Х.Бүрд: Бид босоо монгол бичгээр бичдэг

Хуучирсан мэдээ: 2017.08.07-нд нийтлэгдсэн

Х.Бүрд: Бид босоо монгол бичгээр бичдэг

Ази тивийн сагсан бөмбөгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн-2012 Улаанбаатар хотноо 10 хоног амжилттай үргэлжилэн өнөөдөр аваргудаа шалгаруулан хаалтаа хийх гэж байна.

Монголын Хүүхдийн урлан бүтээх төв БНХАУ-ын Өвөрмонголын Урлаг солилцооны нийгэмлэгтэй хамтран Монголд анх удаа олон улсын хүүхдийн анхдугаар наадмыг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.

Энэхүү олон улсын хүүхдийн уран бүтээлийн анхдугаар наадмын “Монгол туургатан” уран бичлэгийн үзэсгэлэнд оролцохоор БНХАУ-ын ӨМӨЗАО-оос 60 гаруй хүүхдүүд Улаанбаатар хотыг зорин иржээ. Тэдний нэг болох Өвөрмонголын Баяннуур хотын Урадын дундад хошууны Монгол бага сургуулийн сурагч Х.Бүрдтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

Сайн байна уу? Бидэнд өөрийгөө танилцуулаач?

-Намайг Х.Бүрд гэдэг. Би Өвөрмонголын Баяннуур хотын Урадын дундад хошууны Монгол бага сургуулийн тавдугаар ангид суралцдаг.

-“Монгол туургатан” хүүхдийн уран бичлэгийн анхдугаар уралдаанд оролцож байна. Уран бичлэгээр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?

-Би уран бичлэгээр хичээллээд нэг жил л болж байна. Надад их сонирхолтой санагддаг юм. “Монгол туургатан” хүүхдийн уран бичлэгийн анхдугаар уралдаанд оролцоод заавал шагнал авахыг бодсонгүй. Өөрийгөө сорьж, бусад найзуудынхаа уран бичлэгийг сонирхохоор оролцсон.

-Сургуулийн сурагчид монгол бичгээр бичдэг үү?

-Тийм ээ. Манай сургуульд босоо монгол бичиг заадаг. Тиймээс бид босоо монгол бичгээрээ бичдэг.

-Харин гадаад хэл заадаг уу?

-Бид сургуульдаа гурван хэлний хичээл үздэг. Үүнд англи, хятад, монгол хэл багтдаг. Миний хувьд хичээлээсээ гадуур уран бичлэгээр л хичээллэх дуртай даа.

-Өвөрмонголоос 60 гаруй хүүхдүүд хүрэлцэн иржээ. Танай сургуулиас хэдэн хүүхэд уран бичлэгийн уралдаанд оролцож байна вэ?

– Өвөрмонголоос маш олон хүүхдүүд Улаанбаатар хотноо ирээд байна. Тэр дундаас манай ангиас “Монгол туургатан” хүүхдийн анхдугаар наадамд нийт дөрвөн хүүхдийн бүтээл шалгарсан.

-Улаанбаатар хотод өмнө нь ирж байв уу?

-Би Улаанбаатар хотод хоёр дахь удаагаа ирж байна. Өмнө нь гэр бүлийнхэнтэйгээ амарч зугаалахаар ирж байсан бол одоо ангийн найзуудтайгаа ирсэндээ баяртай байна. Монголын тал нутаг үнэхээр сайхан юм. Манай Өвөрмонголд хур бороо орохгүй гантай байгаа. Гэтэл Монголд ирэхэд ногоон зүлэгтэй байгаа нь таалагдлаа. Найзуудтайгаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж, зугаалж үзэхийг хүсэж байна.

-Үзэсгэлэнд оролцохоор Өвөрмонголоос ирсэн хүүхдүүд монгол дээлээр гоёжээ. Монгол дээлийг сургууль дээрээ өмсдөг үү?

-Манай сургуулийн хүүхдүүд долоо хоногийн нэг өдөр үндэсний дээлээ өмсөж, гоёдог.  Тэр өдөртөө монгол дээлээ өмсөөд, монгол өв соёлын талаар хичээл ордог юм. Жишээлбэл монгол хатгамал, уран хайчилбар, монгол шатрын хичээл орно. Бас би уран хатгамлын хичээлдээ их сонирхолтой.

Манай монгол үндэстэн цөөн болсон байна. Тиймээс үндэснийхээ өв соёлоо уламжлан залгамжилж явах хэрэгтэй гэж боддог. Миний хувьд өвөө, эмээ дээрээ өссөн. Өвөө, эмээ маань хонь мал хэрхэн хариулах зэрэг монгол ёс заншлаа зааж сургадаг юм.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж