”Эрдэнэс Тавантолгой” хаана явна

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

”Эрдэнэс Тавантолгой” хаана явна

Тавантолгойн орд газарт төрийг төлөөлөх том компани болох ёстой “Эрдэнэс тавантолгой”-г ээрсэн элдэв асуудал ар араасаа цуварсаар байна. Энэ компани байгуулагдсанаар иргэд хэзээнээс ямар байдлаар хэдий хэрийн хэмжээний үнэлэмжтэй хувьцаа эзэмших вэ гэдэг нь тодорхой болох юм. Монголын ард түмэн үүнийг л хүлээж, чих тавин сууж байна. Үүний тулд эхлээд дүрмээ баталж, компаниа байгуулж, ТУЗ, гүйцэтгэх захирлаа томилон, олборлолт хийх оператор компаниа тодруулах гэсэн дэс дарааллаар асуудал шийдэгдэх ёстой.

Гэтэл одоо хөл толгой нь мэдэгдэхгүй хярамцаг маягийн мэдээлэл л олон нийтэд байна. “Эрдэнэс Тавантолгой” компани гэж мянгантаа ярьсан боловч өнөөг хүртэл Монгол Улсын хуулийн этгээдийн жагсаалтад хараахан бүртгэгдээгүй байгаа гэсэн дуулиан дэгдэв. Төрийн өмчийн хорооноос “Эрдэнэс Монгол” компанийн удирдлага “Эрдэнэс Тавантолгой” 2010 оны арванхоёрдугаар сарын 23-нд Улсын ерөнхий бүртгэлийн газар албан ёсоор бүртгүүлсэн гэдэг. Гэтэл өнөөдөр үүнийг нотолсон бичиг баримт харуулсангүй. Компаниа байгуулж дүрэм журмаа баталсан гэдэг боловч энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй, уг нь Хувьцаат компанийн талаарх аливаа мэдээлэл нийтэд ил тод байх ёстой атал.
Энэ компанийн талаар одоо байгаа хамгийн тодорхой мэдээлэл бол Төлөөлөн удирдах зөвлөлөө байгуулсан тухай. ТУЗ-ийг ТӨХ-ны дарга Д.Сугар даргалж гишүүдээр нь, 

-ТӨХ-ны дэд дарга О.Эрдэнэбулган

-“Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш

-Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Орлогын хэлтсийн дарга Ж.Ганбат

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат

-Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын дарга А.Эрдэнэпүрэв

-Авлигатай тэмцэх газрын даргын дэргэдэх зөвлөлийн дарга Ж.Батзандан

-ШУТИС-ийн зөвлөх, доктор, профессор, Монголын маркшедрийн холбооны тэргүүн Д.Дондов

-АНУ-ын “Морган Стэнли” банкны уул уурхай метал хариуцсан захирал Петер Баккус нар багтжээ.

ТУЗ-ийн нэрсийн жагсаалтад энд тэндэх өндөр албан тушаалтны хөл гар болсон, улс төр бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс багтсан тухай шүүмжлэл гарч байна.  Бас ТУЗ-аа байгуулаагүй мөртлөө гүйцэтгэх захирал сонгон шалгаруулах тендер зарласан гэсэн шүүмж байдаг. Гэтэл гүйцэтгэх захирал сонгон шалгаруулалтын үр дүн ч бүрхэг болоод явчихав. Сонгон шалгаруулалтаар Австрали гаралтай  Рассел Норман Филлипс гэх эрхмийг сонгосон боловч цалинг нь Монгол Улс төлж хүчрэхгүй учир ажиллах эсэх нь тодорхойгүй. Хамгийн сүүлд дэгдээд байгаа шинэ мэдээллээр бол ТӨХ сонгоод ажиллуулж амжаагүй байсан гүйцэтгэх захиралтайгаа гэрээгээ цуцалсан гэнэ. Уг нь тендерээр шалгаруулан сонгосон гүйцэтгэх захирлыг албан ёсоор ажлаа хүлээж автал нь “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар түүний толгой компани болох “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Б.Энэбиш ажиллана гэсэн тайлбар байсан. Гэтэл одоо тэрбээр гүйцэтгэх захирлаараа үргэлжлүүлэн ажиллаж, шат дараатай ажлуудад гадаадын зөвлөх урьж ажиллуулах болж байгаа  сурагтай. Энэ мэт тодорхойгүй асуултууд зөндөө.  Энэ бүх ойлгомжгүй асуудлын талаар энэ сарын 11-нд хуралдахаар зарлагдсан ТУЗ-ын хурлын дараа арай дээр мэдээлэл гарах болов уу гэсэн боловч өнөөх хурал нь бас л хойшилчихсон. Хойшилсон хурал энэ сарын 18 буюу уржигдар болсон. Харамсалтай нь дахиад л нэг бүтэлгүй мэдээлэл дуулгахад хуралдаанаар юу хэлэлцэж шийдвэрлэсэн нь  бас тодорхойгүй л байна.

Арай тодорхой байгаа өөр мэдээллүүд гэвэл оператор компани болон хөрөнгө оруулагч компанийн тендер. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн оператор компанийг шалгаруулах тендерийн материал хүлээн авах хугацаа энэ сарын 27-нд дуусна. Харин хоёрдугаар сард эцсийн дүн гарах төлөвлөгөөтэй. Мөн хөрөнгө оруулагчийн тендерийн материал хүлээн авах эцсийн хугацаа 17-нд дууссан юм. Үнэлгээний хороо материалуудтай танилцаж эхлээд байгаа. Энд ч бас дүн гарах хугацаа нь төдийлөн тодорхой бус.

Юутай ч бүрхэг бүүдгэр байгаа мэдээл­лүү­дийг  тоймлоход иймэрхүү. Харин өнөөдөр Та­ван­толгойн асуудлуудаар Монгол Улсын тэр­гүүн шадар сайд Н.Алтанхуяг сэтгүүл­чидтэй уулзаж ярилцахаар товлоод бай­гаа. Энэхүү уулзалтад ТӨХ-ны дарга Д.Сугар, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэ­биш нар байлцана. Тэгэхээр зарим нэг асуул­туудад  хариулт өгөх биз ээ. 

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж