Үнэ өсч байгаа нь компаниудад таатай

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Үнэ өсч байгаа нь компаниудад таатай

АНУ-ын хөрөнгө оруулагчид өдрөөс өдөрт нэмэгдэж буй бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн үнийн өсөлтөд таатай хандах хэ­рэг­тэй гэж “Bloomberg” агентлаг бичиж байна.
 
“Үнийн өсөлт нь дэлхийн, тэр тусмаа АНУ-ын эдийн засаг сэргэж байгааг харуулж буй хэрэг. Энэ нь санаа зовох хэрэг биш” гэж HIS компанийн ахлах эдийн засагч, дэлхийн эдийн засгийг 35 жилийн турш судалж буй Нариман Бехравеш хэлэв.

Өнгөрсөн онд 24 бүтээгдэхүүний “Stan­dard & Poor” индекс 24 хувиар өсч, хям­ралын үеээс хойшхи хамгийн өндөр хэмжээ болжээ. Үүнд газрын тос, зэсээс эхлээд улаанбуудай, хөвөнгийн үнийн өсөлт хамгийн их нөлөөлсөн юм. Харин энэ нь хөрөнгө оруулагчдын дунд эрчим хүч болон бусад бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болж эдийн засгийн сэргэлт удааширч болзошгүй гэх айдас төрүүлээд байгаа. Гэхдээ түүхэн замналаас харахад үүнд санаа зовох нь буруу гэж зарим эдийн засагчид хэлж байна. АНУ-ын жишээг авч үзвэл бүтээгдэхүүний үнэ үйлдвэрлэлт, иргэдийн орлого болон хөрөнгийн зах зээлтэй уялдаатай байдаг. Өөрөөр хэлбэл, одоогийн өсөлт бусад салбар сэргэж буйг харуулж байгаа аж.

“Үнэ өндөр байна гэдэг нь эрэлт их байгаа гэсэн үг болохоос эдийн засаг цаашид сулрана гэсэн үг биш. Сүүлийн 10 жилийн дотор АНУ-ын хөрөнгийн зах зээл болон бүтээгдэхүүний үнэ байнга уялдаатай байсан” гэж “MKM Partners” компанийн ахлах эдийн засагч Майкл Дарда хэлж байна. Түүний үзэж буйгаар энэ онд “S&P 500” индекс 1,425 болж өсөхөөр байгаа юм. АНУ-ын эдийн засаг 2010 онд 2,9 хувийн өсөлттэй байсан гэх таамаглалыг “Bloomberg” агентлагийн 70 эдийн засагчийн дунд хийсэн судалгаа харуулж байна.

Дэлхийн хэмжээнд эдийн засгийн өсөлт 2011 онд 4,3 хувь болж буурахаар байгаа нь өнгөрсөн оныхоос 0,5 хувиар бага байгаа. Зэс, төмрийн хүдэр, резин болон цайрын хэрэглээгээр дэлхийд тэргүүлж буй, хамгийн хурдацтай өсч байгаа орон болох БНХАУ мөн энэ онд бусдыгаа манлайлах төлөвтэй байна. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 9,1 хувиар өснө гэж “JP Morgan” тооцоолжээ. Түүхий эдийн эрэлт нэмэгдсээр байгаа нь арилжаа, аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үнийн индексийг өнгөрсөн онд 22 хувиар өсөхөд нөлөөлсөн юм. Түүхий эд арилжаалагч компаниуд үнийн өсөлтөөс шууд ашиг олдог. Тухайлбал, АНУ-ын хамгийн том хөнгөн цагааны компани болох “Alcao” улирлын хэмжээнд 258 сая ам.долларын ашиг олсон байна. 2010 оны сүүлийн гурван сарын дотор хувьцаа бүрээс 24 центийн ашиг олсон гэсэн үг. Өмнөх онд хувьцаа бүрээс 28 центийн алдагдал хүлээж, 277 сая ам.долларын алдагдалтай ажилласан тус компани эдийн засгийн сэргэлтийн ачаар чамлахааргүй их ашиг олжээ. Газрын тосны компаниуд ч  мөн адил их хэмжээний ашиг олсон юм. Баррель нефтийн үнэ 2010 оны дунд үеэс хойш 21 хувиар өссөний ачаар Хьюстон хотын “Marathon Oil” корпорацийн ашиг 37 хувиар, “Exxon Mobil” компанийнх 38 хувиар өсөөд байгаа юм. Шатахуун экспортлогч орнуудын ОПЕК нийгэмлэг нефтийн үнийг 100 ам.доллар байх нь дэлхийн эдийн засагт хохирол учруулахгүй гэж үзэж байгаа бөгөөд хангамжаа нэмэгдүүлэх хандлагагүй байсан. Гэхдээ ил зарлаагүй ч тус нийгэмлэгийн гишүүн орнууд хангамжийг нэмэгдүүлж байгаа гэдгийг Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлжээ. Өнгөрсөн сарын байдлаар ОПЕК-ийн олборлолт өдрийн 250 мянган баррелиар нэмэгдэж, 29,6 сая баррель болсон байна. Энэ нь 2008 оны арванхоёрдугаар сараас хойш харагдаагүй их хэмжээ юм. Эдгээр орнууд 100 ам.долларын үнэтэй нефть дэлхийн эдийн засагт хортой гэж Олон улсын эрчим хүчний агентлаг сануулсантай холбоотой гэж эдийн засагчид үзэж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн байдлаар нэг баррель Брент нефть 97,98 ам.доллар болжээ. Харин АНУ-ын WTI маркийн нефть 91,35 ам.доллар байна.

Мөн сүүлийн үед газар тариалангийн компаниуд ч үнийн өсөлтөөс ашиг олж эхэлж байна. Үрийн нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч “Monsanto Co” ком­панийн улирлын орлого шин­жээч­дийн тооцоолж байснаас ч давж, хувьцаа бүрээсээ хоёр центийн ашиг олжээ. Газар тариалангийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний хувь шиш 663,50 ам.доллар, харин улаан буудай 802,25 ам.долларын үнэтэй байна.
Алтны үнэ 1400 ам.доллараас бууж, унц нь 1368 ам.доллар, мөнгө 29,20 ам.доллар болжээ.

Хачирхалтай нь сүүлийн үеийн хам­гам­жийн асуудал үнийн өсөлтийн гол­ шалтгаан биш гэдгийг эдийн засагчид онцолж байна. Хэдийгээр Австралийн үерээс болж нүүрсний үнэ тэнгэрт ха­даж, Аляскийн нефтийн хоолойд догол­дол үүсч, Австрали, Балтын ор­нуудын ган гачгаас болж үр тарианы хан­гамж буурсан ч зах зээл дэх үнийн өсөлтийн хамгийн том шалтгаан нь эрэлт нэмэгдэж байгаа явдал аж. Хэрэг­лэгчдийн зарцуулалт нэмэгдэж бай­на. Өнгөрсөн оны сүүлийн улиралд ба­раа бүтээгдэхүүний арилжаа жилийн өм­нөх­тэй харьцуулахад 14 хувиар өссөн бай­гаа нь 2001 оноос хойш харагдаагүй өндөр хэмжээ юм. “Bloomberg”-ийн су­дал­­гаагаар хэрэглэгчид өндөр үнэтэй ша­тахууныг тэсч чадахаар байгаа гэнэ. Учир нь тэд нийт орлогынхоо багахан хэс­гийг л шатахуун, түлшид зарцуулдаг аж.
Австралийн үер нүүрсний уурхай­нуу­дын үйл ажиллагааг зогсоосон ч энэ нь АНУ-ын компаниудад таатай нөлөө үзүүлж байгаа гэхэд хилсдэхгүй. Тус улсын нүүрс экспортлогч компаниудад ирж буй захиалгын хэмжээ огцом өсч байгаа билээ. Энэ онд л гэхэд АНУ-ын нүүрсний экспорт 10 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Өнгөрсөн жилийн байдлаар тус улсаас 60 сая тонн нүүрс экспортолсон юм. 

Хэдийгээр үнийн өсөлт компаниудад таатай нөхцөл бүрдүүлж байгаа ч энэ нь хэрэглэгчдийн нуруун дээрх ачааг нэмэгдүүлж байгаа билээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж