“Сум контактгүйгээр тэсэрдэггүй”

Хуучирсан мэдээ: 2017.08.09-нд нийтлэгдсэн

“Сум контактгүйгээр тэсэрдэггүй”

“Сум контактгүйгээр тэсэрдэггүй”

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо нутагладаг малчин суманд өртөж өөд болсон хэрэг саяхан /2017.08.04/ гарсан. Хамт явсан нэг нь Цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэрхүү ослоос өмнө Тавантолгойн сургалтын төвд хоёр ч удаа осол гарч, цэрэг, цагдаагийнхан өөд болж, зарим нь бэртэж гэмтсэн. Удаа дараа гарч байгаа ослын талаар салбарын сайд, ажил хариуцсан мэргэжилтний үгийг хүргэж байна. 


“Ослын асуудлыг ЗХЖШ хариуцна”

-Тавантолгойн бааз бол цэргийн сургалтын тусгай хэрэгцээний газар. Хууль журмын дагуу тусгай хэрэгцээний газарт иргэд орох, нутаглах ёсгүй юм. Гэтэл тус газарт ойрхон нутаглаж байсан иргэн сум олоод түүнийгээ чулуугаар нүдэж байгаад амь эрсэдсэн харамсалтай хэрэг саяхан гарлаа. Энэ тухай танилцуулга мэдээллийг мэргэжлийн байгууллагын хувьд Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/ бэлтгэж, холбогдох газарт танилцуулсан. Танилцуулгад дурдсанаар ЗХЖШ хийх, авах арга хэмжээг шат дараалалтай авч хэрэгжүүлсэн юм билээ. Орон нутгийн төр захиргааны байгууллагаас ч захирамж тушаалаа гаргасан хэдий ч иргэдээ тусгай хэрэгцээний газраас нүүлгэж чадаагүй өнөөдөртэй золгоод байна. Ослын шалтгаан болоод дүгнэлтийг холбогдох хууль хяналтын байгууллагууд гаргах байх.

-Таны тайлбараас Тавантолгойн асуудал ЗХЖШ-ын хариуцах ажил юм байна гэж ойлголоо зөв үү?

-2016 оны есдүгээр сарын 1-нд баталсан Батлан хамгаалахын тулгуур багц хуулиудаар батлан хамгаалах, зэвсэгт хүчин, цэргийн салбарын эрх үүрэг, харилцааг тодорхой журамлаж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн шүү дээ. Энэ хуулиар цэргийн мэргэжлийн дээд удирдлага нь ЗХЖШ, тус штабын дарга гэж заасан байгаа. Цэргийн салбарынхны сургалт, бэлтгэл, бэлэн байдал, сахилга, галт зэвсэг хэрэгслийг цэргийн мэргэжлийн дээд байгууллага хариуцахаар хуульчилсан. Харин захиргааны удирдлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч-Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Засгийн газар, салбарын сайд хариуцахаар заасан байдаг. Маш тодорхой заагласан зүйл л дээ. Олон түмэн, иргэд Батлан хамгаалах яамыг өмнөх мэргэжлийн удирдлагатай байх үеийнхээр ойлгоод байгаа нь буруу юм. Ж.Ёндон генерал, Ж.Авхиа генералын үеийнхээр төсөөлөөд байна. Одоо бол БХЯ бол цэргийн салбарт иргэний хяналтыг тавих, хэрэгжүүлэх үүрэгтэй иргэний байгууллага, сайд болсон гэдгийг тодотгоё.

-Удаа дараа гарч буй ослоос үүдэн Тавантолгойн сургалтын төвийг нүүлгэх шаардлагатай юм болов уу гэж бодогдож байна. Өмнө нь хотоос нэлээд алс нутаг байсан бол одоо суурьшлын бүсэд ойртчихоод байна бус уу?

-Тавантолгойн сургалтын төв бол олон арван жил ашиглаж байгаа газар. Арми өргөн бүрэлдэхүүнтэй байх үеийн сургуулилт одоогийнхоос ч олон удаа явагддаг байсан. Үүнээс үүдэн цэрэг армийнхны хэрэглэж байсан зүйлс газрын хөрсөнд булагдсан дарагдсан байх магадлал өндөртэй газар. Зөвхөн Тавантолгой гэлтгүй Дорнодын Халх гол, Говь-Сүмбэрийн нутагт ч сум, хонгио, цэргийн бусад хэрэгсэл газрын гүнээс үе үе гарч ирэх нь бий. Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш иргэд ашиг хонжоо харах үүднээс төмрийн хаягдалд өгөх зорилгоор тэсэрч дэлбэрэх зүйлсийг түүх, хайх тохиолдол олонтаа гарч байсан. Тиймээс манай цэрэг армийнхан мэргэжлийн сапёрчид хайгуул, устгалын бүлэг ажиллуулдаг. Галт зэвсэг ашиглан сургуулилт хийсэн тохиолдол болгоны дараа хайгуул устгалын бүлэг ажиллуулж, хаягдаж гээгдсэнийг хянадаг. Гэсэн хэдий ч саяхан харамсалтай хэрэг гарлаа.

Тэглээ гээд цэрэг армийн сургалтын төвүүдийг нүүлгэнэ гэдэг амаргүй. Хөрөнгө санхүүгийн асуудал л яригдана шүү дээ. Тавантолгойн полигоныг л гэхэд хашаажуулах тухай яриа аль социализмын үед ч яригдаж байсан. Харин хийж амжаагүй. Сургалтын төв 32 км урттай, 12,5 км өргөнтэй газар нутгийг хамардаг. Тэр их газарт хашаа татна гэхээр хэдий хэрийн хөрөнгө зарах билээ. Тиймээс иргэд гаргасан хууль журмын дагуу тусгай хамгаалалттай газар нутаг руу очихгүй, тэнд нутаглахгүй байх ёстой.

Өнгөрсөн хавар болсон зенитийн буудлагын сургуулилтын үеэр би Тавантолгойд очсон. Галт сум хэрэгсэл ашиглан буудаж байх үед хоёр машинтай иргэд буудлагын талбай руу хэнэг ч үгүй явчих жишээтэй. Өмнө нь иргэдэд сануулсаар, зөвлөсөөр байтал яваад өгч байгаа юм. Үүнээс болж төлөвлөсөн сургуулилтыг хоёр цаг зогсоож иргэдийг нэвтрүүлсэн.

Талийгаач нүүх ёстой гэдгийг мэдэж байжээ 

-Тавантолгойн сургалтын төвд гарсан ослын шалтгааныг ЗХЖШ-ын зүгээс хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Манай зэвсэгт хүчинтэй холбоотой хоёр осол энэ жил гарсан. Эхний ослын дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас ирүүлээгүй байна. Сүүлд гарсан ослын тухайд иргэн хүний өөрийнх буруутай үйл ажиллагаанаас болсон осол л доо.

-Сум олоод чулуугаар нүдээд сууж байна гэхэд итгэмээргүй л сонсогдоод байгаа юм даа?

-Сум хэзээ ч контактгүйгээр тэсэрдэггүй л дээ. Би өөрөө их буучин хүн шүү дээ.

-Их бууны сум байсан хэрэг үү?

-Тэр төрлийн л сум. Цагдаагийн байгууллагаас нарийвчилсан дүгнэлтийг удахгүй гаргана. Хоёрт гэвэл Тавантолгой орчимд нутаглаж буй айлуудад бид жил болгон шаардах бичиг өгдөг. Алтанбулаг сумын Засаг дарга ч айлуудыг тусгай хамгаалалттай газраас нүүлгэх тухай захирамжаа гаргаад иргэддээ хүргүүлсэн байдаг. Талийгаач тэр шаардлагыг нь аваад гарын үсэг зурсан байна лээ.

-Тэнд нутагладаг хүн байх нь ээ?

-Ойролцоо нутагладаг айл юм билээ.

-Эндээс Тавантолгойн сургалтын төв хотод хэтэрхий ойрхон байна уу гэж дүгнээд байгаа юм?

-Ойрхон биш. Тавантолгойн сургалтын төв Улаанбаатараас 50 км-ийн алсад байршдаг. Харин иргэд, айл өрх тусгай хамгаалалттай бүс рүү хамаагүй ойртож, халдаад байгаа хэрэг.

-Тэгэхээр Тавантолгойг нүүлгэх шаардлагагүй гэж үзэж байна уу?

-Тийм. УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалтад авчихсан газар нутаг. Тиймээс хууль журмыг мөрдөн тэнд иргэд дураар нэвтрэхгүй байх учиртай гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж