Цэргийн албан хаагчидтай холбоотой журмыг батлав

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Цэргийн албан хаагчидтай холбоотой журмыг батлав

Цэргийн албан хаагчийн гэр бүлд тэтгэмж олгох, орон сууцны дэмжлэг үзүүлэх, цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын санд төлөх журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

    Энэ дагуу алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах цэргийн анги, байгууллага /зэвсэгт хүчин, хил, дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх/-д ажиллаж байгаа генерал, комиссар, офицер, ахлагч нарын гэр бүлийн гишүүний аль нэг нь 3 сараас доошгүй хугацаагаар ажил хөдөлмөр эрхлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал тутамд нэг удаа тэтгэмж олгох юм. 

    Засгийн газраас цэргийн албан хаагчид олгох орон сууцны дэмжлэг нь орон сууц худалдан авах, нөхцөлөө сайжруулах, хувийн орон сууц барих болон орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зарцуулагдана. Дэмжлэгийн мөнгөн дүн нь төрийн албан хаагчид олгох орон сууцны зээлийн хэмжээний 30 хувиас багагүй байхаар журамд тусгасан байна.
Цэргийн алба хаасан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, цэргийн алба хаасан 1 жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно.

Мөн иргэний байгууллагад ажиллан нийгмийн даатгал төлсөн 1 жилийг 6 сар цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцохтой холбогдуулан цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын сангийн дансанд төлөх юм.
 

Бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов.
Төсөл батлагдвал нэмэлт зээлийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгон хүртэлх 16,6 км хатуу хучилттай замыг шинэчлэнэ. Ингэснээр тухайн орон нутагт үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нийслэлд саадгүй авчирч хүн амын хэрэгцээнд нийлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж тооцоолж байна.  

“Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төсөл нь сумдын авто замын тээврийн дэд бүтцийг шинэчлэх замаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, хотын хүн амыг дотооддоо үйлдвэрлэсэн баталгаатай хүнсээр хангах, байгаль орчныг хамгаалах, импортын хүнсний бүтээгдэхүүнээс хараат байдгийг багасгах зорилготой.

Төслийн өмнө авсан 4,5 сая еврогийн зээлээр Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн замаас салаалан Төв аймгийн Борнуур сум хүртэлх 7.45 км, Жаргалант сум чиглэлийн 24.72 км авто замыг шинэчлэнэ.
Нийт 7 сая еврогийн санхүүжилт бүхий зээлийн эргэн төлөх хугацаа 40 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, зээлийн хүү жилийн 0,75 хувь юм.

Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулах “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.
Төслийн хүрээнд уул уурхайн салбарыг дэмжих дэд бүтцийн томоохон төслүүдийн техникийн үнэлгээ, санхүү эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн дүн шинжилгээ, хууль эрх зүйн орчны үнэлгээг багтаасан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, хэлцлийн удирдлагын чадавхийг хөгжүүлэхээр төлөвлөжээ.
“Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” нь Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих, Чадавхийг бэхжүүлэх, мэдлэг шилжүүлэх, Гүний усны удирдлага, Төслийн удирдлага гэсэн 4 хэсэгтэй. Төслийг 2011 оны 6 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарын 30-ны хооронд хэрэгжүүлэх юм байна.

Үнэт цаас гаргах шаардлагагүй гэж үзэв

2010 оны дөрөвдүгээр саын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг эгүүлэн татахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
2010 оны төсвийн жилд 170 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж төсвийн алдагдал болон улсын төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг нөхөхөөр төлөвлөж байсан. Гэвч 2010 оны эхний арваннэгэн сарын төсвийн гүйцэтгэл, арванхоёрдугаар  сарын хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс харахад энэ онд үнэт цаас гаргах шаардлагагүй болжээ.
2009 онд Монголбанкинд арилжаалсан 230 тэрбум төгрөгийн 4 төрлийн үнэт цаас нь 365 хоногийн хугацаатай, хоёрдогч зах зээлд арилжаалагдах боломжтой байв.
Үнэт цааснуудын эргэн төлөлтийг хугацаанаас өмнө, хүүгийн хамт эргүүлэн төлж байгаа бөгөөд 2010 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 33 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болоод байна. Үлдэгдлийг тогтоосон хугацаанд хүүгийн хамт эргүүлэн төлөх юм.

    Эх орончдын өдрийг тэмдэглэнэ

Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
1921 онд Монгол Улсад анх улс төрийн нам байгуулагдан тэмцэл хийн Хаант засгийг халж, улс орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн билээ. Энэ тэмцлийн үр дүнд Монгол орон тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, хөгжлийн шинэ замыг сонгон хөгжиж эхэлсний дээр, дэлхийн улс орнуудтай адил тэгш эрхтэйгээр харилцах боломжтой болсон юм.
2011 оны 3-р сард “Эх орончдын өдөр”, Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зарлиг гарган Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой, Эх орончдын өдөр, Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ойг орон даяар тэмдэглэх, зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон юм.
 

     Санхүүжилтийн хэлэлцээрийг дэмжив

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
    Төслийг хэрэгжүүлэхийн тулд манай улс Азийн хөгжлийн банкнаас 40 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл, 5 сая ам. долларын буцалтгүй тусламж авахаар төлөвлөөд байна.
Төслийн хүрээнд Замын-Үүдийн хяналт шалгалтын цэг, ачаа дамжин өнгөрүүлэх газрын ачааллыг багасгах, зохицуулах зорилгоор ачааны холимог тээвэр, логистикийн үйлчилгээг хөгжүүлэх, Замын-Үүд өртөөнд холимог тээврийн терминал, аж ахуй, логистикийн үйлчилгээ бий болгох юм.

Агентлагуудын дарга нарыг томилов

Засгийн газрын хуралдаанаар Рэнцэнгийн Содхүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын, Шагдарсүрэнгийн Энхбатыг Эрүүл мэндийн газрын, Жалавсүрэнгийн Бат-Эрдэнийг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын, Цэвэлсодномын Ганхүүг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын, Баагаагийн Баттөмөрийг Татварын ерөнхий газрын даргын албан тушаалд тус тус томиллоо.

Товчхон
·    Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар боллоо.
·    “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах тухай” Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, хуралдааны тэмдэглэлийн дагуу Засгийн газраас хийж гүйцэтгэсэн ажлын явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Энхболд танилцуулав. Үүнтэй холбогдуулан энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг даалгалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж