Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн I, XXII хороонд шүлхий өвчин дэгдээд байгаа билээ. Нөхцөл байдал ямар байгаа талаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Алтантуяагаас тодруулахад “Одоогоор нөхцөл байдал тайван байна. Энэ сарын 4-ний өдрөөс хойш мал нэмж, устгалд оруулаагүй. Иргэдээс ямар нэгэн дуудлага, мэдээлэл ирээгүй байна. Шүлхий өвчин дэгдэлтийн улмаас энэ сарын 4-ний өдрийн байдлаар 28 айл өрхийн 129 үхрийг устгалд оруулсан. Одоогоор мал өвчилсөн тохиолдол гараагүй, хоёр дахь удаагийн давтан вакцин хийсэн. Мөн холбогдох эмнэлгийн байгууллагууд ариутгал халдваргүйжилтыг тогтмол хийж байна” гэдгийг хэлсэн юм.
Шүлхий өвчний голомтод Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналт, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг долоон байгууллага хамтран 117 мэргэжилтнээс бүрдсэн Онцгой комисс гарган 24 цагаар ажиллаж байгаа ажээ.
А.Сүрэн