“Хааны эрэлд 2017” энхийг дэмжих ажиллаганы олон улсын сургуулийн хаалтын ажиллагаа наймдугаар сарын 5-ны өдөр боллоо.
Манай улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллаганы олон улсын сургууль 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уламжлалт сургуулилт Тавантолгой цэргийн бааз буюу Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 4-ний хооронд болсон юм.
Энэ удаагийн сургууль бригад, батальоны түвшний команд штабын сургууль, рот, салааны түвшний тактикийн хээрийн сургуулийн хэмжээнд 26 орны 1400 албан хаагчид харилцан туршлага солилцлоо. Алба хаагчид 11 хичээлийн цэг байгуулан дадлага сургуулилт хийжээ. Энэ жилийн сургуульд ротын хээрийн сургууль шинээр зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Иймээс Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явуулж байгаа НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсаас үүрэг гүйцэтгэх мото буудлагын батальоны нэг ротын бүрэлдэхүүнийг үүнд оролцуулж, тэднийг ажиллагааны арга техникт сургах, рот, салаагаар бие даан үүрэг гүйцэтгэх, бие бүрэлдэхүүний хувийн бэлтгэлийг хангах зэрэгт дадлагажуулахад чухал ач холбогдолтой хэмээн БХЯ, ЗХЖШ-ын зүгээс үзжээ.
Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү олон улсын сургуулийг Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн болон Тэнгисийн явган цэргийн командлал хамтран зохион байгуулсан юм. Анх 2003 оноос эхлэн Монгол улсын зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг хоёр талын сургууль хэлбэрээр явагдаж эхэлсэн бол 2006 оноос олон улсын сургууль болгон өргөжүүлсэн байна. “Хааны эрэлд 2017” энхийг дэмжих ажиллаганы олон улсын сургууль 11 дэх удаагийнх болж байна.
Өнгөрсөн хугацаанд дэлхийн таван тивийн нийт 51 улсын 11 мянга гаруй цэргийн алба хаагчид оролцжээ. Энэ удаагийн ‘Хааны эрэлд-2017” сургуульд 26 орны 1100 гаруй цэргийн албан хаагч оролцож байна.
Тус сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг 5 гол арга хэмжээний нэг болоод байгаа ажээ.
СУРГАЛТЫГ ЖИЛ ИРЭХ ТУСАМ УЛАМ ӨРГӨЖҮҮЛЖ, САЙЖРУУЛЖ БАЙГАА НЬ ЭЦСИЙН ҮР ДҮН ГЭЖ ХАРЖ БАЙНА
АНУ-ын талын сургуулийн удирдагч, хурандаа Кэйт Фуллер:
Номхон далай дахь АНУ-ыг төлөөлж, сургуулийн удирдагчаар ажилласандаа туйлын баяртай байна. Надад маш том туршлага боллоо. Миний хувьд сургуулиуд болон хичээлийн цэгүүдээр тогтмол явж ажилласан. Энэ явцад олон орны алба хаагчдын идэвх санаачлага, оролцоо сайн байсан. Мэдээж манай хоёр улсын Зэвсэгт хүчний хувьд энхийг дэмжих ажиллаганд хамтран үүрэг гүйцэтгэдэг, хамтран олон улсын сургууль зохион байгуулдаг гээд онцлог чанарууд бий. Тэр утгаараа харахад сургалтыг жил ирэх тусам улам өргөжүүлж, сайжруулж байгаа нь эцсийн үр дүн гэж харж байна. Сургуулийн талаарх дүгнэлтээ тайландаа тусгана. Харинминий хувийн бодол гэвэл салаадын сургуулийн түвшинд орон орны цэргийн алба хаагчид цэгүүдэд хуваагдаж дангаараа үүрэг гүйцэтгэхээс гадна нэг цэгт төвлөрч хамтран үүрэг гүйцэтгэвэл нэгнээсээ харилцан туршлага солилцоход ач холбогдолтой байх. Өөрөөр хэлбэл, бүх цэгүүдэд өгөгдсөн хичээлийг нэгтгэсэн байдлаар цагийн байдал өгч шалгавал илүү дүнтэй байж мэднэ. Нөгөө талаас сургуулийн үеэр цагийн байдлыг улам хүндрүүлж өгч байх хэрэгтэй мэт санагдсан. Орон орны цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэх хугацаандаа хуримтлуулсан туршлага, сургамж, ажиллагааны арга техникүүдийг харилцан бие биедээ зааж сурган, мэдлэг, дадлагаа арвижуулж, дээшлүүлсэн зорилтоо бүрэн дүүрэн ханган биелүүлсэн гэдэгт итгэл төгс байна. Сургуулийг хамтран зохион байгуулж ирсэн Монгол улсын зэвсэгт хүчний удирдлага, алба хаагчид, сургуульд алба хаагчдаа оролцуулсан дэлхийн улс орнуудын удирдлагад талархал илэрхийлье.
ЯПОНЫ ЦЭРГИЙН АНГИ 35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БАЙЖЭЭ
Японы цэргийн анги 35 хүний бүрэлдэхүүнтэй байжээ. Тухайн улсын тактикаас хамаарч цэг бүр дээрх сургуулилт өөр өөрийн онцлогооор хичээллэж байсан юм. Энэ Японы улсын хуулиндаа зөвхөн өөрийгөө хамгаалах хүчинтэй гэж заасан байдаг учраас хүмүүний эрхийг хамгаалах гэх мэт хичээлүүд ордоггүй, Америкийн хувьд хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улс учраас энэ нь зөрчиллдөг. Гэвч НҮБ-ын ерөнхий стандартын дагуу хамтарсан дадлага сургуулилтан дээр тухайн улс орнууд нэгдсэн байр суурьтай, нэг үзэл хандлагаар хичээллэдэг” гэж байв.
Энэ үеэр Салааны захирагч, ахлах дэслэгч Сэичи Минамигийн сэтгэгдлийг сонслоо.
“Хааны эрэлд” сургуульд анх удаагаа оролцсондоо баяртай байна. Япон улс энэ сургуульд салаагаас гадна сургагч багш нарын түвшинд ч оролцлоо. Манай алба хаагчид бусад орны цэргийнхэнтэй мэдлэг, туршлагаа хуваалцаж, ихийг сурсан гэдэгт итгэлтэй байна. Энэхүү сургууль цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох боломж олгосон гэж харж байна. Миний хувьд Монголынталаар, цэргийн найзуудынхаа талаар сайхан сэтгэгдэл тээсээр буцлаа. Монголын байгаль үзэсгэлэнтэй сайхан, хүн ард нь тусарсаг нийтэч шиг санагдлаа. Сургуульд оролцсон олон орны дайчин нөхөддөө амжилт хүсье” гэсэн юм.
“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ХОЁР ДАХЬ УДААГАА ОРОЛЦЛОО
Салааны захирагч, дэслэгч Янг Чинтэнг \БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми\
Юуны өмнө “Хааны эрэлд 2017” сургуульд оролцсон орон орны цэргийн алба хаагчдад энэ өдрийн мэндийг хүргэж байна. Би энэ жил 31 настай. Энэхүү сургуулд хоёр дахь удаагаа оролцож байна. Өмнө нь 2015 онд салаан захирагчаар орж байсан. Олон орны цэргийн алба хаагчдад энхийг сахиулах ажиллагааны чадвараа нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа сайжруулж, соёлын хувьд харилцан суралцах боломж олгосон сургууль боллоон. Энэ сургуульд оролцсон минь нэр төрийн хэрэг юм. Сургуулийг зохион байгуулж байгаа бүрэлдэхүүн мэргэжлийн түвшинд байсан нь маш их таалагдлаа.
Ч.БОЛОРЧУЛУУН