Хуучирсан мэдээ: 2017.08.08-нд нийтлэгдсэн

“Алуурчдын” өчлүүд

“Алуурчдын” өчлүүд

Үүлгүй тал үржилт хөрс

Атрын аянаас илүү улстөрчдөд өгөөжөө өгч буй “хөрст” газар бол өнөөдөр сошиал медиа болон хувирчээ. Үүнийгээ тэд шатартай зүйрлэж, хэзээ, хаана, хэрхэн нүүж, юугаа идүүлж, юуг нь идэх вэ гэхчлэн нарийн төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ нэгдсэн зохион байгуулалттайгаар тарьж, арчилж, ургуулж, хурааж авна.

Үр, ашиг ч гэж жигтэйхэн. Гэхдээ юу тарина, түүнийгээ хурааж авч буй болохоор өөрт нь нөлөөлөх сөрөг дагавар ч мундахгүй. 2012 оны сонгуулиар сошиал медиаг хүүхэд, хүүхнүүдийн зугаа гэж хардаг байсан бол 2016, 2017 оны сонгуулиудаар энэ ертөнцөд “алаан” болох нь тэр. Гүтгэлэг, доромжлол, эвлүүлэг, сүрдүүлгийн талбар болон хувирах нь тэр. Өнгөрсөн баларсан үйлдлийг хачиртай, даруулгатай нь дэлгэв. Үүнд хамгийн их өртсөн нь нэр дэвшигчид хийгээд тэдний гэр бүлийнхэн. Ёстой байж болохоос эхлээд боломжгүйг нь хүртэл ил болгох нь тэр. Өөд болоочдыг ч амилуулж, үг хэлүүлэх нь тэр. Тэр болгон нь хуурай өвсөнд хаясан цог шиг түймэр болон дэгдэж, тэр хирээр иргэд толгойгоо эргүүлүүлэв.

“… ний дэмжигчдийн хуудас” гэгчээр харин ч нэг солиоруулав. Ардын засаг ч гэж юу байлаа гэдэг шиг манайд тийм олон дэмжигчтэй нь ч юу байлаа. Хөөрхөн охидын зураг тавьсан шинэхэн акаунтууд олноороо мэндэлж, дан “баба”-г бичнэ. Харин үүнтэй хариуцлага тооцсон тохиолдол өнөөдөр алга. Тарьсан хорондоо одоо өөрсдөө хордоод эхэлжээ.

Загасгүй ноёны дэгээ 

Боломж олдвол хэнийг ч түлхэж унагаад албан тушаал ахих, амьжиргаагаа дээшлүүлэх тийм эрээ цээргүй, ичгүүр сонжуургүй сэтгэхүй нийгэмд ноёлжээ. Ерөнхий сайд аргаа барахдаа гэж ЦЕГ-т шалгуулж өгөхөөр өргөдөл гаргаж байна. Тэрбээр намын нөхрөө “хутгалсан уу”, үгүй юу гэдгийг тогтоох газар нь тогтоох биз ээ. Гэхдээ ноцтой бичлэгүүд, хуйвалдааны яриа, ядмагхан бичлэгүүдийг жирийн нэг фэйсбүүкчин гаргаад ирнэ гэвэл гонж. Дотроосоо биесээ тагнаж, задалж, Э.Бат-Үүлийн хэлдгээр “лалар”-уудын хаягаар тараасан л үйлдэл. Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэгчээр мөнөөх баримт нь үнэн, худал нь хамаагүй. Харин өгөөшнийхөө өнгө, төрх, тайлбарыг хэрхэн хийснээр нь л асуудал шийдэгдэнэ. Няцаалт ч ялгаагүй. Бодит баримтаар худал мэдээллийг үгүйсгэхгүй, өөртэй ашигтайгаар эргүүлэхийг хичээнэ. Сошиалаар унагах гэсэн этгээдээ идсэн, уусан нь тогтоогдож, элдэв хэрэгт холбогдсон гэж бичихэд л хангалттай. Түүний араас нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэхээсээ илүүтэй өөрсдийн нээсэн алуурчны сайтаар бөмбөгдөнө. Бодит мэдээллийг илчлээд байгаа “лалар” өөрийгөө эсвэл чиглүүлж байгаа улс төрийн хүчнийг илчлэхээс сүнсээ зайлтал айна. Нам гэлтгүй нэгнээ намнах хэрэгсэл болгон ашиглаж байна. АТГ-аас тэрнийг баривчилжээ, шалгаж эхэлжээ, жирийн иргэнийг зоджээ, луйварджээ гэсэн мэдээллүүдийг тодруулахад, “тийм хэрэг бид хийгээгүй” гэх нь холгүй гайхдаг болжээ.

Усгүй цөлийн зэрэглээ

Сошиал медиаг яах вэ гэсэн бодол дан ганц бидний бус дэлхийн асуудал болоод байна. Гадны хөгжилтэй орнуудад хэрэглэгчид хуурамч хаягтай найзлахаас татгалзаж, дагахгүйгээс гадна аливаа хуурамч гүтгэлгийг тодруулахгүйгээр дэмждэггүй, харин нь ч репорт, блокыг хийдэг жишиг тогтжээ. Харин манайд улстөрчдийн сэдсэн явуургүй гүжирдлэг, гүтгэлгийг нь худал гэдгийг шүүхээр тогтоосон байгаад ч нэмэргүй. Тухайн хүнийг болоод гэр бүл, нэр хүндийг нь гутаан доромжилсон мэдээлэл түймэр шиг тархдаг хэр нь түүний залруулга зэрэглээ адил замхарна. Хэн ч түүнийг нь тоохгүй. Учир нь гүтгэлгийг зохион байгуулалттайгаар тараасан шиг үнэнийг тараахгүй. Тиймээс олон хэрэглэгчдэд “но’-той, луйварчин, өөдгүй, хулгайчаараа л үлдэнэ. Энэ талбар үүсээ ч үгүй байхад гараад, гүтгэлгийг нь тогтоочихсон баримтууд хэзээ хойно гарч ирээд байгаагийн шалтгаан нь ердөө энэ.

Хүнсгүй цэрэг

Эхэнд дурдсанчлан дэмжигчдийн хуудас ямар олон дэмжигчтэй гэж санана. Хэрэвзээ та хэрэг болгон зорьж ороод анхааралтай ажигласан бол хэдхэн нь л бодит дэмжигч, үнэмлэхүй олонх нь амьгүй албатууд байгааг анзаарна. Админ нь алуурчны постоо орууллаа, амьгүй албатууд вирус мэт тархаана. Угтаа бол Сонгуулийн тухай хуульд сурталчилгаа явуулахдаа бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг хориглоно гэж заасан ч цоорхойгоор нь гарахад “би нээгүйгүй” гэдэг үг л хангалттай. Хоёр хүн тоглож, хорин хүн харна гэгчээр бие биенээ унагаах гэсэн хоёр талын зодоон албан бусаар сошиалд ингэж л өрнөдөг.

Цусгүй дайн

Албан тушаалын төлөө, өрсөлдөгчөө намнахын тулд л энэ бүхнийг хийгээд байгаа хэрэг. Аливаа этгээдийн гэм буруутайг шүүхээр тогтоодог хуультай атал тийшээ очилгүйгээр хэний ч нэр хүндийг шавартай хутгаж, үзэн ядуулж, эргэж өндийхгүйгээр намнах зэвсэг болгон сошиал медиаг ашиглаж байна.

Ингэж л хулгайч, худалч, завхайрагч, зайдагнагч, луйварчин, урвагч, тонуулчин, алуурчинтай бид амьдарч байна. Тэднийг хорьж, шийтгэж, цагаатгаж, цайруулдаггүй байлгаад л байдаг хууль, хяналттай гэж төсөөлбөл бүр ч аймаар. Хамгийн ичмээр нь бид тэднийг сонгоод, төр улсаа удирдуулаад байдаг гээд бодохоор бид гүй мөн “гаж донтой” хүмүүс ээ. Ийм завхарсан ертөнц азаар хийсвэр орон зайд байдаг нь баярлууштай. Аливаад ултай, суурьтай, түгээхээсээ өмнө түр азнаад эргэцүүлбэл та тэрхүү мэдээллийг сошиалын “алуурчны өчил” байна гэдгийг төвөггүйхэн ойлгоно. Даан ч өөрөө ч мэдэлгүй түгээж, бохир зүйлд нь гараа хутгачихсан явах нь олон. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгчээр өөрсдөө л зогсоохгүй бол энэ янзаараа хэн нь ч, хэзээ ч “алуулж” мэдэх вий. Араа шүдээ биш ч хуруугаа гозолзуулаад, товчлуураа тоншоод бэлтгэж л суугаа шүү, өөр хэсэг хөлсний “алуурчид”.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж