Сум тэсрэх үеэр нуруундаа шарх аван Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн ирсэн иргэн Т-гийн бие сайжирч байгаа аж. Бид энэ талаар Цэргийн төв эмнэлгээс тодруулахад “Бие нь хэвийн болсон” гэдэг хариулт өглөө. Гэхдээ одоо үргэлжлүүлэн тус эмнэлэгтээ эмчлүүлж байгаа юу, аль эсвэл нутаг буцсан уу” гэдэгт тайлбар өгөх боломжгүй гэж хариулсан юм.
Хэрэг явдлыг нэхэн сануулахад, наймдугаар сарын 4-нд Зэвсэгт хүчний Таван толгой сургалтын төвөөс 20 гаруй км-ын зайд сум дэлбэрч, нэг иргэн газар дээрээ нас барсан бол иргэн Т. нуруундаа шарх авсан юм.
Иргэн Т-гийн тайлбараар хонио хариулж явсан Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат иргэн Н-тэй таарсан. Тухайн үед Н сум оллоо гээд чулуугаар нүдээд сууж байсан. Т түүнд хандаж “Нүдэж болохгүй гэдэг” сануулга өгөөд бие засаж байтал гэнэт дэлбэрэлт болсон. Н газар дээрээ нас барсан бол Т нуруундаа шарх авсан юм.
Таван толгой сургалтын төвд байлдааны сургалт зохион байгуулдаг. Сургалт болж дууссаны дараа тусгайлсан ажлын хэсэг гарч, хайгуул устгалын бүлэг ажиллан, сургалтаас үлдсэн тэсэрч дэлбэрэх аюултай зүйлсийг устгадаг гэсэн тайлбарыг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга мэдэгдсэн байдаг. Холбогдох мэргэжлийн байгууллагууд тэсэрсэн сум хэдий үеийнх болохыг тогтоохоор ажиллаж байгаа юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ