”Оюутолгой” дахин засгийн газрыг хуралдуулав

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

”Оюутолгой” дахин засгийн газрыг хуралдуулав

-Засгийн газар Оюутолгой төслийн талаарх мэдээллийг сонсч, УИХ-ын Ажлын хэсгийнхэн ТЭЗҮ-гийн дүгнэлтийг хэвлэлийнхэнд танилцуулав-

Оюутолгой ордтой хол­боо­той дуулиант мэдээ ца­цаг­дах бү­рийд Засгийн га­зар хурал­даан зарлаж, асуудлыг авч хэлэлцдэг жишиг тог­тов. Шинэ оны өмнөхөн Н.Бат­баяр тэргүүтэй гишүүд Оюу­тол­гойн ордын Мон­го­лын талын хувь­цааны 34 хувь багасч, долоон хувь руу уусч буй тухай олон ний­тэд мэдээлэх үед Засгийн га­зар гэнэтийн хуралдаан зар­лаж, Ерөнхий сайд С.Батболд, Сан­­гийн сайд С.Баярцогт, Эр­дэс бая­лаг, эрчим хүчний сайд Д.Зо­ригт нар сэтгүүлчдэд мэдээ­лэл хийж, Монголын талын 34 хувь багасаагүй гэж мэдэгдэж байв. Энэ үед “Оюутолгой” ХК-ийн Тө­лөө­лөн удир­дах зөвлөл мөн дээрх асуудлаар хуралдаж байсан билээ.

Тэгвэл УИХ-ын Аюулгүй бай­дал, гадаад бодлогын байнгын хо­­­­­роо­­­­ноос байгуулагдсан аж­лын хэс­­гийнхэн Оюутолгой төс­­лийн Техник эдийн засгийн үн­­дэс­­­­­лэл­­тэй холбогдуулан гар­га­сан дүг­нэлтээ өчигдөр сэт­гүүлч­дэд мэдээлэх үед Засгийн га­зар ээлжит хуралдаанаараа Оюу­толгой төслийн хэрэгжилтийн үр дүн­гийн талаарх сайд Д.Зориг­тын мэдээллийг сонсов. Сай­дын мэдээлэлд тодотгосноор Мон­гол Улс Оюутолгой төслийг хэрэг­жүүлсний дүнд хөрөнгө оруу­лагчдаас ч илүү ашиг олох нь. Тод­руулбал, дэлхийн зах зээл дээр нэг тонн цэвэр зэсийн үнийг дунджаар 4408 ам.долларт байна гэж тооцоход төсөл хэрэгжих хуга­цаанд “Оюутолгой” төслөөс тө­рөл бүрийн татвар, төлбөр, хураамж болон ногдол ашгийн орлогоор Мон­голын тал нийт 29.1 тэрбум ам.дол­ларын орлого олох тооцоо гар­сан бол хөрөнгө оруулагчид “Оюу­толгой” төслөөс 25.7 тэрбум ам.долларын орлого олох гэнэ. 

Ингэхдээ “Оюутолгой” төс­­­­лөөс Мон­голын та­лын олох 29.1 тэр­бум ам.долларын 9.9 тэрбум нь “Оюу­толгой” төсөлд Монгол Улсын Зас­гийн газрын эзэмших 34 хувьд ногдох ногдол ашгийн орлого, 19.2 тэр­бумын орлого нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төсөвт төв­лөрүүлэх татварын орлогоос тус тус бүрдэх аж.
   
Харин Засгийн газар болон Хөрөн­гө оруулагчийн төслөөс хүртэх аш­гийг өнөөгийн цэвэр үнэ цэнэд шилжүүлж үзвэл, Монголын тал “Оюутолгой” төслөөс нийт 5.0 тэрбум ам.долларын орлого хүртэх тооцоо гарсан бол Хөрөнгө оруулагч 3.5 тэрбум ам.долларын орлого олох тооцоо хийжээ. Нэг үгээр хэлбэл,  Монгол Улс “Оюутолгой” төслийн нийт ашгийн 59 орчим хувийг, Хөрөнгө оруулагч 41.0 орчим хувийг хүртэх тооцоо гарсан гэсэн үг аж.

Уг нь дэлхийн зах зээл дээр өнөөдөр зэсийн үнэ 9739 ам.долларт хүрээд байгаа. Тэгэхээр зэсийн үнийг одоогийн ханшаас 2.5 дахин багаар тооцоод байгаагийн шалтгаан юу юм бол. Ирээдүйд, зэсийн үнэ дэлхийн зах зээлд үнэ хүрэхгүй навс унана гэж урьдчилан таамагласных уу, эсвэл илүү гарсныг нь өөр зүйлд зарцуулахаар ийм тооцоолол гаргав уу гэдэг асуултын тэмдэгтэй.

Нөгөөтэйгүүр, шинэ оны өмнө Зас­гийн газрын тэргүүн Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт нарыг Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард үргэлжлүүлэн сууж, да­вуу эрхийн хувьцааг энгийн хувь­цаа болгох, Оюутолгойн хувьцааг гурав­дагч талд арилжаалах тохиол­долд Монгол Улсын Засгийн газраас заа­вал зөвшөөрөл авах ёстой, мөн урьд­чилгаа төлбөрийн хүүг багас­гах гэх мэт хэд, хэдэн зүйлийг батал­гаажуулж, Оюутолгойн хувь ний­лүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруу­лах үүрэг өгсөн ч, өнөө хэр нь шийдвэрлэгдсэнгүй, цагаан сартай золгох болов. Цаг алдах тусам Монголын тал “Айвенхоу майнз”-д шимүүлж, өндөр хүүтэй зээлийн хүүд идүүлж буй. Үүнийг Засгийн газрын сайдууд маш сайн мэдэж байгаа хэр нь олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд зас­вар оруулах хэлэлцээр хэзээ эцэс­лэгдэж, гэрээг баталгаажуулах асууд­лыг энэ удаагийн Засгийн газ­рын хуралдаанаар хэлэлцээгүй хэр­нээ ирээдүйгээс олох ашиг гэгчээр нуувчлан өнгөрөөдөг юм бай­на.  Мөн УИХ-ын Аюулгүй бай­дал, гадаад бодлогын байнгын хо­роо­ноос байгуулагдсан ажлын хэсэг Оюутолгойн ордод роялтийн татвар ногдуулахыг үүрэг болгон, Засгийн газарт тогтоол илгээсэн ч, түүнийг хүлээж авч байгаа эсэх нь тодорхойгүй, ирээдүйд олох ашгийн тухай гоё гоё мэдээллээр олон нийтийн тархийг угааж, халхавч хийснээр энэ удаагийн хуралдаанаа өндөрлүүлэв.

Харин УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байн¬гын хорооны ажлын хэсгийнхэн Оюутолгойн ор­дыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлтэй холбогдуулан гаргасан дүгнэлтийг ажлын хэсгээр авч хэ­лэл­цэж дүгнэлт гаргасан тухайгаа танил­цуулсан. Ажлын хэсгээс гар­сан дүгнэлтийг АБГББХ-оо авч хэлэлцээд байнгын хорооны гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн байна. Харин ажлын хэсгийн дүгнэлт гарах гэж удсан талаар Ш.Сайхансамбуу гишүүн “Засгийн газар Ашигт малт­малын тухай хууль санаачлан УИХ-д өргөн барих гэж байгаа. Тэр болтол түр хүлээгээч гэсэн санал тавьсан. Гэтэл энэ асуудлаас болоод хугацаа алдаж удлаа” гэж тайлбарласан юм.

Оюутолгой төслийн хэрэгжилттэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан мэдээллийг товчлон хүргэж байна.

Оюутолгой ордыг түшиглэн өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий 1.2 тэрбум ам.долларын төсөвт өртөгтэй баяжуулах үйлдвэрийн суурь, баяжмал тээвэрлэх шугамын ажил хуваарийн дагуу үргэлжилж байгаа аж. Өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар 25 мянган  метр.куб бетон цутгалтын ажил хийгджээ

Оюутолгойн ордод далд уурхайн малталтын ажлыг үргэлжлүүлэн хийж буй. Одоогийн байдлаар 4 км орчим хонгил гаргах газар шорооны ажлыг 1300 метрийн гүнд гүйцэтгэжээ

Цагт 200 куб метр зуурмаг бэлтгэх хүчин чадалтай бетон зуурмагийн үйлдвэр ашиглалтад орж, нийт 32 мянган метр.куб бетон зуурмаг үйлдвэрлээд байгаа гэнэ

Барилгын эхний үе шатанд шаардлагатай 24 мегаваттын дизель цахилгаан станц болон 35 кВ-ын түгээх сүлжээ баригдаж дуусах шатандаа оржээ. Орон нутгийн нисэх онгоцны буудал баригдаж өнгөрсөн оны есдүгээр сард ашиглалтад орсон. 4,0 сая ам.долларын төсөвт өртөг бүхий дээрх ажлыг дотоодын аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлсэн юм байна

220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлын зураг, ТЭЗҮ-ийг боловсруулж,  барилгын ажлын төсөвт өртөг нь 68,0 сая ам.доллар байхаар төлөвлөгджээ. Түүнчлэн, 450 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний ордод түшиглэн барих боломжийг судлах судалгааны ажлыг эхлүүлсэн байна
 
“Оюутолгой” төсөлд нийт 5700 гаруй ажилтан ажиллагсад, гэрээт ажилтан ажиллаж байгаагийн 63 хувь буюу 3600 гаруй нь монголчууд

УИХ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан ашигт малтмалын нөөц ашигласны төл­бөрийн таван хувь дээр 15 ху­вийг нэмээд 20 хувь болгосон  Мөн уул уурхайгаас орж ирж байгаа бүтээгдэхүүнийг ангилдаггүй бай­сан бол өөрчлөлт оруулсанаар бүтээг­дэхүүий хүдэр хэвээр нь гаргавал 30 хувь, баяжмал хэлбэрээр бол хуучин байсан 5 хувь дээр шинээр нэмэгдсэн 15 хувьтай нийлээд 20 хувь, харин эцсийн бүтээгдэхүүнд тохиолдолд 5 хувийн татвартай байхаар тогтоосон. Харин энэхүү роялтийн татварыг Оюутолгойгоос авах талаар Гэрээнд өөрчлөлт оруулах үүргийг Засгийн газарт өгөөд байгаа.

 Оюутолгойн орд газар 45 сая тонн нөөцтэй. Гэтэл хөрөнгө оруулагчид шинээр ТЭЗҮ-д тусгахдаа 19 сая тонн гэж оруулж ир¬сэн байна. Ажлын хэсэг энэ асуудлыг авч үзээд 19 сая тонныг 31 сая тонн болгосон гэж Ш.Сайхансамбуу гишүүн мэдээллээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж