Нам нураасай, ногоо ургаасай

Хуучирсан мэдээ: 2017.08.09-нд нийтлэгдсэн

Нам нураасай, ногоо ургаасай

Нам нураасай, ногоо ургаасай

Нам бол засгийн эрхийг авах ганц зорилготой бөөгнөрөл мөн болой. Үгүй гэж үү? Сонгодог утгаараа бол үгүй байх л даа. Харин манайд ямар байна. Үгүйсгэл дээ. Дээд шүүхэд бүртгэлтэй 25 намаас үүнийг үгүйсгэх “хоншоортой”, түүнийгээ нотолсон ганц нам байна уу?.

Адаглаад итгэл үнэмшилтэй, түүгээрээ асуудалд хандаж, тэр шалгуураараа манлайлагчаа, бодлогоо гаргаж байгаа болов уу?. Жирийн гишүүдийнх нь оролцоо сонгуулийн сурталчилгаанд туг барин зогсож, айлын хаалгаар сурталчилгаа тарааж, сонгуулиар нэр дэвшигчдээ нэг санал нэмэрлэх. Үүнээс илүү оролцоотой хэн гэж аль намын гишүүн байдаг, байсан, байхгүй бол. Анхан шатнаасаа гарч ирдэг гээд байдгийн цаана хэд нь үзэл баримтлал, итгэл үнэмшлийнх нь нэгдлийн төлөөлөл болж, хэд нь өнгө, мөнгөөр нэгтгэн гоц мөргөсөөр их хуралд орж ирээд түмний элэг, доог болж сууна вэ?. Ингээд бодвол аль нь ч ялгаагүй. Юун итгэл үнэмшил. Мөнгөтэй нь дуугаа захиалдаг, бусад нь түрдэг тогтолцоо шүү дээ. Хэдий боловсролтой, чадвартай ч мөнгөгүй хүн яаж сонгуулиар ялалт байгуулах вэ?. Арай илүү хөрөнгөтэйгөөр нь тэрнийг дэмжсэн нь дээр гэж намчдын ярихыг бишгүй сонсож явлаа. Ийм шалгуураар дэмжлэг авч, сонгогдсон хүмүүс алдсанаа олохоор явах нь зайлшгүй. Бизнесийнхэн хүч давамгайлан хориг, хаалтгүйгээр улс төрд орж ирээд, өөрийнхөө компанид нийцүүлсэн үндэсний шийдвэрийг гаргуулж байна. Түүнийг нь харсан намын цүнхчин “том болоод ийм болно” гээд төсөөлчихсөн яваа. Намд үүнээс өөр үлгэр авах зүйл өнөөдөр алга.

Аль ч нам өнөөдөр шинэчлэл ярьж байна. Гэхдээ тэдгээр шинэчлэл хүсэгчдийн дийлэнх нь нэг даргыг нөгөөгөөр солихыг бодож, өөрөө оронд нь биш юмаа гэхэд өнөөгийн төвшнөө ахиулснаар сэрүүн зүүдэлж яваа нь нууц биш шүү дээ. Түүний тулд дүрэм журамтай байна уу, байхгүй юу хамаагүй гэдгийг Ардчилсан намын шинэчлэл бэлхнээ харуулсан. Тэрхүү шинэчлэлээр жирийн гишүүддээ цонхны цаанаас зайрмаг долоолгоод, цаашид ч долоолгох дүрэмтэй болоод өнгөрсөн. Үүнийг бичигч бус АН-ын жирийн гишүүн О.Чулуунбилэгийн хэлсэн “Дөнгөж 30 настай байхад ҮЗХ-ны гишүүн болъё гэж бодоод ирэхэд таг зогсчихсон. Одоо би 38 настай. Уучлаарай миний залуу нас одоо байхгүй. Одоо би Ардчилсан намын залуу гишүүн гэж нэрлэгдвэл утгагүй. Ингээд хаалга үүдийг нь нээж өгөөгүй байж, “чухал юм байдаг юм, цаг нь болохоор ойлгоно” гэдэг. Хаалгаа нээж, шударга өрсөлдөөн, сонгуулийн системтэй байж л зөв голдрилдоо орно” гэдэг үг гэрчилнэ.

Энэ намд одоо зөвхөн төлбөр төлөх чадвар л үйлчилнэ. Дүрэм нь тийм болчихсон. Нөгөө нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, чадвар ч байхгүй болоод шинэчлэгдэх бус хойшоо ухарчихлаа. МАН мундагтаа бус Ардчилсан намын удирдлагууд хариуцлагагүй, сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохоороо л өнгөрсөн 65-аар навс дээшилсэн.

Гэтэл түүнийг өөрсдийн ялалт гэж бардаж, эрдэж явсан МАН сая навс тавиулангуутаа шинэчлэл ярьж эхэлж байна. Гэхдээ толгой хагаравч малгай, олгой хагаравч тогоон дотроо гэж гоёчлон дотоод асуудал нэрээр бүхнийг нууцалж, асуудлаа хэлэлцэх бус сонголтгүй сонголтод гар өргүүлж шийддэг энэ намынхан шинэчлэгдэнэ гэдэгт итгэхэд бэрх.

Учир нь, МАН-ын өнөөгийн удирдлагуудын талаарх таагүй мэдээлэл, бузар булай асуудлыг өрсөлдөгчид нь бус, жирийн гишүүд нь бүр ч биш, дараагийн ээлжийнхэн гаргаж байгаад асуудлын шалтгаан оршино. Залуу, шинэ үеийнхэн шинэчлэл хүссэн бол зуны халуун өдрүүдэд намын ордныхоо гадаа суулт зарлахдаа нүүрээ битүү баглан, камераас зугтаахгүй л болов уу.

“Сант Марал” сангийн хамгийн сүүлийн судалгааг харвал намыг дэмжигч бус нүүр бууруулагсад олширч, итгэл алдарсныг хэлээд байна.

Тэрхүү судалгаанаас түүвэрлэн сонирхуулахад, Нийгмийн тулгамдсан асуудлыг аль нам хамгийн сайн шийдэж чадах бол? гэсэн асуултад судалгаанд оролцогсдын 24.3 хувь нь Монгол Ардын Нам 10.6 хувь нь Ардчилсан Нам гэсэн бол хамгийн их буюу 35.1 “Аль нь ч чадахгүй” гэж үзжээ.

Асуулт: -Манай улс төрийн намууд олон түмний санал бодлыг илэрхийлж байна уу, эсвэл илэрхийлж чадахгүй байна уу?

Хариулт: -Илэрхийлдэггүй 81.3 хувь

Асуулт: -Ерөнхийдөө нийгэмд шударга тал нь илүү байна уу, шударга бус тал нь давамгайлж байна уу?

Хариулт: -Шударга бус нь илүү байна 79.9 хувь

Асуулт: -Таны бодлоор Монголд ямар засаглал илүү тохирох вэ?

Хариулт: -Улс төрийн намуудын нөлөөллийг хязгаарласан Ерөнхийлөгчийн засаглал 48.0 хувь

Асуулт: -Намуудын талаар Та ямар бодолтой байна вэ?

Хариулт: -Ер нь намуудын хэрэг байхгүй – хүчтэй ерөнхийлөгчтэй байх нь зөв 44.3 хувь

Судалгаа өнөөгийн идээ бээрээ шахаж, салхи оруулан, орвонгоороо өөрчлөгдөхгүй бол намууд гай болохоор зай бол гэж олон нийт үзэж буйг хэлээд байх шиг. Шинэчлэл нэмэгдэхүүнийг байрыг сольсноор өөрчлөгдөхгүй шүү гэдгийг хэлээд байна. Нийгэм, улсдаа хэрэгтэй огт өөр арга, бодлого боловсруулж байж тогтож үлдэнэ гэдгийг сануулаад байгаа хэрэг. Иймээс улс төрийн намуудад тавигдах босго өндөр болж, гишүүд нь ч ёс зүйг тэргүүнд тавьж, оршихуйн үндсээ бодох цаг болжээ.

Ингэж шинэчлэл хийж чадахгүй бол Монголын нийт нутагт нүүрлэсэн ган нэг удаагаар хэмжигдэх бол улс төрийн зуд аравтаар хэмжигдэнэ. Анхнаасаа л харийн хавчлага, дарлалыг эсэргүүцэн нам нийлж, сэм хуйвалдахаар нутагшуулсан энэ институци он цагийн явцад гуйван гуйвсаар өнөөдөр ашиг сонирхол нэгдсэн гэмт хэргийн бүлэглэлийн шинжтэй болоод байх шиг. Мафийн ч шинжтэй үйлдлүүд тэднээс гарах боллоо. Цаашид аргацаана гэвэл нам нураасай л болно доо. Нураачих ч байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж