Хөшөө дурсгал, ногоон байгууламж хэвээр үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.07-нд нийтлэгдсэн

Хөшөө дурсгал, ногоон байгууламж хэвээр үлдэнэ

Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт ирэх есдүгээр сарын 1-ний 09.00 цагт эхэлнэ.

“Хүүхэд, залуучууд амарч зугаалан чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар дээр барилга барих гэж байна” хэмээн өнгөрсөн амралтын өдрүүдээр 40 мянгатын айл өрхийн төлөөллүүд эсэргүүцлээ илэрхийлсэн.

Сүхбаатарын дүүргийн 4 дүгээр хороо хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж буюу бидний хэлж заншсанаар “Фантан”-ы талбайд хашаа босгож хүнд даацын машин ирсэн учраас иргэд ийн бухимдав.

Тухайн газар үнэхээр барилга барих гэж байна уу, эсвэл ямар зориулалтаар хашаа босгож засвар хийх гэж байна уу гэдгийг нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын ахлах мэргэжилтэн Д.Хан-Уулаас тодрууллаа. 

Тэрээр “2016 онд “Гудамж төсөл”-ийн хүрээнд амралтын өдрүүдэд авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж, бусад өдрүүдэд хэвийн ажиллах төсөл ирсэн. Уг төсөл нь Улсын их дэлгүүрээс АСА цирк хүртэл газар доогуур явган зорчигч зорчих 400 метр газрыг хамарч байгаа. Тухайн газрын тохижилтууд буюу хөшөө дурсгал, ногоон байгууламж хэвээр үлдээнэ. Харин газар доор худалдаа үйлчилгээ, олон нийтийн байгууламжууд үйл ажиллагаа явуулна. Дээр нь ямар нэг барилга барихгүй, доош буух цахилгаан шат болон урсдаг шат ил харагдана. Монголын үндэсний барилгын ассоциациас хөрөнгө оруулж, гүйцэтгэж байгаа учраас улсаас нэг ч төгрөг гарахгүй” гэлээ.

Засварын ажил 2018 онд бүрэн хийж дуусгахаар төлөвлөгдсөн бөгөөд газрын түвшнээс 4.5 метрийн гүнд нэг давхар бүхий төмөр бетон байгууламж барих юм байна. 400 метр үргэлжлэх уг хонгил 100 метр тутамд дээш гарах цахилгаан шаттай хийгдэхээр төлөвлөгджээ.

Ойр орчимд амьдарч буй иргэд, тэр дундаа өндөр настнуудын санаа бодлыг сонсоход энгийн байсан зүйлээ эвдэж хэмхэллээ хэмээн дурамжхан хариулж байна. 

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч Д.Уранчимэг “Зүгээр байсан юмыг яагаад нураагаад байгаа юм. Зуны цагт хүүхэд тоглоход их амар байдаг байсан. Энэнээс өмнө бас нэг том асар тавьчихсан байсан. Хүн зорчих аргагүй хэцүү байлаа. Засварынх нь самбарын зургийг харсан чинь бас нэг барилга байна лээ. Энэ мэтчилэн зорчих хэсэг хаасан юм хиймээргүй байна. Бас энэ усан оргилуураа авч үлдмээр байна. Нэгэнт засвар хийж байгаа юм бол усан оргилуураа засаж, сайжруулаасай” хэмээн бухимдалтай хариуллаа.

Оршин суугчийн хүсэлтийн дагуу усан оргилуурын талаар ахлах мэргэжилтэн Д.Хан-Уулаас тодруулахад “Усан оргилуурыг засаж сайжруулна. Одоо байгаа оргилуур дээр нэмж нэгийг барина. Ингээд хоёр усан оргилууртай болно гэсэн үг” гэсэн хариулт өгч байна.

Гэрэл зургийг Э.Энхбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж