Парис, Миланы тайзнаа алхаж буй загвар өмсөгч

Хуучирсан мэдээ: 2017.08.09-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

Парис, Миланы тайзнаа алхаж буй загвар өмсөгч

Парис, Миланы тайзнаа алхаж буй загвар өмсөгч

“News.mn” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноо танилцуулъя. Энэ удаагийн зочноор Монголын загвар өмсөгчдөөс хамгийн анх Нью-Йорк, Парис, Миланы загварын шоунуудад оролцож, амжилт гаргасан загвар өмсөгч Ж.Энэрэлийг онцолж байна.

Тэрбээр 2012 онд Монголдоо болсон ‘Face of Mongolia’ тэмцээнд тэргүүн байр эзэлсэн бөгөөд ‘Asia’s new star model contest’ тэмцээний II байр, ‘Miss Model of the World Mongolia’ тэмцээний I байр, ‘Miss World Mongolia’ тэмцээнд II байранд шалгарсан загвар өмсөгч бүсгүй билээ. Үндэсний үйлдвэрлэгч брэнд болох “Gobi Cashmere”, “Yamā brand”, “Mongol Brand”-ийн нүүр царай болохоос гадна Английн “Harrods” сэтгүүлийн нүүрэнд, Америкийн “Seventeen” болон “Elle” сэтгүүлүүдийн зураг авалтад оролцож, ‘NYC Muse Model Management’, ‘MP Paris’, ‘MP Milan’, ‘MandP London’ агентлагуудад харьяалагдан ажиллаж байна.

ЖАВЗАНДУЛАМ ЭНЭРЭЛ: 1995.11.14

Төгссөн сургууль:

Нийслэлийн 24 дүгээр дунд сургууль /2012/

БНХАУ-ын Харбин хотноо нэг жил хэлний бэлтгэл /2011/

Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцааны анги /2015/

Мэргэжил: Загвар өмсөгч

Одоо эрхэлж буй ажил: “MP Paris’, ‘MP Milan’, ‘MandP London’ агентлагуудад харьяалагдан ажиллаж байгаа

Сошиал хуудас: Eenee Jaki /фэйсбүүк/, eny.jaki /Инстаграм/

 

АНХНЫ АМЖИЛТ

-Би БНХАУ-ын Харбин хотноо нэг жил хэлний бэлтгэлд явсны дараагаар 2012 онд 17 настайдаа Монголдоо болсон ‘Face of Mongolia’ тэмцээнд тэргүүн байр эзэлсэн. ‘Face of Mongolia’ тэмцээнд өрсөлдөгч охид олон байсан учраас өөрийгөө түрүүлнэ гэж бодоогүй. Миний хувьд Дариа гэдэг охиныг түрүүлнэ гэж бодож байсан. Тайз руу алхах бүрт айж сандрах үе их гарна. Хэдий би айж, сандарсан ч гэсэн тайзан дээр гарахаараа өөрийн эрхгүй сандралаа мартдаг. Сүүлийн жилүүдэд Монголд янз бүрийн миссийн тэмцээн, жил бүр ‘Face of Mongolia’ тэмцээнийг зохион байгуулж байна.

АНХ ХЭДЭН НАСТАЙДАА ЗАГВАР ӨМСӨЖ ЭХЭЛСЭН БЭ?

-Би багадаа барби хүүхэлдэйгээр тоглох дуртай, даруухан охин байсан. Бүх хичээлдээ маш сайн сурдаг, ээжийг ажилдаа явсан хойгуур өсгийтэй гутлыг нь өмсөж тоглодог байлаа. 14 настай байхад ээж маань “Торго” загварын агентлагт элсүүлсэн. Тухайн үед би загварын ертөнцийн талаар ямар ч мэдлэггүй. Ээж маань надаас хол ажилладаг байсан учраас эмэгтэй хүний үлгэр дууриалал хэрэгтэй гэж бодож, биеэ авч явах соёлд сургахыг хүссэн байх л даа. Тэр үед “Торго” агентлагийн Г.Оюунгэрэл багш “Чи ерөнхийдөө гайгүй загвар өмсөгч болох юм байна” гэж хэлж байсан. Тэгэхэд би 173 см өндөртэй байлаа.

Тэгээд л Плехановын нэрэмжит Улаанбаатар лицейд суралцаж байгаад аравдугаар ангиасаа БНХАУ-ын Харбин хотноо нэг жил хэлний бэлтгэл явсны дараагаар “UB Fashion Week” шоунд оролцсон. Түүний дараагаар 2012 онд “Face of Mongolia’ тэмцээнд оролцсон өөрийн карьераа эхэлсэн гэж хэлж болно.

ЯАГААД ЗАГВАРЫН ЕРТӨНЦИЙГ СОНИРХОХ БОЛОВ?

-Загвар өмсөгч хүн харагдах талаасаа ч гэсэн гоё шүү дээ. Анх “Торго” загварын агентлагт жил бүр зохион байгуулдаг шоунд оролцох гэсэн боловч тэнцээгүй. Тиймээс өөртөө дараа жил заавал орно гэсэн зорилгыг анх өмнөө тавьсан. Тэрнээс хойш загварын ертөнцөд улам ихээр дурлах болсон.

Миний хувьд хэдхэн секундын хугацаанд дүрдээ хувирахыг боддог. Тэр мөч бол зөвхөн минийх. Жишээлбэл загвар өмсөгч хүн янз бүрийн загварын хувцас өмсөөд, үсээ өөрчилж, нүүрээ будаад ирэхээр тэр хүн хувцасандаа тохируулж, дүрдээ хувирах ёстой болдог. Тайзан дээр алхах мэдрэмж бол маш гоё. Үнэхээр өөр мэдрэмж шүү.

НЬЮ-ЙОРК, ПАРИС, МИЛАН, ЛОНДОНЫ ЗАГВАРЫН ТАЙЗНАА АЛХАХ БОЛСОН ТУХАЙ? 

-Хамгийн анх 2016 онд Нью-Йорк хотын загварын шоуны шалгаруулалтад оролцож, тэнцсэн. Тэгээд л хамгийн анхны шоуны тайзан дээр алхаж байхдаа “Чи чадсан шүү” гэж өөрөөрөө бахархсан. Тэр мөчид баярын нулимс дуслуулж байлаа. Дараа нь Монголдоо буцаж ирээд дахин Парис, Милан, Лондон хотуудад ажилласан. Ерөнхийдөө нэг л учраа олчихвол явах зам нь адилхан байдаг. Загварын агентлагуудтай гэрээ хийх ёстой, гэрээ хийсний дараагаар шалгаруулалтад оролцоно. Тэнцвэл шоунд оролцоно гэсэн үг.

Саяхан загвар өмсөгч Б.Ялгуун Миланы загварын шоунд оролцсон. Монгол загвар өмсөгчдөөс Милан хотод хоёр, Лондонд би ганцаараа байх жишээтэй.

МОНГОЛЫН ЯМАР БРЭНДҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ, НҮҮР ЦАРАЙ БОЛЖ БАЙВ?

-Би Үндэсний брэнд болох “Говь” брэндтэй анх 2012 онд хамтран ажиллаж эхэлсэн. Одоо ч гэсэн хамтран ажиллаж байгаа. Саяхан Хөвсгөл аймаг руу явж, “Говь” брэндийн зураг авалтад оролцоод ирлээ. Бас “Гоо” брэндтэй хамтран ажиллаж байгаа. Би Монголдоо ирээд хоёр сар болоод л буцдаг. Тийм учраас монголынхоо брэндүүдтэй тэр бүр хамтран ажиллаад байж чаддаггүй. Зарим нь намайг эх орондоо ирснийг мэдэхгүй яг явах гэж байхад хамтран ажиллах санал тавьдаг.

МЭРГЭЖЛИЙН ЗАГВАР ӨМСӨГЧ ХҮН ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

-Мэдээж загвар өмсөгч, модель хүнд гадаад төрх маш чухал. Тэрнээс гадна өөрийн гэсэн зан характертай байх ёстой. Хүн бүр өөрийн дотоод ертөнцтэй. Миний хувьд ч гэсэн ганцхан хувь. Тийм учраас би өөрөө, өөртөө үнэнч байхыг л хүсдэг. Тухайн орчинтойгоо, хөгжимтэйгөө, хувцастайгаа уусах ёстой. Гэхдээ амьдрал дээрээ энгийн чөлөөтэй хувцасладаг. Энгийн үед өсгийтэй гутал, даашинзыг хэзээ ч өмсдөггүй.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Миний хувьд чөлөөт цаг гэдэг үгийг тэнэг үг гэж боддог. Миний хийж буй бүх зүйл ирээдүйн зорилгын маань төлөө байдаг. Жишээ нь би ном уншиж оюун ухаанаа цэнэглэж, хоол идэх, бэлтгэл хийж биеэ хөгжүүлэх, маш сайхан уран бүтээл сонсож бас тайвшралыг авдаг. Бас спортоор хичээллэнэ. Бага зэрэг хоолны дэглэм барихгүй удчихвал жин нэмчихдэг. Тиймээс фитнесс, боксын спортоор хичээллэдэг. Би сая Лондонд байхдаа өдөрт 10 км алхаж, өдөр бүр дээс тоглодог байлаа.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Сүүлийн хоёр сар Лондон хотноо ажиллаж, амьдарч байгаа. Тэнд саяхан “MandP London’ агентлагтай гэрээ хийсэн. Гэрээний дагуу маш олон ажлыг хийж, нэлээд олон сэтгүүлийн зураг авалтад орсон. Бас хэд, хэдэн брэндийн нүүр царайгаар ажилласан. Ирэх есдүгээр сараас гол загварын долоо хоногууд эхэлнэ. Нью-Йорк, Парис, Лондон, Милан зэрэг загварын томоохон хотууд жилд хоёр удаа загварын долоо хоногийг зохион байгуулдаг. Нэг нь ирэх есдүгээр сард болох бол хоёрдугаар сард бас бүх брэндийн загварын долоо хоног болно.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Надад ирээдүйд хүрэх ёстой мөрөөдлүүд гэж бий. Амьдралын маань эцсийн зорилго намайг байхгүй болсны дараа юу үлдэх нь чухал. Магадгүй надаас хойно миний үр хүүхэд, ямар нэгэн ном зохиол, хийж бүтээсэн амжилт л үлдэнэ шүү дээ.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Өөрийн замаа олж, юу хийхээ хараахан шийдээгүй байгаа залуустаа хандаж зөвлөхийг хүсэж байна. Өөрийгөө сайн сонсож, дуртай зүйлээ л хийх хэрэгтэй. Хэрэв ажил хийвэл тэр ажилдаа сэтгэл зүрхээрээ дурлаж байж л хийгээрэй. Ажилдаа дурлаж чадахгүй бол битгий хий. Зарим эцэг, эхчүүд хүүхдийнхээ ирээдүйн ажил мэргэжлийг өмнөөс нь сонгочихдог.

Хоёрдугаарт, өөрийгөө энэ ажлыг хийснээр хаана хүрэхээ мэдэж байх. Тэгж чадвал үр дүнд хүрч, амжилт ойрхон байх болно. Энэ хоёрыг л бодолцохгүй бол ямар нэгэн алхам хийгээд хэрэггүй.

Гэрэл зургийг Э.Энхбат

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж