АНУ-ын байгалийн хийн уламжлалт бус нөөц нь асар их учраас хямд хийгээр мужуудаа хангахаас гадна шахмал хийг экспортлох цар хүрээг эрс нэмэгдүүлж болно гэж Дональд Трамп үзэж байна.
Шахмал байгалийн хийн даяарчлалын өрсөлдөөн одоохондоо мэдэгдлийн төвшинд эхлээд байна. Саяхан оросууд шахмал хийн экспортын хэмжээгээр Катарын хэмжээнд хүрнэ гэж мэдэгдсэн юм. Оросын одоо баригдаж байгаа үйлдвэрүүдийг оруулан тооцоход жилдээ 26,5 сая тонн хийг шахмал шингэн болгон үйлдвэрлэж байна.
Доха шахмал хийн үйлдвэрлэлээ 30 хувиар нэмэгдүүлнэ гэсэн юм. Тэр нь 77 сая тонноос 100 сая тонн гэсэн гоё тоонд хүргэнэ гэсэн үг.
Дэлхийн тэргүүн экспортлогч болох Австрали (жилдээ 85 сая тонн) одоогоор чимээгүй байна. Энэ бүгдийн хажуугаар АНУ Дональд Трампын удирдлага дор байгалийн хийн өрсөлдөөнд лидер болох хүсэлтэй байна.
2020 он гэхэд тус оронд хийг шахах хүчин чадал нь баригдаж буй үйлдвэрүүдийг оруулан тооцсоноор жилдээ 65 сая тонн болох юм.
Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа АНУ-ын шинэ Ерөнхийлөгчид шахмал хийн экспортын цар хүрээний талаар бүрэн ойлголт байсангүй. Учир нь өөрийн хийн нөөцөө улсдаа урт хугацаанд хадгалахыг тэр хүссэн ч байж болох юм.
Трампын хэлснээр тус орны уламжлалт биш хий гэсэн нөөц асар их байгаа учраас хямд хийгээр улс орноо хангахаас гадна шахмал хийн экспортыг өргөн цар хүрээтэй болгох боломжтой аж.
Ингэснээр хагас жилийн дотор Трамп ба түүний захиргааны төлөөлөгчид шахмал хийн томоохон импортлогч нартай тухайлбал, Хятад, Япон, Энэтхэг, Өмнөд Солонгостой мөн Европынхонтой урьдчилсан хэлэлцээр явуулж амжив.
АНУ нөөцөө яагаад Хятадтай хуваалцах болов?
Хятадтай үүсгээд байсан худалдааны сөргөлдөөнөө Трамп овжин ашиглан шахмал хийг Хятадад амлав. Энд хоёр орны худалдааны зөрүүний асуудлыг нэн түрүүнд Америкийн шахмал хий багасгаж өгнө.
Америкийн шахмал хийг Хятадын зах зээлд гаргах гэрээг тавдугаар сард байгуулсан байдаг. Мөн баримтаар Хятадын ямар ч компани нь шахмал хийг урт хугацаагаар авах талаар америк үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж чадаагүй л байна. Харин эсрэгээр Японы компаниуд Америкийн хийн томоохон худалдан авагч болж чаджээ.
Сүүлийн гурван жилд хийг шахмал болгох заводуудын эхний давалгааны үеэр нефть хоёр дахин илүү үнэтэй байв. Учир нь Америкийн үнэ нь хий дамжуулах хоолойн үнэтэй уягдсан байсан нь нефтийн үнийн уялдааг бодвол хямд ашигтай байлаа.
Одоо Ази, номхон далайн бүсэд америк хийн бүтэн үнэ нь $8/сая БДН-ээс (Британийн дулааны нэгжээр)багагүй байна. Гэтэл Азийн зах зээлд санхүүгийн үүсмэл хэрэгсэл гэх спотын үнэ нь $5,5/сая БДН-ийн төвшинд байна. Гэтэл нефтийн үнэ одоо баррель нь 50 долларын орчимд байна.
Гэсэн хэдий ч Хятад шинэ үйлдвэрүүдээс нь урт хугацаагаар америк хий худалдан авна гэдгийг үгүйсгэх аргагүй. Америкийн шахмал хийн импорт спотын нийлүүлэлтийн хүрээнд хийгдэж байгаа.
АНУ-аас нийлүүлэлт нь Малаккийн хоолойгоор дамжихгүй бөгөөд хэрэв нефтийн үнэ наад зах нь 10 доллараар нэмэгдэхэд энэ хийг боломжийн үнэтэй болгох юм.
Хамтарсан хөрөнгө оруулалтын зам
Япон, Энэтхэгтэй нийлүүлэлтийн урьдчилсан хэлэлцээр хийж байна.
Хэвлэлээр гарсан мэдээг харвал Японы сонирхол нь америк хийг бусдад худалдахад чиглэгдсэн байгаа аж. Эцэст нь Азийн шахмал хийн хаб болох эрмэлзэл байгаа бололтой.
Японы хувьд Америкийн хийг сонирхох бас нэг хүчин зүйл байгаа. Япон Катартай хуучин гэрээгээ сунгахаар хэлэлцээрийн байр сууриа бэхжүүлж байгаа. Тиймээс хийн шинэ эх сурвалж энд нөлөөлнө. Америкийн шахмал хийг худалдан авагчид түүнийг хаана ч нийлүүлж болно. Харин Катар хийн танкер хөлгийн флоттой учир түүнийг хаягаар нь хүргэх сайн талтай.
Эдгээр нөхцөлд Трампын хийн бодлогод Өмнөд Солонгосын зах зээл чухал болж байна. Сануулахад, БНСУ-ын эрчим хүчний бодлого нь аажмаар атомын цахилгаан станцаас татгалзан 2030 он гэхэд шахмал хийн хэрэглээг 50 хувиар нэмэгдүүлэхэд оршино.
Өмнөд Солонгосын компаниудтай зургадугаар сард хэд, хэдэн гэрээг байгуулсан байгаа. Kogas компани шахмал хийн гурав дахь давалгааны заводуудтай Аляск, Техас, Невадад хийг шахах гурван төслөөр хамтран ажиллахаар тохиролцжээ. Үүний хажуугаар Солонгосын SK Group компани GE ба Continental Resources компаниудтай занарын хий олборлох гэрээ байгуулсан байна.
Европын хувьд?
Америкийн хийг нийлүүлэх бас нэгэн боломжийн район нь Европ болж байна. Европ, нэн ялангуяа Зүүн Европ импортын бүтцээ өөрчлөх эрмэлзэлтэй байгаа. Тэр нь Оросын монополиос сална гэсэн үг юм. Үүний тулд тэд арай илүү мөнгө төлөхөөс татгалзахгүй байна. Одоо бол Америкийн хийн үнэ Европын биржийнхээс өндөр гэхдээ урт хугацааны Оросын хийн үнэ нь Америкийнхтай бараг адил болоод байна.
Бүсийн орнууд одоогоор Америкийн хийн туршилтыг хийж байна гэж хэлж болох юм. Зургадугаар сард Польшийн Свиноусцьед америкийн шахмал хийтэй хөлөг ирсэн байв. Найм, есдүгээр сард Литвийн хөвөгч терминальд хоёр удаагийн нийлүүлэлт хийгдэнэ.
Одоо Польшийн терминалийн хүчин чадал нь таван тэрбум шоо метр бөгөөд түүний 2,7 нь Катарын хийд зориулагдан нөөцлөгдсөн байгаа. Мөн дөрвөн тэрбумын багтаамжтай хөвөгч терминалийг барихаар төлөвлөжээ. Америк хий Хорватын Крк арал дахь хөвөгч терминальд тавигдаж магадгүй. Одоогоор тэр нь батлагдах төвшиндөө байгаа.
Америкийн шахмал хий үнэтэй, хямдрах уу?
Терминалиудын өргөтгөл ба шинээр барих нь хэдэн жилийн асуудал. Ази, Номхон далайн бүсийн зах зээлд байдал бас л иймэрхүү байгаа. Тэр цагт л Трампт Америкийн “шинэ” хийг худалдах хэрэгтэй болно.
Шахмал хийн үйлдвэрийн эхний давалгааны үйлдвэрүүд хийн гэрээгээ байгуулсан байгаа. Үйлдвэрүүд нь хөрөнгө оруулалтыг буцаахад бэлэн. Мэдээж, тэдэнд экспорт хэрэгтэй. Экспорт нь улсад шинэ хөрөнгө авчрах бөгөөд худалдааны алдагдлыг бууруулна. Харин баригдаж байгаа үйлдвэрүүдийн хүчин чадал бүрэн ачаалалгүй байх юм. Үүний тулд дэлхийн шахмал хийн үнэ нь $4/сая БДН байх ёстой буюу АНУ-д хийн үнэ унасан байх шаардлагатай.
Одоо бол шахмал хийн үйлдвэрлэлийн шинэ давалгаа яригдаж байгаа юм. Үйлдвэр босгох зөвшөөрөл өгөгдөж байгаа ч бодит бүтээн босголт нь эхлээгүй байна. Эхний давалгааний үнийн эрсдлийг импортлогч нар ба трейдерууд өөртөө авсан. Тэр эрсдэл нь Европын зах зээлд хохиролтой харин Азид 0 байх боломжийн төвшинд байгаа.
Сонгомол урт хугацааны нийлүүлэлтийн гэрээтэй харьцуулахад Америкийн шахмал хийн үнэ нь хасах талдаа байгаа юм. Америкийн хийг хямд гэж ярьж байгаа ч тэр нь хямд байх үндэслэлгүй. Занарын хийн олборлолт ба түүнийг шахах гэсэн хоёр хямд биш технологи нөлөөлж байгаа.
Америкийн шахмал хийг тохирох үнээр нь авч чадах уу?
Нэг гол арга нь импортлогч компаниудын хөрөнгө оруулалт байж болно. Солонгосын компаниуд ийм загварыг сонгосон байгаа. Хэрэв импортлогч нар үүнийг сонговол олборлолтын өөрийн өртөг хямдарна. Энэ тохиолдолд тэд өөрийн олборлосон хийгээ боловсруулах боломжтой.
Үүний зэрэгцээ, дараагийн 10 жилийн зах зээлийн тухай яригдаж байгаа учраас нефтийн үнэ ямар байх нь тодорхойгүй.
Гэхдээ Henry Hub-ын хоолойн хий өнөөгийн $3-аас $4/сая БДН болон өслөө гэхэд импортлогч нарт эрсдэл авчрах юм.
Харин Tellurian компани сонирхолтой санал дэвшүүлжээ. Япон худалдан авагч нарт шахмал хийг $8/сая БДН гэсэн тогтмол үнээр санал болгож байна. Харин япончууд түүнд нь болгоомжтой хандаж байгаа.
Ер нь бол шахмал хийн бүх үйлдвэрлэгч нарт дэлхийн үнийг наад зах нь $8/сая БДН болгох шаардлагатай. Ийм нөхцөлд л Америкийн шахмал хий зах зээлд орох боломжтой. Харин хийн АНУ дахь өнөөгийн үнэ хэвээр байх ёстой.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР