Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-д Унгарын Будапешт хотноо эхэлнэ. Шигшээ багийнхан эдгээр өдрүүдэд “Говь” цогцолборын бэлтгэлийн баазад бэлтгэлээ базааж байна.
Олон улсын жүдо бөхийн холбооны шугмаар манай улсад ирээд байгаа Грекийн алдарт жүдоч Илиас Илладис шигшээ багийн бэлтгэлтэй танилцжээ. Энэ үеэр тэрээр олимпийн аварга Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нартай хөнгөн бэлтгэл хийсэн байна.
Илиас Илиадис монголд байх хугацаандаа жүдо бөхийн ирээдүй болсон хүүхэд багачуудын аж амьдралтай танилцах аж. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт Монголын жүдо академид хамрагдсан өсвөрийн жүдочдод бүс гардуулах арга хэмжээнд оролцсон юм.
Илиас Илиадис 1986 онд Гүржид төрсөн ч 2003 оноос гэр бүлийнхээ хамтаар Грекийн иргэншилтэй болсон билээ. Тэрбээр дасгалжуулагч Никос Илиадисийн өргөмөл хүү болж, 2004 оны Афины олимпод жүдо бөхийн 81 кг-д түрүүлэхдээ 17 настай байсан юм. Энэ нь түүнд хамгийн залуудаа олимпийн аварга болсон жүдоч болсон алдрыг авчирсан.
Илиас Илиадис Олимпийн наадмаас алт, хүрэл, дэлхийн аваргаас гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм.
Ч.БОЛОР