Олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөр тэнцсэн долоон улсын есөн залуучууд энэ сарын 7-10-ны өдрүүдэд Монгол Улсын түүх, хэл, соёлын хичээлд хамрагдаж, Улаанбаатар хотод буй түүхэн дурсгалт газруудтай танилцлаа.
Тэд өнөөдөр хөдөө орон нутгийн зорьж, монгол ахуйтай танилцах ажээ. Тэдэнд салбартаа тэргүүлэх, эрдэмтэн судлаач, багш нар зөвлөж, тусалж байна.
Богд хааны ордон музей
Монголын түүхтэй салшгүй холбоотой түүхэн дурсгалт газар бол Богд хааны ордон музей. 1639-1924 он хүртэл 285 жилийн хугацаанд Монголд “Богд хаан” гэж нэрлэгдэх амьд бурхан үе улиран найман хүн амьдарч байв. Богд хааны ордон музей бол VIII Богдын өвлийн ордон болон сүм хийд юм. Хийд нь 1893-1903 оны хооронд баригдсан долоон ордноос бүтнэ.
Монголын бурханы шашинтны төв – Гандантэгчилэн хийд
Мэгжиджанрайсаг сүм нь 1911 оны үед баригдсан. Тухайн үеийн Нийслэл хүрээний хамгийн өндөр барилга байв. Сүмийн дотор 27 метр өндөр Мэгжиджанрайсаг бурхан их шүтээн нь байдаг.
Монголын оюун ухааны музей
Монголын оюун ухааны музей нь 1990 оны наймдугаар сарын 13-нд байгуулагдсан анхны хувийн музей билээ. Музейд монгол үндэсний 15 төрлийн тоглоом наадам бүрэн хэмжээгээр тавигдсан байна. Тоглоом наадам гэдэг нь үндэсний соёл, иргэншил, улс орны хөгжилд хүчтэй нөлөөлж чадахуйц философи, математик, техник сэтгэлгээг тусгасан бүх насны хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ болсон сургалт хүмүүжлийн гол хэрэгсэл юм. Улс орны ирээдүйн хөгжлийг хүүхдээр нь, хүүхдийн ирээдүйг тоглож нааддаг тоглоомоор нь шинжиж тодорхойлдог гэж эрдэмтэд үздэг.