Жирэмсэн эмэгтэйг "тэмбүүтэй" гэж худал оношилжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.10-нд нийтлэгдсэн

Жирэмсэн эмэгтэйг "тэмбүүтэй" гэж худал оношилжээ

Жирэмсэн эмэгтэйг "тэмбүүтэй" гэж худал оношилжээ

-За, та тэмбүүтэй юм байна. Наашаа суугаадах. Одоо эмчилгээ хийнэ. Пенициллин 2.6 сая тунгаар нэг сарын турш тарих учраас 15:00 цагаас өмнө заавал ир-

Найман сартай бие давхар нэгэн эмэгтэй /Иргэн Х/ манай сонинд хандлаа. Тэрбээр эрүүл мэндийн хувьд хүүхдээ төрүүлэхэд ямар нэгэн асуудалгүй, зовиургүй байсаар найман сар болсон ба энэ хугацаанд эмчийн хяналтад байж, үзлэг, шинжилгээнүүдийг тогтмол өгч байжээ. Улмаар 2017 оны долоодугаар сарын 25-нд Чингэлтэй дүүргийн VI хорооны өрхийн эмнэлэгт ХДХВ/ДОХ, БЗХӨ-ий шинжилгээ өгсөн байна. Гэвч түүний шинжилгээний хариу эерэг гарч, тэрбээр тэмбүү хэмээх аймшигт өвчний халдварыг тээж байгаа гэсэн бичгийг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хүлээн авчээ. Бие давхар, хэзээ мөдгүй амаржих дөхсөн түүний хувьд энэ мэдээ тэнгэр нурахтай адил санагдсан ч яг яаж халдвар авснаа ерөөс ойлгоогүй аж. Учир нь түүний хувьд энэ нь хожуу төрөлт, өөрөө эрсдэлтэй алхам хийгээгүй, хийхээр ч хүн биш гэдгээ бидэнд хэлж байлаа.

Тэрбээр энэ хариуг сонссоны дараа яахаа мэдэхгүй зогсож байхад хариуцсан эмч нь “За, та тэмбүүтэй юм байна. Наашаа суугаадах. Одоо эмчилгээ хийнэ. Пенициллин 2.6 сая тунгаар нэг сарын турш тарих учраас 15:00 цагаас өмнө заавал ир. Би дараа нь ажилтай” гэж загнах, зандрахын хооронд хэлжээ. Гэвч дээр хэлсэнчлэн эл эмэгтэйн хувьд хожуу төрөлт, өөрөө эрсдэлтэй бүлгийн хүн биш, мөн учир мэдэх нэгэн тул яаран алхам хийлгүй шинжилгээний хариу баталгаатай эсэхийг лавласан байна. Мөнөөх эмч /өөрийгөө Доржпагма, Бэлгийн замын эмч гэж бидэнд танилцуулсан/ тэр дор нь лабораториосоо энэ талаар асуугаад “Чи яалт ч үгүй тэмбүүтэй юм байна. Манай лаборатори баталгаатай учраас эргэлзэх хэрэггүй. Одоо эмчилгээгээ хийлгээрэй. Та нар тэгээд алга болчихдог шүү” гэх хариултыг өгчээ.

Тиймээс иргэн Х шинжилгээний хариуг баталгаажуулахын тулд “Улаанбаатар Мед” эмнэлэгт шинжилгээ өгөхөд “Тэмбүүгүй” гэж гарсан байх юм. Гэвч энэ хариуг дээрх эмч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, “Хувийн эмнэлгүүдийн хариу угаасаа хэцүү. Манайх баталгаатай болохоор эмчилгээ хийхээс өөр аргагүй” гэжээ. Гэхдээ иргэн Х-гийн хувьд өөрийгөө халдваргүй гэдгийг мэдэж байсан тул дахин нягтлахаар ХӨСҮТ-д шинжилгээ өгөхөд мөн л “Тэмбүүгүй” гэсэн хариу гарсан аж.

Ингээд Х нэгдүгээрт, иргэний үүргээ биелүүлж, хоёрдугаарт, дахин ийм ноцтой алдаа гарахгүй байгаасай гэж хүссэн учраас бидэнд хандсан байна.

Тэрбээр “Энэ мэдээ надад маш хүнд туссан. Гэхдээ би асуудалд ул суурьтай, нухацтай хандах насанд хүрчихсэн хүн учраас яаран дүгнэлт хийгээгүй. Тиймдээ ч дахин нягталж, өөрийгөө эрүүл гэдгийг баталсан. Хамгийн гол нь миний шинжилгээний хариу яагаад тэгж гарав гэдэг нь анхаарал татаж байна. Би шинжилгээний сорьц, дээж, хариултыг сольсон байх гэж хардаж байна. Хэрвээ тийм бол тэмбүү өвчний халдвартай нэг хүн өөрийгөө эрүүл гэж бодсон, эсвэл бүр тэр талаар огт мэдээгүй явж байж таарна. Тиймээс халдваргүй гэх үл мэдэх нэг хүн дахин халдварлуулах, өвчнөө мэдэлгүй явсаар хүндрүүлэх маш том аюул эрсдэл байна. Би эсвэл бага залуу, хорь гаруйхан настай байж таараад ийм мэдээ, онош дуулсан бол хэт их цочирдож хүүхдээ болон өөрийнхөө эрүүл мэндийг хохироовол яах вэ. Залуу хүмүүс энэ тохиолдолд гэр бүлийнхээ хүнийг хардаж сэрдэж, эвтэй сайхан айлын амьдрал үрэгдэх ч магадлалтай. Үгүйдээ л би цааш нягтлалгүйгээр тэр эмчийн үг, онош хоёрт бүрэн итгээд тэр анибиотикийн хүчтэй эмчилгээг хийлгэсэн бол хүүхдэд маань яаж нөлөөлөх байсныг хүн бүр ойлгох байх. Иймд би хүний муу үзэх гэсэндээ биш, энэ бүх эрсдэл, аюул дахин бүү гараасай гэсэндээ сонинд хандаж байна” гэсэн юм.

Тиймээс бид энэ асуудлыг нягтлахаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж, холбогдох албаныхнаас дараах тодруулгыг авсан юм.

Н.Нямсүрэн: Алдаа гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна

Эхлээд тус эмнэлгийн Нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч дарга Н.Нямсүрэнтэй уулзаж, болсон явдлыг тайлбарлан, асуудлыг тодрууллаа. Тус эмнэлгийн удирдлагууд амралтаа авсан байж таарсан тул энд хүн хөл цөөн, эмч нарт ачаалал бага байлаа.

-Танай эмнэлэгт эрүүл хүнийг “Тэмбүүтэй” гэж оношилсон явдал гарчээ. Гэвч ХӨСҮТ, “Улаанбаатар Мед” эмнэлгийн шинжилгээ үүний эсрэг гарсан байна. Тухайн хүн үүнийг шинжилгээний сорьц, хариулт солигдсон байх гэж үзэж байна. Ийм тохиолдол ер нь гардаг юм уу?

-Андуурагдсан тохиолдол гарвал давтан шинжилгээ хийнэ. Ийм тохиолдол гарах нь бий. Гэхдээ цоо эрүүл хүнийг тэмбүүтэй гэж андуурах явдал маш цөөн гардаг.

-Тэгвэл тэмбүүгийн халдвартай нэг хүн бас шинжилгээ өгөөд тэр нь эрүүл хүнийхтэй солигдчихжээ. Энэ тохиолдолд халдвартай хүнийг олж тогтоох боломжтой юу?

-Бий. Шинжилгээ өгсөн хүмүүсийн бүртгэлд хаяг, утасны дугаар нь байдаг. Тиймээс яг тэр өдөр хэчнээн хүн өгсөн гэдгээр нь дахиж нягтлаад давтан шинжилгээ авна.

-Эрүүл эхэд пенициллин өндөр тунгаар, бүтэн сар тарихад урагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Мэдээж муу нөлөөтэй. Эх, ургийн аль алинд сөрөг нөлөөтэй. Харин эх тэмбүүтэй байгаа тохиолдолд энэ эмчилгээг хийснээр ургийг хамгаална.

-Одоо энэ хүнээс дахин шинжилгээ авах уу?

-Үүнийг манай лабораторийнхон мэдэж байгаа. Гэхдээ ХӨСҮТ-өөс сөрөг хариу гарсан бол түүнийг заавал баталгаажуулах шаардлагагүй.

-Тэгэхээр танай эмнэлгийн эмч, лаборантууд алдаа гаргасан гэж та үзэж байна уу?

-Би тухайн иргэний гомдол саналыг сонслоо. Мөн хоёр шатны эмнэлгийн шинжилгээний хариуг хараад манайх алдаа гаргасан байна гэж үзэж байна.

-Эмч нарын ажлын цаг хэдэд дуусдаг юм бол?

-Манай эмч нар хорогдуулсан цагаар ажилладаг болохоор нэг цагийн өмнө ажил дуусдаг.

Доржпагма: Манай лаборантууд харааныхаа мэдрэмжээр хариу гаргадаг

Бид эмнэлгийн орлогч даргатай уулзсаны дараа ХДХВ/ДОХ, БЗХӨ-ий эмч Доржпагмаас цөөн асуултад хариулт авсан. Тэрбээр иргэн Х-г тэмбүүтэй гэж оношлон, эмчилгээ зааж өгсөн их эмч ажээ. Болсон үйл явдлын талаар ярихдаа бурууг өөрөөсөө түлхэж, лаборант, эмнэлгийн дарга нар руу хандуулж байв. Энэ талаар тэрбээр “Надад бол ямар ч хамаа байхгүй. Би энэ хүний шинжилгээний хариуг лабораториос асуухад яах аргагүй тэмбүүтэй л гэж гарсан байсан. Лабораторийн эрхлэгч эмч гэж бий. Тэрнээс асуу. Тэгээд ч наадхыг чинь буруу тавиад ийм хариу гарчихсан ч байж болно. Бид лабораторийн ажлыг мэдэхгүй шүү дээ. Одоохондоо манайх лабораторийн эмчгүй байгаа. Тэгээд лаборант чинь өөрийнхөө харааны мэдрэмжээр оношлоод явж байна” гэв.

Бүхэл бүтэн Эрүүл мэндийн төвийн ХДХВ/ДОХ, БЗХӨ хариуцсан эмч хүн ийм хариулт хэлээд зогсож байх нь энэ салбарын үйл ажиллагаа хэр түвшинд байгааг харуулж байна. Тэрбээр бидэнд хариулт өгч байхад компьютер дээр нь “Фэйсбүүк” хуудас асаалттай, харин үүдэнд нь хүмүүс хүлээгээд зогсож байлаа.

Мэдээж ганц хүний үг, үйлдлээр бүх эмч нарыг харлуулж болохгүй ч Эрүүл мэндийн яам болон А.Цогцэцэг сайд энэ асуудлыг анхаарлынхаа гадуур өнгөрүүлж болохгүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. ХДХВ/ДОХ, бусад БЗХӨ-ий халдвар нь манайх шиг цөөн хүн амтай улсад мөхлийн нэгэн дохио яах аргагүй мөн.

Гэтэл эрүүл хүнийг тэмбүүтэй, халдвартай нэгнийг нь эрүүл гээд явуулчихдаг газар байна. Иргэн Х-гийн хэлсэнчлэн, халдвартай гэдгээ мэдээ ч үгүй яваа хүний шинжилгээний хариу эрүүл хүнийхтэй андуурчихвал цаана хэчнээн их эрсдэл гарахыг бодохоос ч эвгүйцмээр. Адаглаад гэр бүл тогтворгүй, хөнгөн явдалтай нэгэн бол тэр өвчнийг цааш тараагаад, бусдад халдварлуулах эрсдэлтэй. Мөн өвчтэй гэдгээ мэдэлгүй явсаар бүр хүнд шатанд нь хүргэж, нэг насаараа эрүүл мэнд, гоо сайхан, цаашилбал амь насаараа хохирохыг үгүйсгэхгүй.

Нөгөөтэйгүүр, эрүүл хэрнээ тэмбүүтэй гэх худал хариу авсан хүний ар гэр, сэтгэл санаа, эрүүл мэндэд том цохилт болж тусах нь гарцаагүй. Хар сэртэй нэгэн нь үүнээс болж гэр бүлээ бусниулах ч магадлалтай. Үгүй ядаж эрүүл хэрнээ тэмбүүгийн эмчилгээ хийлгэхээр эрүүл мэндээрээ хэрхэн хохирох бол. Тиймээс энэ бүх эрсдэлээс сэргийлж, нийтэд анхааруулахаар энэ мэдээллийг бэлтгэлээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж