Д.Намсрайжав: Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхийг бүрэн дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2017.08.09-нд нийтлэгдсэн

Д.Намсрайжав: Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхийг бүрэн дэмжинэ

Д.Намсрайжав: Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхийг бүрэн дэмжинэ

Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг Ховд аймгийн 14 сумыг хамруулан бүсчилэн зохион байгуулсан. Төслийн ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.09) Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Соёлын төвд боллоо.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Улсын Их Хурлаас Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, Засгийн газар тогтвортой, бүтээмж өндөртэй ажиллах, алдаа гарвал хариуцлага хүлээдэг байх, шүүх болон шүүгчид нь хэнээс ч хараат бусаар ажиллаж хүний эрх, эрх чөлөөг хамгаалж бие даасан шийдвэр гаргах, төрийн жинхэнэ алба мэргэшиж, тогтвортой ажиллах, шатлан дэвших зарчимд шилжихэд ахиц өөрчлөлт гаргах, хотын эрх зүйн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа аж.

Ээлжит хэлэлцүүлэгт Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Эрдэнэбүрэн сумын Засаг дарга У.Цэрэнтогтох, Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Н.Сэр-Од, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр нар болон Эрдэнэбүрэн, Буянт, Мянгад, Ховд сумдын нийт 63 иргэн оролцлоо.

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших 25 жилийн хугацаанд Улсын Их Хурал 2000 онд нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Түүнээс хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал сүүлийн 10 гаруй жил яригдаж ирлээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт тэнцлийг хангах, улс төрөөс хараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох замаар тодорхой үр дүнд хүрэхэд чиглэгдсэн заалтууд оруулсан байна. Цаашид бид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг аймаг, сум, баг, төрийн байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн зохион байгуулна. Та бидний хувьд төслийн хэлэлцүүлгийг өргөнөөр хийж, олон хүнийг хамруулж, иргэдийн санал бүрийг тусгахыг хичээж ажиллах үүрэгтэй” гэж байлаа.

Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон нутагтаа үргэлжлүүлэн зохион байгуулах аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн захиргаа, удирдлагын газрын 44 сургагч багш нарыг бэлтгэж, ном гарын авлагаар хангасан юм.

Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгагдсан “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Монгол Улсын Засгийн газар”, “Шүүх эрх мэдэл”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэгт оролцогч иргэдийн сонирхсон асуултад хариулав.

Иргэдийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацаа хоёр өөр байгааг тайлбарлах, төсөл батлагдвал төрийн жинхэнэ алба мэргэших, шатлан дэвших зарчимд шилжихээр тусгагдсан асуудлыг хэрхэн зохицуулсан, шүүгчдэд нас заасан нь дээд сургууль төгссөн залуучуудыг шүүгчээр ажиллах боломжийг хангахад нийцэж байгаа эсэх, багийн Засаг даргыг томилоход боловсролын түвшин, цэргийн алба хаасан байх зэрэг тодорхой шалгуур тавьж болох эсэх зэргийг илүүтэй тодруулж байлаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд хариултдаа, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дараагийн парламентын бүрэн эрхийн хугацаанаас буюу 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан байгаа. Өөр нэг зохицуулалт нь дараагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаатай холбоотойгоор 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгагдсан. Түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдвал холбогдох хуулиудад өөрчлөлт орох болно.

Мөн хуулийн сургууль төгссөн залуучууд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу мэргэжлээрээ хоёр жил ажиллаад хуульчийн сонгон шалгаруулалтад орно. Дараа нь шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцэж шүүгч болдог эрх зүйн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжид шууд шүүгчээр томилох зохицуулалт байхгүй гэсэн хариулт өглөө.

Асуулт, хариултын дараа хэлэлцүүлэгт оролцсон иргэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар саналаа хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга А.Ганбаатар “Шүүгчийн насыг 30 болгохоор тугасантай адилаар Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийн насыг 30 юм уу, 35 болгож Үндсэн хуульдаа тусгамаар байна. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг сайжруулж, олон нийтийн саналаар эгүүлэн татдаг асуудлыг тусгах саналтай байна” гэж байсан бол Мянгад сумын иргэн Д.Намсрайжав “Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг асуудлыг би бүрэн дэмжиж байна. Түүнчлэн баг, хорооны Засаг даргыг дээд шатны Засаг дарга нь шууд томилохоор тусгасан нь ч зөв. Учир нь орон нутагт баг, хорооны Засаг даргыг ах дүү, ойр дотны хүмүүсээр сонгочихдог. Иймээс үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Мөн Засгийн газрын үндсэн чиг үүргийн яамд дээр Эрүүл мэндийн яамыг нэмэх саналтай байна” гэдгийг хэлж байв. Мөн Ховд сумын иргэн Х.Өнөрхан “Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй. Давхар дээлний асуудлыг хэрхэвч зөвшөөрч болохгүй, УИХ нь хуулиа батлаад Засгийн газартаа хяналтаа бүрэн тавьдаг байх ёстой. Цаашлаад баг, хорооны Засаг даргыг томилохдоо боловсролын түвшин, цэргийн алба хаасан зэрэг шалгуур тавьж өгмөөр байна” гэж байлаа.

Үргэлжлүүлэн хэлэлцүүлэгт оролцсон иргэдээр саналын хуудас бөглүүлэн, бичгээр санал авснаар энэ удаагийн хэлэлцүүлэг өндөрлөв.

Төслийн хэлэлцүүлэг маргааш Баян-Өлгий аймгийн Толбо суманд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж