хэ Сүг, Намянжү хотын Дотоод хэрэг аюулгүй байдлын газрын дарга Пак Гуан Гён, Нийгмийн халамж, соёлын харилцааны газрын дарга Ү Санг Хён болон бусад албаныхан байлцав. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “1998 онд найрамдалт харилцаа тогтоосноос хойш манай хоёр хотын харилцаа нийгмийн салбарт тэр дундаа соёл урлагийн салбарт өргөн хөгжиж ирсэн. Хоёр улсын найрамдалт харилцааг улам өргөжүүлэн, бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, БНСУ-ын олон хотуудтай найрамдалт харилцаатай байдаг. Цаашид хоёр хотын байгаль орчин, хөдөө аж ахуй, худалдаа эдийн засаг, боловсролын салбарын харилцаа улам өргөжин, мөн бусад салбарын харилцаа улам эрчимжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.