Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Ховд аймгийн Ховд хотод өчигдөр (2017.08.08) зохион байгуулав. Уг хэлэлцүүлэг нь төслийн талаар иргэдийн саналыг авах, иргэдийн санал, бодлыг шийдвэр гаргагчид сонсох зорилготой юм.
Хэлэлцүүлэгт Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр нар болон Дөргөн, Зэрэг, Дарви, Дуут, Жаргалант, Чандмань, Манхан сумын нийт 246 иргэн оролцлоо.
Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших 25 жилийн хугацаанд Улсын Их Хурал 2000 онд нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсныг та бүхэн мэдэж байгаа. Түүнээс хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар сүүлийн 10 гаруй жил ярьцгаасан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт тэнцлийг хангах, улс төрөөс хараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулахад чиглэсэн заалтуудыг тусгасан. Цаашид бид бүхэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг аймаг, сум, багийн хүрээнд үргэлжлүүлэн зохион байгуулах болно гэлээ.
Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон нутагтаа үргэлжлүүлэн зохион байгуулах аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн захиргаа, удирдлагын газрын 94 сургагч багш нарыг бэлтгэж, ном гарын авлагаар хангасан юм.
Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгагдсан “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Монгол Улсын Засгийн газар”, “Шүүх эрх мэдэл”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн сэдвүүдээр танилцуулга хийж, хэлэлцүүлэгт оролцогч иргэдийн сонирхсон асуултад хариулав.
Иргэдийн зүгээс баг, хороо, тосгоны Засаг даргыг харьяалах дээд шатны Засаг дарга томилохоор болсон асуудлаар иргэдээс санал авсан эсэх, баг, хороо, тосгоны Засаг даргыг ард түмнээс шууд томилохоор төсөлд тусгах боломж бий юу, хууль тогтоох байгууллага нь хоёр танхимтай байх асуудлыг төсөлд яагаад тусгаагүй зэргийг илүүтэй сонирхон лавлаж байлаа. Тухайлбал, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Ариунбилэг “Дээд шатны Засаг даргаас томилогдсон баг, хороодын Засаг даргыг төрийн албан хаагч болбол дөрвөн жилийн дараа яах вэ”, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди “Сум, баг, хороодын Засаг даргыг ард түмнээс шууд томилдог баймаар байна, төрийн албан хаагчид чадваргүй, санаачлагагүй хүмүүс байвал Үндсэн хуулиар хамгаалагдсан нөхцөлд асуудлыг хэрхэн шийдэх вэ” гэдгийг асууж хариулт авсан юм.
Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд иргэдийн асуултад өгсөн хариултдаа, төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх талаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгаар иргэд олон нийтийн дэмжлэгийг аваагүй учраас төсөлд тусгагдаагүй. Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан.
Мөн баг, хороо, тосгоны Засаг даргыг улсын чанартай хот болон сум, дүүргийн Засаг дарга шууд томилж, дөрвөн жилийн хугацаатай байхаар тусгасан. Зөвлөлдөх санал асуулгаар эхний судалгаагаар 44.2 хувь нь, хоёр дахь санал асуулгаар 57.7 хувь буюу эхний судалгаагаар дэмжээгүй санал давамгайлж байсан боловч мэдээлэл авч харилцан зөвлөлдсөний дараа дэмжсэн байр суурь давамгайлсан. Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан.
Гэхдээ төсөл эцэслэн шийдвэрлэгдээгүй. Олон нийтийн хэлэлцүүлгээр явуулсан санал асуулгаас харж үзээд, төсөлд тодорхой хэмжээний өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй гэдгийг тодотголоо.
Асуулт, хариултын дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд, олон нийт саналаа хэлэв. Тухайлбал, Жаргалант сумын иргэн Н.Цэвээн-Ойдов “Улсын Их Хуралд нэг нам олонхи болсон үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэр зөв алхам бэ. УИХ-д намуудын суудал тэнцвэртэй байх үед энэ асуудлыг хэлэлцмээр байгаа юм” гэж байсан бол Ховд аймгийн Аудитын газрын дарга Н.Галбадрах “Баг, хороодын Засаг даргын томилгооны асуудал бөөн хэл ам дагуулсан асуудал болдог. Ийм нөхцөлд дээд шатны Засаг дарга нь шууд томилно гэдэг зөв шийдэл байж болох юм. Цаашлаад аймаг, сумын Засаг даргыг нутгийн иргэд нь сонгодог болох хүсэлтэй байгаа. Үүнийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулж болох уу” гэдгийг сонирхож байлаа.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэдээр саналын хуудас бөглүүлж, бичгээр санал авснаар энэ удаагийн хэлэлцүүлэг өндөрлөлөө.
Төслийн хэлэлцүүлэг маргааш Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ