Э.Амартүвшин: Оргил руу зүтгэнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.09-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин: Оргил руу зүтгэнэ

Э.Амартүвшин: Оргил руу зүтгэнэ

Ярилцлагын эхэнд Италийн Арена театрын “Өглөөний сонин”-д нийтлэгдсэн нэгэн нийтлэлээс сонирхуулахыг хүслээ. “Монгол Улсын залуу баритон Э.Амартүвшин дөнгөж 30 настай боловч “Риголетто” дүрийн нууц далд санаа, онцлог болгоныг хэдийнээ таньж мэдсэн мэт санагдлаа. Дуурийн гол дүрийн хамгийн зовж шаналсан хэсгүүдийг тодотгосон дуулалтын үг хэллэг, дуудлага нь төгс байсан бөгөөд маш их гашуудан эмгэнэж буй эцэг хүний дүрийг гайхалтай бүтээж, үзэгчдийн талархлыг хүлээн, нижгэнэсэн алга ташилтыг зүй ёсоор хүртлээ’ хэмээн Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын Элч дуучин Энхбатын Амартүвшингийн талаар нийтэлжээ. 

Ийнхүү тал нутгийн хүү Э.Амартүвшин өнгөрөгч долдугаар сард Италийн хамгийн эртний алдартай задгай тайз болох Верона хотын Аренад Ж.Вердийн суут бүтээл “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрд дуулж, дуурийн эх орныг бишрүүлээд иржээ. Ингээд түүний ярилцлагыг хүргэе. 

-Эх орондоо ирээд удаагүй байгааг тань дуулсан. Бидэнтэй цаг зав гарган ярилцаж байгаад баярлалаа?

-Юуны өмнө NEWS агентлагийн уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би өнгөрөгч долдугаар сарын 29-ний өдөр эх орондоо ирлээ. Монголдоо ирээд арваад хонож байна даа.

-Таны хувьд өнгөрсөн долдугаар сард Италийн Верона хотын алдарт задгай театрт Ж.Вердийн ‘Риголетта" дуурийн гол дүрд дууллаа. Энэ дуурьд дуулсан анхны монгол дуучин болж шанг татлаа шүү дээ?

-Би дэлхийн хамгийн том задгай театр болох Италийн Верона хотын Арена театрын тайзнаа Ж.Вердийн суут бүтээл “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрд дуулсан. Арена театрт зун болгон фестиваль болдог. Уг фестивалийн үеэр жил бүр таван дуурийг тоглодог. Энэ жилийн хувьд Аренад “Тоска”, “Риголетто”, “Набукко”, “Чио Чио Сан”, “Аида” гэсэн таван дуурийг тоглосон. Миний хувьд анх удаагаа Италийн алдарт задгай театрт очиж дууллаа. Би нийт таван тоглолтын эхний хоёр тоглолтод дуулсан. Миний дараагийн хоёр тоглолтыг Испанийн алдарт баритон Карлос Алварез хэмээх дуучин дуулсан. Хамгийн сүүлийн тав дахь тоглолтыг Лео Нуччи хэмээх домог болсон 76 настай дуучин дууллаа. Бидний л багад харж, бахархаж, сонсож байсан дуучинтайгаа хамт нэг тайзнаа тоглосон нь цаашдын карьерт маань маш чухал үүрэг гүйцэтгэсэн.

“Монгол Улсын 30-хан настай залуу дуурийн дуучин анх удаа Ж.Вердийн суут бүтээл “Риголетто” дуурийг дэлхийн алдартай задгай театрт 15 мянган үзэгчийн өмнө дууллаа” хэмээн Итали улсад маш их шуугиан тарьсан. Мэргэжлийн судлаач, шүүмжлэгчдийн зүгээс ч гэсэн өндөр үнэлгээ авсан. Миний хувьд амьдралынхаа нэг том давааны ард гарсандаа баяртай байна.

-Италийн Верона хотын алдарт Арена задгай театр нь 15 мянган хүний суудалтай асар том театр. Энэхүү дээрээ дээвэргүй театрт олон мянган үзэгчдийн өмнө дуулах нь дуурийн дуулаачдын ур чадварыг илтгэдэг биз?

-Италийн Верона хотод жуулчид маш их ирдэг. Тэр дундаа жуулчид Арена задгай театрыг үзэх гэж зорин ирдэг юм. Алдарт Арена задгай театрын тайзнаа эрт үеэсээ дэлхийн дуурийн урлагийн том одод дуулж байсан гайхамшигтай, алдартай тайз. Тийм учраас тэр сайхан сонгодог дуурийг сонсох гэж олон ч хүн очдог. Задгай театрт 15 мянган хүн дүүрэн сууж, үзэх боломжтой юм билээ. Тэнд сүүлийн үед дэлхий дуурийн урлагт нэрд гарч буй дуурийн дуучидтай хамтран дуулсан. Найруулагч нь өнгөрсөн жилийн Италийн Сан Карлогийн театрт найруулагчаар ажиллаж байсан Италийн шилдэг найруулагчдын нэг Иво Гуэрра найруулан тавьсан.

Арена бол хэмжээний хувьд маш том. Дээвэргүй задгай учраас дуурийн дуучдын жинхэнэ техник, ур чадвар, хоолойн чадлыг шалгадаг газар байна лээ. Тэрийг би өөрийн биеэр, хоолойгоороо мэдрээд ирлээ. Энэ том давааг давах давахдаа нэлээд өндөр үнэлгээтэй давсандаа баяртай байна. Тоглолтын удирдаач нь хүртэл их мундаг удирдаач байсан.

-Ирэх арваннэгдүгээр сард Италийн Женова, Парма хотын дуурийн театрт дуулна гэсэн. Эх орондоо амарч аваад л Итали улсыг дахин зорих уу?

-Би одоо ирэх есдүгээр сарын 11-нд Италийг зорино. Тэгэхдээ дахин Наполи хотын Сан Карлогийн театрт Ж.Вердийн томоохон дууриудын нэг болох “Симон Боканегра” дуурийн гол дүрд дуулах гэж байна. Тэнд би 40 хононо. Үүний дараагаар Германы Берлин хотод монгол уран бүтээлчдийн хамтарсан концертод оролцоно. Тэгээд Италийн Падова хотод “Трубадур” дуурьт дуулах юм. Дахин 11 дүгээр сард түр Монголдоо ирнэ. Тэр хугацаандаа Улсын дуурь, бүжгийн эрдмийн театртаа ирж, “Тоска” дуурьт дуулна. Бас энэ үеэр Монголынхоо дуурийн урлагийг баруунд их өндөрт өргөж яваа Ж.Пуччинийн “Турандот” дуурийн гол дүрээр олноо танигдсан, Болгарт ажиллаж, амьдардаг дуурийн дуучин Д.Баясгалан урилгаар хүрэлцэн очих юм.

-Таны тоглолтын хуваариуд 2019 оныг хүртэл гарсан гэсэн. Тоглолтынхоо хувиараас танилцуулж болох уу?

  • 2017.11.20-ноос Италийн Женова, Парма хотод “Риголетто” дуурьт
  • 2017.1-2 дугаар сарыг дуустал Италийн Новара хотод анх удаа “Набукко” дуурьт
  • 2017.3-4 дүгээр сард БНХАУ-ын Шанхай хотод “Набукко” дуурьт
  • 2018.5 дугаар сард Италийн Сан Карлогийн театрт “Набукко” дуурьт
  • 2018.6-8 дугаар сард Аренад хоёр сар болж “Набукко” дуурьт 5-6 удаа, “Аида” дуурьт 3 удаа
  • 2018.12 дугаар сард Дубайн дуурийн шинэ театрт Италийн Палермогийн театртай хамтарч “Тоска” дуурьт
  • Мөн 12 дугаар сард Палермо хотод очиж “Риголлетто” дуурийн шинэ тавилтад
  • Мөн 12 дугаар сард Итали улсын Торино хотод бас “Риголлетто” дуурьт дуулах зэрэг маш завгүй 2019 он хүртэл тоглолтын хуваарь гарчихсан байна даа. Ирэх жил бараг Монголдоо байхгүй байх гэж бодож байна.

-Та нэгэн ярилцлагадаа “Би одоо л дэлхийн дуурийн дуучныхаа карьерыг эхлүүлж байна” гэсэн байсан. Одоо таны өмнө мөрөөдлийн театрууд тань нээлттэй болсон уу?

-Өнгөрсөн жил нь яриад л үлгэр шиг шууд биелчихгүй шүү дээ. Амар хялбар зүйл гэж хаана ч байхгүй. Маш их тэвчээр хатуужил, зориг, өөрийгөө дайчилж, ухаан зарсны үндсэн дээр л ийм амжилтад хүрч байгаа гэж ойлгодог. Би өмнө нь “мөрөөдлийн театрууд” гэж их ярьдаг байсан. Энэ театруудынхаа тайзнаа эхнээсээ дуулж байна. Цаашдаа улам л оргил руу зүтгэнэ. Хүний хүсэл хэзээ ч ханахгүй шүү дээ. Аажим аажмаар ахисаар байгаад тэр том оргил өөд гарахыг тэмүүлж явна.

-Таны дэлхийн тайзнаа дуулж буй бичлэг бараг байхгүй. Харин сүүлийн үед фэйсбүүк хуудсаараа дамжуулан сонгодог урлагт хайртай Монголынхоо үзэгчдэд бичлэгээ сонирхуулж байхыг харах боллоо?

-Миний фэйсбүүк хуудаснаа байршуулсан бичлэгүүд нь яг мэргэжлийн түвшний, албан ёсны бичлэг биш шүү дээ. Миний тоглолтыг гэр бүлийн хүн маань үзэгчид дундаас утсаараа хэсэгчлэн хийдэг. Энэ нь ор хоосон байснаас хамаагүй дээр л дээ. Гэхдээ ерөнхийдөө бол бүх газрууд албан ёсны бичлэг хийдэг. Зарим газраас бичлэгийг нь авах боломж бас байдаг юм билээ. Би яваандаа бүгдийн олж авна гэж бодож байгаа.

-Таны эхнэр Д.Туяагийн хувьд Италид дуурийн дуулаачаар суралцаж, Улсын дуурь, бүжгийн эрдмийн теартын гоцлол дуучин байсан хүн. Таны арын албыг хань тань бүрэн авч явах юм?

-Мэдээж ханийн маань түшиг байлгүй яахав. Хоёулаа явна гэдэг цаанаа л өөр шүү дээ. Хань маань их мэдрэмжтэй. Өөрөө мэргэжлийн дуулаачаар төгссөн болохоор дуугаралтын хувьд мундаг сонсогч, зөвлөгч болж байдаг. Хүнийг сайн сонсож, мэдэрдэг дуучид бас ховор шүү. Ханьтайгаа хамт явж байгаа болохоор бүхий л зүйл хамаагүй амар байна. Бид хоёр хэдэн жилийн дараахыг харж суугаагүй. Нэг л мэдэхэд суучихсан байсан.

Бид хоёр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн Нансалмаа, “Ламбугайн нулимс” дуурийн Лодон Цэрэнлхам, “Чингис хаан” дуурийн Чингис, Бөртэ, Хадаан, Чингисийн дүр гэх мэт олон сайхан дуурьт хамтран дуулж байсан. Одоо тэр мөчөөс үлдсэн зураг хөрөг бүгд бий.

-Бүхий л дуурийн дуу Итали хэл дээр дуулагддаг. Таны хувьд Итали хэлийг хэр сурч байна вэ? 

-Эхнэр маань Италид дуурийн дуулаачаар суралцаж байсан учраас хэлний асуудалд тусална. Миний хувьд ямар ч байсан ойлголцох хэмжээнд суралцаж байна даа.

-Таныг Италийн хэвлэлд “Риголетта” дуурийн гол дүрийн хамгийн зовж шаналсан хэсгүүдийг тодотгосон дуулалтын үг хэллэг, дуудлага нь төгс байсан бөгөөд маш их гашуудан эмгэнэж буй эцэг хүний дүрийг гайхалтай бүтээж, үзэгчдийн талархлыг хүлээсэн талаар дурдсан байсан. Та яаж дууг хүний сэтгэлийн гүнд нь хүртэл дуулдаг юм бэ?

-Өөрөө л хүн хичээх хэрэгтэй. Мундаг дуучдыг сонсох хэрэгтэй. Хамгийн гол нь хүсэл эрмэлзэлтэй л байх ёстой. Монгол хүн хэдий ч гадны орны шүүмжлэгчид магттал нь дуулах учиртай. Тэгэхгүй бол буцаад ирэхэд ард нь хэл ам болбол хэцүү шүү дээ. Хамгийн түрүүнд би тэдний сурсныг сурч, тэдний түвшинд л байх ёстой. Дэлхий дээрх үндэстэн болгон өөр өөрийн гэсэн онцлогтой, урлагтай шүү дээ. Надтай адил, надаас өндөр түвшний дуучид хамтран дуулж байна. Тиймээс эхний удаа тэдний соёлоос суралцаж, судлах хэрэгтэй. Мэдээж надад монгол хүний сайхан хоолой, идэж ууж буй хоол хүнс, амьсгалж буй цэвэр агаар, эрс тэс уур амьсгал, морин хуур, уртын дуу энэ бүхэн далдаар нөлөөлдөг.

-Та мэргэжлийн судлаач, шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан тухай ярьсан. Сонгодог урлагийн ертөнцөд урлаг судлал, шүүмж хэр хөгжсөн байдаг вэ. Манай орны хувьд сонгодог урлагийг барьж аваад судалж, шүүмжилж байгаа нь ховор юм шиг?

-Италид л гэхэд сонгодог урлаг шүүмжлэл гайхамшигтай хөгжсөн. Тэнд шүүмжлэгчид тойроод л битүү сууж байдаг. Ёстой л өөр өөрийн үзэл бодлоор, мэдлэг, ур чадвараараа бүх талаас нь задалж бичдэг. Тэгж байж ийм өндөр хөгжилтэй болж чадсан байх. Манай улсад жинхэнэ урлаг судлаач, шүүмжлэгч ховор болсон. Яг жинхэнэ дуучныг мэддэг, дугаралт, түүх замнал, дуучны сэтгэлзүй, хоолойн багтаамж, дүр гаргалт, хүний бие организмыг хүртэл судалсан улсууд бараг байхгүй дээ. Зүгээр сонгодог урлагийн талаар маш гоё ярьдаг улсууд бол олон бий.

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж