Цэрэгт явах гэж Лондонгоос иржээ

Хуучирсан мэдээ: 2017.08.09-нд нийтлэгдсэн

Цэрэгт явах гэж Лондонгоос иржээ

Цэрэгт явах гэж Лондонгоос иржээ

Хэрэгжиж эхлээд дөрөв дэх жилтэйгээ золгож буй “Оюутан цэрэг” хөтөлбөрийн үр дүнг танилцуулах өдөрлөг өчигдөр /2017.08.08/ Үндэсний батлан хамгаалах их сургууль /ҮБХИС/-ийн сургалтын талбайд боллоо.

Нэг жилийн өмнө 18-19 настай залуус эх орны өнцөг булан бүрээс оюутан болохоор нийслэлд ирж байсан бол өдгөө зэр зэвсэг өвч эзэмшсэн “Эх орны хүү” болжээ. Цэрэг хувцас нь наранд гандаж, булбарай царай нь борлосон ч цэргийн эрдэмд шамдсан 60 хоног тэдэнд сүр жавхаа нэмж, эмх цэгц, захирах захирагдах ёсны чанд нарийн дэг жаягийг хэдийнээ суулгаж амжжээ. Асуулт болгонд “тийм, үгүй” гэсэн товчхон хариултыг цэх зогсож байгаад өгөх идэр хөвгүүд ээж, аавын өврөөс гарч, эх орноо хамгаалах эр зоригтон болжээ. Анх бакаль гутал өмсөж, зүү утас барьж, хар талх идэж үзээгүй цэргийн албанд татагдан очсон оюутнууд буу зэвсэг, дашмагтай ус, шаардлагатай техник хэрэгсэл үүрээд 20-30 км-т гүйж хүрэх тэнхээ суужээ.

Хоёрхон сард хэдийхэн зүйл сурах вэ хэмээн басамжлан бодох хүмүүс цөөнгүй таардаг. Тэгвэл өдөрлөгийн үеэрх үзүүлэх сургууль яг л дайны талбарт очсон мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Бууны сум шунгинан шуугиж, утаа май савсуулахын дээр их буу, танк устгагчийн сүрт чимээ хэнгэрэг хангарам чанга. Хэзээ ч үнэрлэж үзээгүй дарийн гашуун утаа айдас төрүүлэм. Кино дэлгэцээс л хардаг эр цэргийн амьдрал тэнд бодитоор өрнөж байна. “Хэтэрхий их жаргалын дунд хэсэгхэн зовлон ч амттай” гэдэг шиг оюутнууд цэргийн эрдэмд суралцсан 60 хоногт танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн гэдэгт итгээрэй.

“Ачаалал давж байж эр бие жагсдаг”

Бидний хамгийн түрүүнд уулзсан хүн бол “Оюутан цэрэг хөтөлбөр”-ийн ерөнхий зохицуулагч, хурандаа Г.Мягмаржав. Тэрбээр уг хөтөлбөрийг анх хэрэгжих үеэс өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

“Оюутан цэрэг хөтөлбөр”-т нийтдээ 3500 гаруй залуучууд хамрагдаад байна. Хугацаат цэргийн алба хаагчид бүтэн жилд суралцдаг цэргийн эрдмийг дөрвөн сард багтаан бүрэн суралцаж байгаа. Тиймээс энэ жилээс эхлэн уг хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг цэргийн алба хаасанд тооцож, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэхээр хуульчилсан. Өнгөрсөн жилүүдийн туршлагад тулгуурлаад бид энэ жилээс оюутан цэргүүдэд 11 төрлийн бага мэргэжил эзэмшүүлж байна. Ингэхдээ өөрсдийнх нь суралцаж буй мэргэжилд нь түшиглээд цэргийн мэргэжлийг нь сонгосон. Тухайлбал, математик, эдийн засгийн оюутнуудыг артиллер, тагнуулч, химийн оюутнуудыг цэргийн химич, анагаахын оюутнуудыг эрүүл мэнд, ариун цэврийн мэргэжилтнээр сургаж байх жишээтэй.

-Оюутан цэрэг хөтөлбөрийн санхүүжилтийг хаанаас олгож байна вэ. Цэргийн эрдмийг богино хугацаанд эзэмшүүлснээр төсөвт бас хөнгөлөлт үзүүлдэг үү?

-Хөтөлбөр улсын төсвөөр санхүүжин хэрэгждэг. Эдийн засгийн хувьд хөнгөлөлттэй тусалгүй яах вэ. Нэг жилийн хугацаанд алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдад 5.5 сая төгрөг зарцуулдаг бол оюутан цэргүүдийг дөрвөн сард нэг сая төгрөгөөр сургадаг.

-Оюутнууд цэргийн эрдэмд суралцсанаар эмх цэгц, дэг журамд суралцаж хувь хүнийхээ хувьд төлөвшсөн нь анзаарагдаж байна?

-Оюутнууд ёс суртахууны хувьд сайн төлөвшдөг. Оюутан цэргүүд буцаж сургуульдаа ороод сурлагадаа амжилт гаргаж байгааг багш, их дээд сургуулийн удирдлагууд хэлж байгаа. Тэд өглөө эрт босч сурдаг. Өглөөний 05.00 цагаас үдшийн 23.00 цаг хүртэл ачаалал дааж суралцана гэдэг залуусыг их төлөвшүүлдэг.

Компьютер, зурагт, гар утаснаас холдож эр бие нь жагсаж байна. Хамт олон бүрдүүлж, бусадтайгаа эвтэй найртай аж төрж сурч байна. Хэдийгээр нэг анги, нэг аймаг, нэг сургуулийн хүүхдүүд олон байгаа ч бүгдийг өөр өөр рот, салаанд хуваарилдаг. Хүнээс үг дааж сурахын зэрэгцээ, хувийн зохион байгуулалтад суралцдаг. Нөгөөтэйгүүр хөтөлбөрт хамрагдсан оюутнууд хожим нь сургуулиа төгсөөд төрийн албанд ороход хялбар байдаг учраас хүүхдүүд олноороо хамрагдаж байна.

-Ямар сургуулиас оюутнууд ирж байна вэ. Гадаадын их дээд сургуульд суралцагч оюутнууд цэргийн эрдэмд суралцаж байгаа гэсэн?

-Дотоодын бүх их, дээд сургуулийн оюутнууд хөтөлбөрт хамрагдаж байгаа. Лондонгийн их сургууль, АНУ-ын Колорадо муж, Тайванийн их сургуулийн оюутнууд энэ жил цэргийн эрдэмд суралцаж байна. Зуны амралтаараа гэртээ хэвтэхийн оронд эр цэргийн эрдэмд суралцах зориг шулуудан ирсэн оюутнууд маань тун удахгүй цэргийн тангаргаа өргөж, албаа өндөрлөнө.

Гадаадад суралцдаг оюутнууд ч цэрэгт иржээ

Энэ жил 1000 оюутан цэргийн эрдэмд суралцаж байна. Тэдний 750 нь ҮБХИС-ийн сургалтын төвд алба хааж байгаа бол үлдсэн 250 нь Дорнод, Орхон, Ховд аймагт алба хааж байгаа юм. Оюутнуудад дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн хоёр сарын хугацаанд танхимын сургалт явуулж, зургадугаар сарын 15-аас наймдугаар сарын 15 хүртэлх хоёр сарын хугацаанд хээрийн сургуулилт хийлгэдэг ажээ.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өдөрлөгийн үеэр оюутан цэргүүдэд хандаж хэлсэн үгэндээ “Монголын эрийн гурван наадам бол цэргийн гурван эрдмээс үүсэлтэйг эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг. Тиймээс ч бид энэ жилийн оюутан цэргүүд та бүхэнд монгол бөхийн эрдмийг давхар таниулсан. Эр цэргийн эрдэмд суралцсан хоёр сард та нар маань хувь хүнийхээ сайн сайхан чанарыг таньж, муу зуршлаа гээж чадлаа. Хойшид энд сурсан эмх цэгц, дэг журам, хүндлэх хүлээцтэй байх зэрэг сайн чанар болгон, насан туршдаа тордож зүлгэж яваарай ” хэмээн захисан юм.

-Оюутан цэрэгт ирснээр их зүйлийг сурч мэдлээ. Цэргийн эрдмээс гадна амьдрах ухаанд суралцаж байна. Эхний гурав хоног үнэхээр хүнд байсан. Бакаль өмсөж байгаагүй болохоор хөлөө холгуулсан. Холгосон хөлтэй гүйнэ гэдэг бас л тэвчээр шаарддаг юм билээ. Чүдэнзгүйгээр гал асаахаас эхлээд бэрхшээл тохиолдсон үед өөрийн болон бусдын амь насыг авран хамгаалах аргад суралцсан.

-Компьютер, гар утас, зурагт үгүйлэгдэх юм уу?

-Үгүй ээ, ёстой санагдахгүй байгаа. Цэргийн орчин бидний амьдарч дассан орчноос шал өөр юм байна. Тэвчээр хатуужилд суралцсан. Бас кока кола гэх мэт биед сөрөг нөлөөтэй хүнс их хэмжээгээр хэрэглэж байснаа мэдэж авлаа.

-Анх 15 настайдаа аав, ээжийнхээ хамт Канад улс руу гарч байсан. Сүүлийн хоёр жил Лондонд амьдарсан. Лондонгийн их сургуульд гурав дахь жилдээ суралцана. Энэ жил нутагтаа ирээд зүгээр нэг амраад өнгөрөх бус оюутан цэрэгт явъя гэж шийдээд онлайнаар бүртгүүлсэн. Үеийн найз нар дундаа ирээд их зүйл сурч мэдэж байна.

Эх орноосоо холдоод удсан болохоор мэдэхгүй, чадахгүй зүйл зөндөө байсан. Үеийн найзууд туслаад амархан дассан. Анх сургалтын талбайд ирэхэд үнэндээ хэцүү санагдаж байсан. Бэрхшээх үе байсан. Одоо бол цэрэгт ирсэндээ баяртай байгаа гэлээ.

Энэ зуны оюутан цэргүүд дунд ихэр цэргүүд тав бий гэнэ. Ихэр байлаа ч нэг салаанд хуваарилагдах боломжгүй аж. Тиймээс ихрүүд өөр, өөр салаанд алба хааж байна. Мөн аав болж, анхны хүүгээ тэвэрсэн нэг аав цэрэг байдаг бөгөөд олон улсын аавуудын өдрийн өглөөний жагсаал шинэхэн аавд баяр хүргэснээр эхэлжээ. Салбарын сайд нар болоод их дээд сургуулийн багш нартаа зориулж СУИС-ийн оюутнууд мэндчилгээ дэвшүүлсэн нь багахан хэмжээний урлагийн тоглолтоос дутуугүй байлаа.

Илүүдэл жинтэй оюутан цөөнгүй

Оюутнуудыг анх цэрэгт авахдаа хичээлийн голч дүнгээс гадна эрүүл мэндийн байдалд онцгой анхаарчээ. Анхны үзлэгээр илүүдэл жинтэй оюутнууд цөөнгүй байж. 120 кг жинтэй цэрэгт ирсэн залуу хоёр сарын дотор 20 кг хассан бол 5-15 кг жин хаясан цэргүүд олон бий гэнэ. ҮБХИС-ийн Эмнэлэг бүлгийн дарга, их эмч С.Сайнсанаатай цэргүүдийн эрүүл мэндийн талаар ярилцсанаа хүргэе.

-Цэргүүдийн ихэнх нь байх ёстой жингээсээ илүү байсан. Тэдгээр цэргүүд одоо багагүй жин хаясан. Суудлын өвчин буюу шамбарамтай, гэнэтийн ачаалалд уг өвчин нь сэдрэх тохиолдол олон байна. Олон цагаар ширээний ард суух, гэр сургуулийн хооронд автобусаар зорчдог болохоор оюутнуудад үе мөчний өвчлөл их байдаг. Залуучууд пүүз их өмсдөг болохоор хөлнийх нь нум тэгширчихсэн байх нь бий. Бакаль өмсөхөөр хөл улдах тохиолдол олон гардаг. Сүүлийн хэдэн жилийн туршлагаас харахад оюутан залуус хийжүүлсэн ундаа их уудгаас ясны сийрэгжилттэй болжээ. Ясны зургийг нь аваад харахад яс нь самбай шиг болчихсон байдаг. Тиймээс залуучуудад хандаж биеэ байнга чийрэгжүүлж, хөдөлгөөнтэй амьдрахыг зөвлөх байна гэлээ.

Өдөрлөгт Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар, ЗХЖШ-ын орлогч дарга Ж.Бадамбазар болон их дээд сургуулийн захирлууд, албаны бусад хүмүүс оролцож, оюутнууд цэргийн эрдэмд хэрхэн суралцаж байгаатай танилцсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж