Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж заасан. Үүний дагуу Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нар тус тус сонгуулийн зардлын тайлангаа гаргаж хуульд заасан хугацаанд Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлжээ.
Хуулийн дагуу нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг сонгуулийн зардлын дансанд орсон орлогын нийт хэмжээ, үүнээс өөрийн хөрөнгөөс оруулсан орлого, намаас оруулсан орлого, хандивын орлого, хандивлагч иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хандивын хэмжээ, хэлбэр, хандивлагч хуулийн этгээдийн нэр, оршин байгаа газрын хаяг, гүйцэтгэх захирлын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хандивын хэмжээ, хэлбэр, зарлагын ангилал, гүйцэтгэл, үлдэгдлийн хэмжээ, байршил гэсэн үзүүлэлтээр гаргажээ.
Сонгуулийн Ерөнхий Хороо дээрх нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг Үндэсний аудитын газар болон Татварын ерөнхий газарт энэ сарын 8-ны өдөр тус тус хүргүүлсэн байна.
Төрийн аудитын байгууллага зардлын тайланг хянаж, хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.