Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх цалин олгоно

Хуучирсан мэдээ: 2017.08.09-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх цалин олгоно

Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх цалин олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны наймдугаар сарын 9-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн хангамж, хамгаалалтын талаар хэлэлцэж Засгийн газрын тогтоол баталлаа.

Холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид 2017 оны долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн насан туршид нь тухайн үеийн Засгийн газрын гишүүний цалинтай тэнцэх сул цалин олгож, санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгахыг Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарт үүрэг болголоо.

Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш дөрвөн жилийн хугацаанд тодорхой зэрэглэл бүхий төрийн хамгаалалтад байх бөгөөд холбогдох зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж явахыг Сангийн сайд, ТЕГ-ын дарга нарт даалгалаа.

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр сайд нарт үүрэг өглөө

Засгийн газрын хуралдаанаар 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар холбогдох сайд нарын танилцуулгыг сонсч Монгол Улсын Ерөнхий сайд дараахь үүргийг өглөө.

  • Бүх шатны сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засварын ажлыг есдүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусгахыг БСШУС-ын сайдад,
  • Эрчим хүчний засвар үйлчилгээг дуусгаж, эрчим хүч, дулааны доголдолгүй ажиллах бэлтгэлийг хангахыг Эрчим хүчний сайдад,
  • Ургацын урьдчилсан балансыг зөв гаргаж, түүн дээрээ зөв анализ хийж ажлаа төлөвлөх, гантай зуны үр чанартай байдаг учир ирэх жил тариалах үрийн нөөцийг 100 хувь дотоодоосоо хангахаар нөөцлөхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад,
  • Отрын бүс нутгуудыг зөв төлөвлөх, малын тэжээлийг хангалттай хэмжээгээр бэлтгэх, мах экспортлох ажлын бэлтгэлийг эрчимжүүлэх, дотоодод борлуулах махны зах зээлийг бэлтгэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хэрвээ халдварт өвчин гарсан тохиолдолд тухайн малчин хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд тавих хяналт, хүлээх хариуцлагыг чангатгаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад,
  • Бүх аймгийн Засаг дарга нарын нэгдсэн цугларалт хийж, өвөлжилтийн бэлтгэлийг хангахад орон нутагт тулгарч байгаа хүндрэлийг шийдэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад,
  • Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр хариуцсан салбар бүртээ шуурхай хуралдаан хийх, шаардлагатай бол газар дээр нь ажиллахыг Засгийн газрын бүх гишүүдэд тус тус үүрэг болголоо.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн эрт илрүүлэг шинжилгээнд 230 гаруй мянган хүн хамрагдаад байна

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор санхүүжилтийг шуурхай шийдвэрлэж ажиллахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарт даалгав.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжээд гурван сар болж байна. 2017 онд эрсдэлт бүлэг болох 40-65 насны 510 мянга гаруй иргэдийг В, С вирусын илрүүлэг шинжилгээнд оруулахаар төлөвлөснөөс 230 мянга гаруй нь хамрагджээ. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн 17,5 хувь нь вирусын халдвартай гэсэн мэдээлэлтэй байна.

“Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг баталлаа

“Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөр баталж, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, мэргэжил арга зүйн удирдлага зохицуулалтаар ханган, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгалаа.

Манай орны нутаг дэвсгэрт 60 гаруй төрлийн жимс, жимсгэнэ ургадаг, эрдэмтэн судлаачид олон төрлийн жимс жимсгэнийг тариалж нутагшуулах, үржүүлэх, агротехникийг боловсруулан шинэ сорт гаргах, үйлдвэрлэлийн аргаар боловсруулах технологийг хөгжүүлж байна. 2016 оны байдлаар жимст цэцэрлэгийн хэмжээ 6,1 мянган га талбайд хүрч, жилд 2560 тн жимс хураан авдаг болсон хэдий ч жимс жимсгэний дотоодын үйлдвэрлэл нь хүн амын хэрэгцээт жимсний 1,5 хувийг хангаж байна. Мөн Япон, БНСУ, Тайвань, Герман, Сингапур, Малайз зэрэг оронд чацаргана экспортолж эхэлсэн амжилтыг бататган үрийн тос, биологийн идэвхит бодис, цай, тэжээлийн зориулалттай хатаасан навч зэрэг шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чацарганы үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан, хүн амыг амин дэм бүхий жимс жимсгэнээр ханган, экспортын орлогыг нэмэгдүүлнэ гэсэн зорилтыг үндэслэн боловсруулсан байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр,

  • Жимс жимсгэний тариалалт нэмэгдэнэ
  • Хэрэгцээт жимс жимсгэний 15 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангана
  • Орон нутагт ажлын байр бий болно.
  • Импортын жимсний хэмжээ буурч, экспортын бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрөл нэмэгдэнэ.
  • Цэцэрлэгт талбай нэмэгдсэнээр хот, суурин, орон нутгийн байгалийн үзэмж сайжирч, бичил уур амьсгалын орчин, ургамал амьтан амьдрах таатай нөхцөл бий болох, хөрсний элэгдэл, эвдрэл доройтлыг бууруулах, элсний нүүдлийг зогсооход эерэг нөлөө үзүүлэхээс гадна орон нутагт ногоон аялал жуулчлал хөгжиж, тухайн газар нутгийн үнэ цэн, иргэдийн орлого нэмэгдэнэ зэрэг үр дүн гарна гэж тооцжээ.

Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр нас баралт 10 хувиар буурна

“Орчны эрүүл мэнд” үндэсний хоёр дахь хөтөлбөрийг баталлаа. Хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг тандан судалж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх замаар орчны сөрөг нөлөөллийг бууруулж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх хүрээнд дараах долоон зорилтыг тусгажээ.

Үүнд:

  • Агаарын чанарыг сайжруулах, агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах
  • Хүн амын ундны усны аюулгүй байдлыг сайжруулах, хөрсний бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах
  • Орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцоог бүрдүүлэх
  • Уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд учирч болох аюул эрсдэлийн үед хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх
  • Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах
  • Орчны бохирдлоос үүдэлтэй химийн бодисын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тандан судлах гэсэн зорилтыг тусгаж, 2017-2020 онд төлөвлөн хэрэгжүүлэх юм байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүн амын оршин суугаа орчны газар, ундны усны чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүд сайжирч, хөрсний бохирдлын түвшин буурч, орчны бохирдлын шалтгаант өвчлөл, нас баралтыг 10 хувиар бууруулахаар зорьж, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх 28 шалгуур үзүүлэлтийг боловсруулжээ.

Товч мэдээ

  • “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ энэ сарын 11-13-нд ОХУ-ын Москва хотноо болох Олон улсын цэргийн наадмын хаалтын ёслолын ажиллагаанд оролцоно гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж