Их спортын “Хатан хаан” гэгддэг хөнгөн атлетикийн 16 удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Английн Лондон хотноо үргэлжлэн явагдаж байна. Энэ сарын 4-д эхэлсэн Дэлхийн аваргын тэмцээнд олон алдартнууд төрөн гарсаар байна. Тэмцээний хамгийн их тэсвэр хатуужил шаардсан 42 км 195 метрийн марафоны төрөл явагдаж, Кени, Этиопын тамирчид шилдэг гэдгээ харуулж, аваргын алтан медалийг хүртжээ.
Харин манай улсаас дасгалжуулагч О.Оюунтуяагийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин оролцож, замаа дуусгасан байна. Эрэгтэйчүүдээс Н.Мөнхбаяр 34, эмэгтэйчүүдээс Г.Хишигзаяа 52-р байрт орсон нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Энэ удаагийн марафоны төрлөөс эрчүүдээс 29 тамирчин замаа дуусгаагүй бол эмэгтэйчүүдээс 10 нь барианд орж чадаагүй байна.
Монгол Улсын Гавьяат тамирчин, олимп, дэлхийн аваргад олон удаа уралдаж байгаа Б.Сэр-Од 48-р байрт оржээ. Тэрбээр Япон улсад бэлтгэл сургуулилтаа хийдэг билээ.
ДҮН: /Марафоны тэмцээн 8,06-ны өдөр боллоо/
Эрэгтэй: /90 тамирчин/
- 34-р байр Н.Мөнхбаяр / 2:18.42 /
- 46-р байр Ц.Бямбажав / 2:21.48 /
- 48-р байр Б.Сэр-Од / 2:21.55/
Эмэгтэй: /Нийт 88 тамирчин/
- 52-р байр Г.Хишигзаяа / 2:44:48 /
- 58-р байр Б.Мөнхзаяа / 2:46:59/ тус тус оржээ.
Ч.БОЛОР