Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд 105 бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Гэтэл улирлын чанартай буюу урин дулаан эхлэхтэй зэрэгцэн эхлүүлэх ёстой тэдгээр ажлуудаас өнөөдөр бүрэн дүүрэн дууссан нь алга. Бүр эхлүүлсэн нь ч ховор байна. Иймд НИТХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр Чингэлтэй дүүрэгт өрнөх ёстой, хүлээлгэн өгөх амлалттай нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, “Хангалтгүй” гэдэг дүн тавьсан байна.
Тэдгээр хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй бүтээн байгуулалтын зарлалыг тойрсон дараах баримтуудыг хүргэе.
1. Тус дүүргийн 11 хороонд 175 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн шавыг энэ оны зургадугаар сарын 16-ны өдөр тавьсан. Гэтэл цэцэрлэгийн барилгын ажлын тендерийг сарын дараа буюу 21-нд хийж, “Big Mongolia Building” XXK шалгарсан байх жишээний. Сарын өмнө шав тавьдаг, сарын дараа барилгын тендерийг нь зарлан шалгаруулсан байхад барилгын ажил цаашид яст мэлхийн хурдаар үргэлжлэх нь тодорхой болж байгаа юм.
2. Чингэлтэй, Баянзүрх дүүргийг холбосон Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км замыг холбох гүүрэн гарц шинээр барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд авто замын зорчих хэсгийн өргөн 14 метр, дөрвөн эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа хоёр метр өргөн ногоон байгууламж, 3 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн зам барих ажил хийгдэхээр 6,3 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Уг ажлын хүрээнд энэ оны төсөвт эхний ээлжийн хоёр тэрбум төгрөгийг тусгаж, зургадугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны хооронд бүтээн байгуулалтын ажлыг хийхээр гарын үсэг зурсан. Гэтэл “Мотор сервис” ХХК-ийн хийж гүйцэтгэх ёстой замын ажил өнөөдрийг хүртэл эхэлсэнгүй. Ядахдаа замын ажлын тэмдэг тэмдэглэгээ, самбар, заавар ч байсангүй. Энэ нь мөн л дээрх цэцэрлэгийн нэгэн адил зургадугаар сарын 21-нд шавыг нь тавьсан гэж бодохоор даруй хоёр сар орчмын хугацаа алдсан байна гэсэн үг юм.
3. Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга С.Батболдоос “Чингэлтэй дүүргийн Түргэн тусламжийн төв барих ажил хаанаа гацчихав аа” хэмээн асууя. Учир нь, 2014 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр барих ёстой Түргэн тусламжийн функт барих ажлыг 925.2 сая төгрөгөөр хийхээр төсөвлөсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл ашиглалтад хүлээлгэн өгөх нь бүү хэл өрсөн тоосго нь ч алга. Хэдийгээр хаана барихаа эцэслэх хүртэл цаг хугацаа орсон ч энэ оны эхээр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны сургуулийн 12 дугаар гудамжны 203, 204 тоотод барихаар төлөвлөсөн. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл газар чөлөөлөлтөө хийгээгүй, тендерээ ч зарлаагүй байх жишээний. Тэгсэн хэрнээ хотын дарга “Сургууль, цэцэрлэг барих газар алга” гэж яриад байдаг. Газрыг нь олчихсон байхад шүү дээ.
Үндсэндээ Чингэлтэй дүүргийн хэмжээнд цорын ганц буюу бүтээн байгуулалтын ажил цагийн хуваарийн дагуу өрнөж буй нь Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр барьж буй Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороог 16 дугаар хороотой холбох 0,863 км авто замын ажил байлаа. Энэ замын тухайд “Билэгт Зам” ХХК барьж байгаа бөгөөд нийт 899.5 сая төгрөгийн өртгөөр хийгдэнэ. Зургадугаар сарын 19-нд шав тавьж, есдүгээр сарын 13-ны өдөр хүлээлгэн өгөх ёстой. Гүйцэтгэгч компани “Хугацаандаа хүлээлгэж өгнө” хэмээн хариуцлагатайгаар мэдэгдсэнийг эс тооцвол Чингэлтэй дүүрэгт дууссан, эхлүүлсэн бүтээн байгуулалт алга. Тэгсэн хэрнээ “Ирэх сарын 15-ны дотор зам засварын ажлыг болон сургууль, цэцэрлэгийн барилгыг хүлээлгэж өгнө” гээд яриад байдаг.
Иймээс Нийслэлийн Засаг дарга С.Батболдод НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс дараах шаардлагыг хүргүүллээ. Үүнд:
- Жил бүрийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах үйл ажиллагааг хурдан шуурхай, гомдол саналгүй 04 дүгээр сарын 15 дотор зохион байгуулах.
- Газар зохион байгуулалт болон газрын харилцааны менежментийг өөрчилж газар чөлөөлөлтийн ажлыг мэргэжлийн, хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлэх.
- Амарч зугаалж байгаа хотын удирдлагууд ажилдаа түргэн шуурхай орж, бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь очиж танилцах.
- Цаашид Нийслэл хотод хийгдэх хот тохижилт, авто зам, дэд бүтэц болон барилга байгууламж барих ажлын зураг төсөв, төлөвлөгөөг тухайн хорооны оршин суугчдад нээлттэй зарлаж байх.
- Шөнийн гудамж, Б.Цэрэндоржийн гудамжны тохижилт зэрэг ажлуудаас илүүтэйгээр ажлын байр нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр, таг зогсчхоод байгаа гэр хорооллын дахин төлөвлөлт, Туул голоо хамгаалах, Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажилд гол анхаарлаа хандуулж ажиллах хэмээн тусгажээ.
Ямартай ч, хэлэх, ярих нь их, хийх, гүйцэтгэх нь ховор Нийслэлийн Засаг даргад сүржин тайлбартай бүтээн байгуулалтын ажлаа яаравчилж, цаг тухай үед нь хүлээлгэн өгч байх өндөр хариуцлагыг нэхье. Хотын иргэдийн нүд өнгөрсөн дөрвөн жилийн бүтээн байгуулалтын бодит ажилд дассан байхад худлаа ярьж, цаг алдаж эхлүүллээ гээд давж гарахгүй гэдгийг сануулах нь зөв биз ээ.
НИТХ дахь Ардчилсан намын бүлэг