Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Тоондоо биш чанартаа

-Нутаг бүрт өөр өөрийн онцлог бий. Сэлэнгэ, Дарханыхан монгол үрийн хүнсний ногоогоороо гайхуулдаг бол Завханыхан “Сармай дээлт” чихрээ брэнд болгож болно шүү дээ-

Энэ уг нь улиг болсон хэллэг л дээ. Гэвч дахиад л хэлмээр санагдаад болдоггүй. Өнөөдөр монголчууд бараг бүгдээрээ компанитай болсон гэвэл нэг их хол зөрөхгүй. Харин тэдгээр компани, аж ахуйн нэгжээс хэд хичнээн нь амжилттай сайн ажиллаж байна вэ гэвэл өөр тоо гарна. Тэр дундаа хувийн хэвшилд тооны хувьд давамгайлж байдаг жижиг дунд үйлдвэрүүдийн хувьд байдал тийм ч сайнгүй байна. Сүүлийн хоёр жилд төр засгийн ч, түмэн олны ч хараа жижиг дунд үйлдвэр рүү хандсан хэдий ч татвар төлөгчдийн тоонд эерэг нөлөө харагдаагүй нь гайхалтай. Төсөв бүрдүүлэлтэд томоохон аж ахуйн нэгжүүд онцгой үүрэгтэй хэвээр байгаагийн дээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн 80 хувь нь ес хүртэлх ажилтан, ажиллагсадтай байна. Мөн тэдний 83 хувь нь худалдаа үйлчилгээний салбарт  хүчин зүтгэж байгаа нь эх орондоо нэмүү өртөг шингээхэд жижиг дундчуудын оролцоо тун нимгэхэн байгааг харуулна. Чухам тиймээс л жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоог өсгөх бус хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, зах зээлд өрсөлдөх чадварыг нь дэмжих өөрөөр хэлбэл тооноос илүү чанарыг чухалчлах талаар ярилцмаар санагдаад байгаа юм. Улсын хэмжээнд жил бүр таван мянга гаруй аж ахуйн нэгжээр ам бүл нэмдэг ч тэн хагастай тэнцэх хэмжээний аж ахуйн нэгж хаалгаа барьж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид даль жигүүрээ дэлгэхэд саад болж буй хамгийн эхний хүндрэл нь хөрөнгө санхүүгийн дутмаг байдал аж.  Тэдний хувьд хөрөнгө мөнгө босгох гол эх үүсвэр нь арилжааны банкны зээл байгаа ч зээлийн хүү өндөр, барьцаа хөрөнгөгүйн улмаас санасан хэмжээний зээлээ авч чаддаггүй байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн 70 орчим хувь нь байнгын санхүүгийн бэрхшээлтэй учирдаг байх юм. Сүүлийн хоёр жилд 60,8 тэрбум төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэгч нарт зориулсан хэдий ч хаанаа ч хүрээгүй гэдгийг албаны хүмүүс ч үгүйсгээгүй. Түүнчлэн жижиг биз­несээ томруулахад мэдлэг боловсрол юу юунаас чухал гэдгийг зовлонг нь биеэрээ мэдэрсэн хүмүүс хэлж байна. Компанитай л болчихвол бүгд “ок” гэж ойлгосон ч хамаг бэрхшээл ард нь байдаг юм байна гэх бизнесменүүд цөөнгүй. Захирал, нягтлангууд нь  өөрсдөө боловсрон хөгжлөө ч үйлдвэрлэлийг нь үүрч дүүрэх мэргэжилтэй ажилчин олно гэдэг өвсөн дундах зүүг хайхтай  адил болсон байна. Шинэ техник технологийг эзэмшин нутагшуулахаас эхлээд итгэл даан ажиллах тал дээр монголчууд тааруу үнэлгээтэй байд­гаас зам, барилгын ажилд голчлон хята­дуудыг авч ажиллуулахаас аргагүйд хүрдэг аж.

Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч­дийг чөдөрлөж, шантрахад хүргэдэг нэг хүчин зүйл нь төрийн байгууллагаас бизнес эрхлэгчдэд үзүүлж буй үйлчилгээний хүнд суртал гэж судалгаанд оролцогчид хэлжээ. Дээд шатны байгууллагаас гаргасан дүрэм, журам дунд шатандаа давхцахын дээр орон нутгийнхан бас нэг өөрийн гэсэн “хууль” боловсруулчихдаг нь жижиг дунд үйлдвэрийнхнийг халаас хотоо уудлан эрх мэдэлтэнд барихад хүргэдэг байна.
Цөөн хэдэн хүнсний үйлдвэрийг эс тооцвол ихэнх үйлдвэр аж ахуйн газрууд нийслэл хот болон Дархан,Эрдэнэтийг бараадан бий болсон нь хүн амын төвлөрөл, зах зээлийн багтаамжтай холбоотой нь мэдээж. Гэвч нутаг орон бүрт өөр өөрийн онцлог бий. Сэлэнгэ, Дарханыхан монгол үрийн хүнсний ногоогоороо гайхуулдаг бол Завханыхан “Сармай дээлт” чихрээ брэнд болгож болно шүү дээ. Говийн гоёо, ингэний хоормог, буурын бохь, Хангай нутгийн сарлагийн ноос, Дорнодын буриад дүнзэн байшин, талх, зөөхий, Баян-Өлгийн каз, оёмол хатгамал  гэхчилэн ховор нандинд тооцогддог хүнс, бараа бүтээгдэхүүнийг тоочоод баршгүй. Энэ бүгдийг өөр өөрийн аймаг сумандаа брэнд бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж болохгүй гэж үү. Тэгж байж л төвд төвлөрсөн олон үйлдвэрийн тоо буурч, чанартай үйлдвэрлэл хөгжих биш үү.

М.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж