Муу нэртэй “Нинжа” нар алтны 60 хувийг тушаажээ

Хуучирсан мэдээ: 2017.08.07-нд нийтлэгдсэн

Муу нэртэй “Нинжа” нар алтны 60 хувийг тушаажээ

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл УИХ-ын сонгуульд хүчээ нэгтгэн орсноор парламентад 11 суудлыг авч, бүлэг байгуулах хэмжээнд амжилттай оролцсон билээ.

-Өнгөрсөн 2016 онд л гэхэд 10.4 тн алтыг хувь хүмүүс Монголбанкинд тушаасан нь нийт алтны 60 хувьтай тэнцэж байгаа юм. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл  иргэд 343 сая ам.доллар буюу 860 тэрбум төгрөгийн алт тушааж, 21 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг  улсын төсөвт төвлөрүүлжээ-

Хувиараа ашигт малтмал олборлогчдыг “нинжа” хэмээн нэрлэдэг. Нинжа нар алт, нүүрсний салбарт олонх бөгөөд нэгэн үеийг бодвол учраа олохгүй хүмүүс улам бүр цөөрсөөр байгааг албаныхан хэлж байна. Гэвч “Нинжагүй Монгол” болсон гэж ам бардам зарлах  хараахан болоогүй ажээ.

Нинжа гэх нэрийн дор алт олборлож, мөнгөн усанд хордож, олборлосон алтаа олигтойхон үнэд хүргэж  чадахгүй, амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавигчдын тоо эрс буурчээ.  2013 оноос хойш бичил уурхай эрхлэгчдийг албажуулж эхэлснээр 2014 онд 1098 иргэн, 2015 онд 2026 иргэн, 2016 онд 2928 иргэн, 2017 он гарснаас хойш 792 иргэн Монголбанкинд алт тушаажээ. Тушаасан алтны хэмжээ ч 2014-2016 онд 3.2-10.4 тонн болтлоо өссөн байна.  Тэд “Бичил уурхай эрхлэгчид” гэх тодотголтой болсон төдийгүй Монголбанкинд тушааж буй алтны дийлэнхийг өгч байна. 2013 онд 13 аймгийн 32 суманд хувиараа ашигт малтмал олборлогчид тархай бутархай ажиллаж байсан бол өдгөө нэгэн дээвэр дор холбоо байгуулж, 15 аймгийн 45 суманд 69 байгууллага үүсгээд буй ажээ. Өнгөрсөн 2016 онд л гэхэд 10.4 тн алтыг хувь хүмүүс Монголбанкинд тушаасан нь нийт алтны 60 хувьтай тэнцэж байгаа юм. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл  иргэд 343 сая ам.доллар буюу 860 тэрбум төгрөгийн алт тушааж, 21 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг  улсын төсөвт төвлөрүүлжээ.  Улсаараа зургаан сарын турш гадаад худалдаандаа хэрэглэх хэмжээний алтыг  бичил уурхай эрхлэгчид  тушаажээ.  

Гэвч алт тойрсон асуудал бүрэн цэгцрээгүй хэвээр. Тиймээс Монголбанк наймдугаар сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэлх гурван сарын хугацаанд “Монгол алт”аяныг хэрэгжүүлэхээр болжээ.  Алтыг хууль бусаар хил давуулах үзэгдэл нууц далд байсаар. Хүнд даацын машинууд ачаан дундаа, тэр дотроо нүүрсэн дотор алтыг их хэмжээгээр нууж гаргадаг гэж барин тавин ярих хүмүүс цөөнгүй бий.  Хилийн боомтод үе үехэн  гардаг “алтны хэрэг”  мэр сэр бүртгэгдсээр. Чухам тиймээс алтыг үнэ цэнэтэй байлгах, Монгол Улсын “Эрдэнэсийн сан”-г баяжуулах, гадаад валютын нөөцийг арвижуулах үүднээс аян зарлахад хүрсэн байна.

Алт барьцаалсан зээл олгодог болжээ

Монголбанк  алтыг  2016 оны арванхоёрдугаар сараас эхлэн  Лондонгийн үнэт металлын биржийн хамгийн сүүлд зарласан  үнэ ханшаар авдаг болжээ.  2014 оноос эхлэн  АМНАТ-ийн хувь хэмжээг 68 хувиас 2.5 хувь болгон  бууруулснаар алт тушаалт эрс өсчээ. 2013 онд АМНАТ 68 хувьтай байхад ердөө хоёрхон иргэн 5.6 кг алт Монголбанзинд тушааж байсан бол дараа жил нь 130 иргэн 3.2 тонн алт Монголбанкинд тушаасан байна.

  Гэвч давхардсан олон хяналт шалгалт, сорьцын хяналтын ачаалал өндөр, ашигт малтмалын лиценз шинээр авахад хүндрэл учирдаг, санхүүжилт хөрөнгө оруулалт хомс  зэрэг бэрхшээлүүд алтны салбарт байсаар байгааг  Монголбанкны Эрдэнэсийн сангийн ахлах эдийн засагч Д.Алтансүх тайлбарлаж байна.  Монголбанк хөдөө орон нутагт 17 салбартай ч сорьцын хяналт байхгүйгээс алт худалдан авах боломжгүй байдаг ажээ. Тиймээс сорьцын хяналтын хүрэлцээг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний зорилтын нэг болоод байгаа аж.

Арилжааны банкууд багагүй хэмжээний  алт худалдан авдаг болжээ.  Банкууд алтыг  биетээр нь худалдан  авахын сацуу  барьцаалан зээл олгож эхэлжээ.  Барьцаалсан алтны 80 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг харьцангуй баг хүүтэйгээр, гурав хүртэлх сарын хугацаатай зээлж байгаа гэнэ. Мөн алтыг тодорхой хугацаанд хадгалах үйлчилгээг нэвтрүүлжээ. Алтаа хадгалуулж буй хүмүүст  зориулан  ханшийн хеджинг хэмээх нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн гэж Голомт банкны  ажилтан Г.Мөнх-Эрдэнэ мэдээлэв.

Эко алт экспортод гаргаж эхлэв

Эко алт буюу нэгэн шинэ нэр томъёог дэлхий нийтээрээ хэрэглэж эхэлжээ.  Гарал үүсэл нь тодорхой, хариуцлагатай уул уурхайгаас татвар төлбөрөө төлчихөөд экспортолж буй алтыг “эко” хэмээн тодотгож байгаа бөгөөд эхлэл суурийг АНУ тавьсан байна. Дэлхийн нэртэй брэндүүд эко алтаар үйлдвэрлэл эрхлэхийг эрхэмлэх болжээ. Чинээлэг давхаргынхны  харааг булаасан чамин ганган эдлэл үйлдвэрлэгч  Chopard,  Gucci-гийнхэн эко алтаар бүтээгдэхүүн гаргана гэж зарлаад амжиж. Олны танил Нобелийн шагналыг  ч эко алтаар бүтээж буй  гэхчилэн сайн жишиг хэдийнээ тогтжээ. Тэгвэл манай улс ч эко алт экспортлоод эхэлжээ. Хэдийгээр нэгхэн кг  эко алт экспортолсон ч  гэлээ Азидаа эко алт экспортлогч хоёр дахь улс болон тэмдэглэгдсэн байна.

Алт,  мөнгөөр үнэт эдлэл үйлдвэрлэгч дархчуудад зориулж, мөнгөжсөн  цэвэр алт, мөнгийг гадаадаас импортлон оруулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр уран дархчууд мөнгөжсөн цэвэр алт, мөнгөөр үйлдвэрлэл эрхэлж, хэрэглэгчид ч найдвартай бүтээгдэхүүн худалдан авах боломж бүрдэнэ гэдгийг Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал н.Эрдэнэтуяа өгүүлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж