Монголчууд мянган бээрийн газрыг хэдхэн цагт товчлох засмал замаар эх нутгаа хөндлөн гулд хэрэн туулсаар олон жилийг үдлээ. Хурдан техник, бартаагүй замын ачаар зорьсон газартаа саадгүй хүрдэг болсон ч жижигхэн юм шиг атлаа маш том асуудлыг орхигдуулж ирсэн нь амарч алжаал тайлах зогсоол, нийтийн бие засах газар юм.
Үүний тод жишээ нь хот хоорондын нийтийн тээвэр хаа таарсан газраа зогсох үед хормойгоо барьсан хүмүүс ийш тийшээ бэлчиж, идсэн уусан зүйлийн хог зогссон газарт юм уу цонхоор хаягдаад үлддэг байдал. Эмэгтэйчүүд нь дээлээ нөмрөөд сайр, жалга барааддаг бол эрчүүд нь замын хажуу хаана таарсан газраа биеэ суллачихна. Ийм нийтлэг дүр төрх орон нутгийн замд хувь, хувьсгалын унаагаар явсан ч адил давтагдана.
Тээврийн жолооч нарын олон жилийн туршлагаас харахад хүн 50-100 км яваад биеэ суллах, чилээгээ гаргадаг байна. Үүнээс харахад 1.000 км зам туулахад зам зуур хамгийн багадаа 10-15 удаа зогсож биеэ суллах шаардлага гарах нь. Энэ болгонд хүмүүсийн өтгөн шингэн, идсэн уусан зүйлийн үлдэгдэл, цаас, хуванцар сав ямар ч шүүлтүүргүйгээр байгальд үлдэнэ гэсэн үг.
Өдөрт 71 чиглэлд 215 тээврийн хэрэгсэл орон нутгийг зорьдог. Нэг автобусанд 45-50 хүн сууж явна гэвэл өдөрт 10750 хүн орон нутгийг зорьж байна. Дээр нь амин хувийн болон албаны машинаар явж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Өнгөрсөн жил давхардсан тоогоор 2.1 сая зорчигч тээвэрлэсэн бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 1180000 зорчигч тээвэрлээд байгааг АТҮТ-өөс мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл, өдөрт орон нутгийг зорьж байгаа 10 мянган хүний ялгадас зориулалтын зогсоолгүйн улмаас эх дэлхийг бохирдуулж, ундааны сав, цаас салфетка нь төвлөрсөн хогийн цэггүй учир байгальд шингэж байгаа юм.
Тэгвэл бид орон нутгийн замд хүмүүсийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцүүлсэн зориулалтын зогсоолтой болгох асуудлын хүрээнд хотоос 100 км-т Төв аймгийн Борнуур суманд байрлах “Урьхан” үйлчилгээний газрыг жишиг болгон сурвалжиллаа. Драгон төвөөс үдийн алдад хөдөлж, Сэлэнгэ чиглэлийн том оврын автобустай дөрөө нийлүүлж явсаар цаг гаруйн дараа зорьсон газартаа хүрсэн юм.
Автобуснаас буусан хүмүүс бие засах газар, хоолны газар, супермаркет руу хуваагдан орж харагдана. Харин автобус тусгай зогсоолтой аж. Зоогийн газрын өмнө суудлын тэрэг, автобус, хүнд даацын машин зэргээр зогсоолыг нь хуваарилж самбар хаджээ. Мөн хажуу талын ШТС-аас шатахуунаа нэмж, дугуйндаа хий нэмүүлж байгаа автомашинууд ч цөөнгүй байлаа.
Бид урьдчилан тохирсны дагуу “Урьхан” компанийн гүйцэтгэх захирал Ж.Энхбаяртай уулзсан юм. Түүний хэлснээр үйл ажиллагаа явуулаад 19 жил болж буй “Урьхан”-аас замын хүмүүс хэрэгцээтэй бүх үйлчилгээгээ авч болох аж. Нэг удаадаа 100-150 хүнийг 5-10 минутад 30 гаруй төрлийн хоолоор үйлчлээд гаргах хүчин чадалтай Ази, Европ зоогийн газар.
Мөн зочид буудал, караоке, супермаркет, тохилог бие засах газар, дугуй засвар нэг дор цогцоороо байна. Эдний бас нэгэн онцлог буюу замын хүмүүсийн анхаарал татаж, зорьж очдог үйлчилгээ бол Америкаас оруулж ирдэг кофе шоп. Түүнчлэн хүмүүс бууж, суухдаа багагүй хог хаядаг учраас наадмын дараахан хоёр ч том хогийн савыг нэмж байршуулжээ. Хажуугаар нь жижиг савнууд ч байна.
“Урьхан” үйлчилгээний төв 50 гаруй ажилтантай. Улирлын чанартай учраас зуны цагт ачаалал нэмэгддэг гэнэ. Төв, орон нутгийн өрх толгойлсон эмэгтэйчүүд цөөнгүй ажилладаг учраас зуны цагт 10-15 хүүхдийн цэцэрлэг ажиллуулдаг. Байрлаж ажилладаг ажилчдын арав гаруй байртай бол орон нутгийнхаа ажилчдыг машинаар өглөө, оройдоо тогтсон цагт нь зөөдөг юм байна.
Компанийн гүйцэтгэх захирал Ж.Энхбаяр “Манай байгууллага орон нутгаас хүний нөөцийн 50-60 хувийг хангахыг зорьж ажилладаг ч залуучууд ажил хийх дургүй. Оюутнууд зуны амралтаараа ирж ажилладаг. Ажилчдаа өдрийн гурван хоол, үнэгүй байраар хангадаг. Цалингийн доод түвшин 450 мянгаас эхэлнэ. Байр ус, цахилгааны мөнгө төлөхгүйгээр ямар ч суутгалгүй гарт нь очдог” гэсэн юм. Мөн сүүлийн үед “Урьхан” дээр Авто тээврийн Үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээврийг хянах зорилгоор Авто тээврийн хяналтын постыг бий болгож долоо хоног тутам хянаж, шалгадаг болжээ.
“Урьхан”-аар ид ачаалалтай үедээ өдөрт 400-500 хүн 24 цагаар үйлчлүүлдэг учраас хоёр ээлжийн зохион байгуулагч, харуул хамгаалалт ажиллуулж, орчин тойрноо бүрэн камержуулжээ. Зарим үйлчилгээний үнийг сонирхвол бие засах газраар үйлчлүүлэхэд 100 төгрөг. Зоогийн газрын төлбөргүй “00” ч бий. Дугуйнд хий нэмэхэд 500, солиулахад 1,000 төгрөг.
Үйлчилгээний төв бэлэн мөнгөний бүх төрлийн карт уншихаас гадна Төрийн банкны АТМ байршуулжээ. Хоёрдугаар давхарт хоёр хүний 60 мянган төгрөгийн үнэтэй буудлын өрөө, караоке, ажилчдад зориулсан сургалт, хурал цуглааны заалтай. Сардаа аль болох олон удаа хувь хүний хөгжил, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал зэргээр мэргэжлийн хүмүүсээс сургалт авахыг хичээдэг гэнэ.
Харин хоолны зааланд түргэн хоол, кофе шоп, өөрсдийн нарийн боовны цехийн гурилан бүтээгдэхүүнүүд байна. Хоолны зааланд бидний бас нэг анхаарлыг татсан зүйл бол зам зуур яваа хүмүүс буцалсан халуун, хүйтэн усаа үнэгүй савлаад гарч болно. Мөн хандалж өтгөрүүлсэн ногоон цайг сүү, сахартай нь зааланд байршуулсан байв. Энэ цайнаас хүссэн нэг нь очоод үнэгүй уух боломжтой юм.
Бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдлын талаар Ж.Энхбаяр захирлаас лавлахад “Манайх мах махан бүтээгдэхүүн, дэлгүүрийн барааг хотоос татдаг. Хүнсний ногоогоо өөрсдөө тарьдаг учраас үнийн хувьд боломжийн. Дэлгүүрийн бараа зэрэг аль ч бүтээгдэхүүнийхээ үнийг боломжийн хэмжээнд барихыг хичээдэг. Манай Ерөнхий захирал зам дагуу шөнө орой явсан хүмүүс кофе ууж сэргэдэг юм байна гээд кофены анхны соёлыг оруулж ирсэн.
Анх нээгдээд хүмүүст аятайхан хүрч ирсэн. Хүмүүс ам сайтай, үйлчлүүлэх дуртай байгаа. Манайд ямар ч байсан 45 хүнтэй гурван автобус зэрэг буухад хүлээхгүйгээр хоол идээд зэрэг хөдөлнө. Гүний ус ундандаа хэрэглэдэг. Аймгийн мэргэжлийн хяналтаас байнга хянаж шалгаж шинжилдэг. Үйлчилгээний газар хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч байнга шинийг эрэлхийлж байх ёстой. Тэр жишгээр л ажиллаж байна ” гэв.
Нэгэнт зорьж очсоных сошиалд тавигдсан “Урьхан”-ы цайны газарт ажилладаг үйлчлэгч охин аяга цай авч уух бүртээ 200 төгрөг төлдөг гэх мэдээллийг тодруулахад “Үйлчлэгчдэд зориулж хоолны зааланд буцалсан ус, сүүтэй цай үнэгүй байршуулсан мөртлөө хар цайны төлөө ажилчдаас 200 төгрөг хураахгүй нь ойлгомжтой” гэсэн юм.
Ийнхүү зам дагасан үйлчилгээний газрыг баруун, зүүн аймгууд руу явах замд олноор байгуулж өгвөл иргэд тав тухтай, сэтгэл хангалуун зорчих орчин бүрдэх юм. Мөн байгаль дэлхий ч элдэв хог хаягдалд бохирдохгүй эрүүл байх боломжтой.
Эх сурвалж: ‘Зууны мэдээ’ сонин
Холбоотой мэдээ