“Оюутан цэрэг-2017” сургалт амжилттай явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.09-нд нийтлэгдсэн

“Оюутан цэрэг-2017” сургалт амжилттай явагдаж байна

“Оюутан цэрэг-2017” сургалт амжилттай явагдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газраас 4 дэх жилдээ хэрэгжүүлж буй ‘Оюутан цэрэг’ сургалтын ‘Цэргийн мэргэжлийн бэлтгэл’ сургалт амжилттай хэрэгжиж байна. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар нар ‘Оюутан цэрэг’ хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа. Энэхүү арга хэмжээнд МУБИС, ХААИС, АШУҮИС, ШУТИС, ‘Зохиомж’ , ‘Дорнод ‘дээд сургуулийн төлөөллүүд байлцаж хөтөлбөрт хамрагдаж буй оюутан цэргүүдтэйгээ уулзалт зохион байгуулсан юм .

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өдөрлөгийн үеэр оюутан цэргүүдэд хандаж хэлсэн үгэндээ ‘Монголын эрийн гурван наадам бол цэргийн гурван эрдмээс үүсэлтэйг эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг. Тиймээс ч бид энэ жилийн оюутан цэргүүд та бүхэнд монгол бөхийн эрдмийг давхар таниулсан. Эр цэргийн эрдэмд суралцсан хоёр сард та нар маань хувь хүнийхээ сайн сайхан чанарыг таньж, муу зуршлаа гээж чадлаа. Хойшид энд сурсан эмх цэгц, дэг журам, хүндлэх хүлээцтэй байх зэрэг сайн чанар болгон, насан туршдаа тордож зүлгэж яваарай ‘ хэмээн захисан юм.

Тус хөтөлбөрт энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд 700 гаруй оюутан хамрагджээ. Тэд өнгөрсөн 4-р сарын 1-ээс хоёр сарын хугацаанд цэргийн анхан шатны онолын сургалтанд сууж дараа нь мэргэжлийн бэлтгэл, хээрийн сургалтанд хамрагджээ. Энэ жил тус хөтөлбөрийн дагуу цэргийн 11 төрлийн бага мэргэжилтэн бэлтгэхээс гадна ‘Монгол бөхийн өгөөж’ хөтөлбөрийн давхар хэрэгжүүлснээрээ онцлогтой. Үүний хүрээнд монгол бөхийн ёс жудаг, дүрэм журмын талаар сургалт явуулж, барилдааны үндсэн арга техник, үндсэн мэхүүдийг оюутнуудад заан дадлагажуулжээ.

Оюутан залуусыг цэрэг, эх оронч үзэл хүмүүжилтэй иргэд болгон төлөвшүүлэх уг сургалтын хүрээнд олон төрлийн арга хэмжээнүүд зохион байгуулж шилдгүүдээ тодруулжээ. Тэд өчигдөр Батлан хамгаалахын болон БСШУ-ын сайд, их дээд сургуулиудын удирдлагуудад сурсан мэдсэнээ тайлагнаж оюутан цэргүүд ‘Морьтон монгол’ хэмээх цогц үзүүлбэр үзүүлж өнгөрсөн сарын мэргэжлийн бэлтгэлд хамрагдаж буй нийт бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан яруу найргийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн байлдагч Б.Төгөлдөр бүтээлээсээ уншиж сонирхууллаа

Оюутан цэргүүд энэ сарын 13 нд тангараг өргөснөөр албаа өндөрлүүлэх бөгөөд удахгүй тангарагаа өргөх тэдний хуьд ‘Оюутан цэрэг’ хөтөлбөрт хамрагдсанаар хүмүүжил, төлөвшлийн өндөр ач холбогдолтой болохыг онцолж байлаа.

‘ОЮУТАН ЦЭРЭГ ХӨТӨЛБӨР’-ИЙН ЕРӨНХИЙ ЗОХИЦУУЛАГЧ, ХУРАНДАА Г.МЯГМАРЖАВ: 

‘Оюутан цэрэг хөтөлбөр’-т нийтдээ 3500 гаруй залуучууд хамрагдаад байна. Хугацаат цэргийн алба хаагчид бүтэн жилд суралцдаг цэргийн эрдмийг дөрвөн сард багтаан бүрэн суралцаж байгаа. Тиймээс энэ жилээс эхлэн уг хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг цэргийн алба хаасанд тооцож, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэхээр хуульчилсан. Өнгөрсөн жилүүдийн туршлагад тулгуурлаад бид энэ жилээс оюутан цэргүүдэд 11 төрлийн бага мэргэжил эзэмшүүлж байна. Ингэхдээ өөрсдийнх нь суралцаж буй мэргэжилд нь түшиглээд цэргийн мэргэжлийг нь сонгосон. Тухайлбал, математик, эдийн засгийн оюутнуудыг артиллер, тагнуулч, химийн оюутнуудыг цэргийн химич, анагаахын оюутнуудыг эрүүл мэнд, ариун цэврийн мэргэжилтнээр сургаж байх жишээтэй.

-Оюутан цэрэг хөтөлбөрийн санхүүжилтийг хаанаас олгож байна вэ. Цэргийн эрдмийг богино хугацаанд эзэмшүүлснээр төсөвт бас хөнгөлөлт үзүүлдэг үү?

-Хөтөлбөр улсын төсвөөр санхүүжин хэрэгждэг. Эдийн засгийн хувьд хөнгөлөлттэй тусалгүй яах вэ. Нэг жилийн хугацаанд алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдад 5.5 сая төгрөг зарцуулдаг бол оюутан цэргүүдийг дөрвөн сард нэг сая төгрөгөөр сургадаг.

-Оюутнууд цэргийн эрдэмд суралцсанаар эмх цэгц, дэг журамд суралцаж хувь хүнийхээ хувьд төлөвшсөн нь анзаарагдаж байна?

-Оюутнууд ёс суртахууны хувьд сайн төлөвшдөг. Оюутан цэргүүд буцаж сургуульдаа ороод сурлагадаа амжилт гаргаж байгааг багш, их дээд сургуулийн удирдлагууд хэлж байгаа. Тэд өглөө эрт босч сурдаг. Өглөөний 05.00 цагаас үдшийн 23.00 цаг хүртэл ачаалал дааж суралцана гэдэг залуусыг их төлөвшүүлдэг.

Компьютер, зурагт, гар утаснаас холдож эр бие нь жагсаж байна. Хамт олон бүрдүүлж, бусадтайгаа эвтэй найртай аж төрж сурч байна. Хэдийгээр нэг анги, нэг аймаг, нэг сургуулийн хүүхдүүд олон байгаа ч бүгдийг өөр өөр рот, салаанд хуваарилдаг. Хүнээс үг дааж сурахын зэрэгцээ, хувийн зохион байгуулалтад суралцдаг. Нөгөөтэйгүүр хөтөлбөрт хамрагдсан оюутнууд хожим нь сургуулиа төгсөөд төрийн албанд ороход хялбар байдаг учраас хүүхдүүд олноороо хамрагдаж байна.

-Ямар сургуулиас оюутнууд ирж байна вэ. Гадаадын их дээд сургуульд суралцагч оюутнууд цэргийн эрдэмд суралцаж байгаа гэсэн?

-Дотоодын бүх их, дээд сургуулийн оюутнууд хөтөлбөрт хамрагдаж байгаа. Лондонгийн их сургууль, АНУ-ын Колорадо муж, Тайванийн их сургуулийн оюутнууд энэ жил цэргийн эрдэмд суралцаж байна. Зуны амралтаараа гэртээ хэвтэхийн оронд эр цэргийн эрдэмд суралцах зориг шулуудан ирсэн оюутнууд маань тун удахгүй цэргийн тангаргаа өргөж, албаа өндөрлөнө.

Эх сурвалж: БХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж