3-5 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хэзээ бүртгэх вэ?

Хуучирсан мэдээ: 2017.08.10-нд нийтлэгдсэн

3-5 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хэзээ бүртгэх вэ?

3-5 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хэзээ бүртгэх вэ?

-3-5 насны хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд харьяаллын цэцэрлэг дээрээ уламжлалт аргаар бүртгэнэ-

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийг энэ жилээс эхлэн цахимаар бүртгэхээр болсон. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 25-нд эхэлсэн ба энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Долоо хоногийн өмнө нийслэлийн Боловсролын газраас мэдээлснээр 17649 хүүхэд буюу 45 хувь нь цахим бүртгэлд хамрагдаад байна. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдийн хүүхдийг наймдугаар сарын 10-аас эхлэн цэцэрлэг дээр нь нэгдсэн журмаар багш ажилтнууд бүртгэж өгч, туслах юм байна.

Элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр наймдугаар сарын 25-ны өдөр 10 цагт санамсаргүй сонголтын аргаар онлайнаар элсэлтийг зохион байгуулна. Санамсаргүй сонголтын аргаар тухайн хүүхэд сонгогдсон, эс сонгогдсон талаарх мэдээллийг эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утсанд мессежээр хариу илгээх юм. Эцэг, эхчүүд хүүхдээ элсэж орсон эсэхийг цэцэрлэг дээр нь очиж, лавлах шаардлагагүй бөгөөд цахим системээс харах боломжтой юм.

Харин өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан болон тухайн цэцэрлэг нь 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг энэ сарын 21-24-ний өдрүүдэд уламжлалт аргаар цэцэрлэг тус бүр дээр зохион байгуулна. Түүнчлэн тухайн цэцэрлэгийн онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг энэ сарын 21-24-ний өдрүүдэд мөн уламжлалт аргаар зохион байгуулна.

Цахим бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт, хариулт

Сонгон шалгаруулалт хэзээ болох вэ ?

Нийслэлийн Боловсролын газраас элсэлт авах тооноос давсан хүүхэд бүртгүүлсэн бол тухайн цэцэрлэг дээр сонгон шалгаруулалт буюу сугалаа явагдана. Элсэлтийг тухайн цэцэрлэгт нийт бүртгүүлсэн хүүхдүүдээс санамсаргүй сонголтын аргаар авна. Элсэлт явуулах өдөр нь 2017 оны 08 сарын 25-ны 10 цагт эхлэнэ. Системээр санамсаргүй сонгогдсон хүүхдүүд цэцэрлэгтээ элсэн орно. Мэдээллийн сувгуудаар болон вэб сайтаар олон нийтэд элсэлтийн талаар мэдээллийг нээлттэй зарлана.


Цэцэрлэгт орох хүсэлтийг цахимаар илгээхэд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

Цахим бүртгэлийн системийн ‘БҮРТГЭЛ’ цэсэнд хандаж, хүүхдийн регистрийн дугаарыг оруулан хайх товч дарснаар таны хүүхдийн хувийн мэдээлэл болон орж болох цэцэрлэгүүдийн жагсаалт гарч ирнэ. Холбоо барих утасны дугаарыг бүртгүүлэн баталгаажуулснаар таны хүүхэд сонгон шалгаруулалтад оролцох боломжтой болно.


Цэцэрлэгийн цахим бүртгэлийн системд хэдэн настай хүүхэд бүртгүүлэх вэ?

Цэцэрлэгийн цахим бүртгэлийн системд 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс 12 сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдүүд бүртгүүлэх боломжтой.


2014 онд төрсөн хүүхэд хэзээ бүртгүүлэх вэ?

3-5 насны хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд тухайн цэцэрлэг дээрээ уламжлалт аргаар бүртгүүлнэ.


Би өмнөх оршин суугаа хаягийн шилжүүлгээ 2015 онд хийлгэсэн. Гэтэл миний хүүгийн хаяг хуучин хаягийн мэдээлэл байна. Хэрхэн одоо байгаа хаягийн харьяалагдах цэцэрлэгт бүртгүүлэх вэ?

Таны хүүхдийн оршин суугаа хаяг шилжээгүй байх магадлалтай. Иймд оршин суугаа Хорооны улсын бүртгэгчид хандаж хүүхдийн оршин суугаа хаягийн шилжилтийг хийлгэнэ үү.

Т.МӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж