Монгол угсаатны өв соёл уран бичлэгийн “Монгол туургатан” хүүхдийн анхдугаар наадам өнөөдөр /2017.08.07/ Хүүхдийн урлан бүтээх төвд болж, шилдгүүдээ тодрууллаа.
Анхдугаар наадамд БНХАУ-ын Өвөрмонгол болон Монгол орны хүүхдүүдийн 180 гаруй шилдэг бүтээл оролцож буйгаа онцлог байв.
Мартагдаж буй босоо монгол бичиг, өв соёлоо хойч үедээ таниулж, эрхэмлэн дээдэлж, хоёр орны хүүхэд багачууд найзалж, нөхөрлөхөд уг наадмын гол зорилго оршиж байгаа талаар зохион байгуулчид хэлж байлаа.
“Би уран бичлэгээр тав дахь жилдээ хичээллэж байна. Би Өвөрмонголын Монгол сургуулийн наймдугаар ангийн сурагч. Ангийн хоёр найзтайгаа анхдугаар уралдаанд оролцохоор ирсэн” хэмээн Өвөрмонгол хүү Хө Жин сэтгэгдлээ хуваалцсан юм.
Ийн Монголын Хүүхдийн урлан бүтээх төв БНХАУ-ын Өвөрмонголын Урлаг солилцооны нийгэмлэгтэй хамтран Монголд анх удаа олон улсын хүүхдийн анхдугаар наадмыг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.
Энэхүү наадмын тэргүүн хэсэг болох “Монгол туургатан” хүүхдийн уран бичлэгийн наадам шилдгүүдээ тодруулж, үзэсгэлэнгээ дэлгээд байна. Мөн хүүхдийн анхдугаар уралдааны үзэсгэлэнг анхны хүүхдийн галерейд олны хүртээл болгож байгаад ихэд билэгшээж байгаа талаар Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг хэлж байв.
А.Сүрэн
Холбоотой мэдээ