Д.Тогтохсүрэн хууль зөрчсөнийг шүүх тогтоов

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Д.Тогтохсүрэн хууль зөрчсөнийг шүүх тогтоов

Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн аймгийнхаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ялгаварлан гадуурхдаг байсан нь шүүхээр тогтоогдсон байна. Өвөрхангай аймаг Улаанбаатар хотод ойрхон, дэд бүтэц сайтай, хүн амынхаа тоогоор улсдаа дээгүүр ордог. Өвөрхангай аймагт арилжааны хоёр телевиз, хоёр FM радио, нэг сонин байнгын үйл ажиллагаа явуулж иргэдээ мэдээллээр хангадаг аж.

Орон нутгийн удирдлагууд үйл ажиллагаагаа сурталчлуулах зардлыг мэдээллийн хэрэгслүүдэд жил бүр хуваарилдаг. Харамсалтай нь,  энэ хуваарилалт дэндүү шударга бус байжээ. Д.Тогтохсүрэн дарга өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төсвийн мөнгийг бараг л зуун хувь хуваарилж бусдад нь өгдөггүй байсан аж. Хувийн мэдээллийн хэрэгслүүд хэл ам татлан байж багахан мөнгийг аймгийн төсвөөс авдаг болсон ч энэ нь бас л хууль бус юм байна.

Энэ жил энэ зардлыг батлахдаа “ӨВ соёмбо” телевизэд дөрвөн сая төгрөг, “Арвайхээр чөлөөт суваг” телевизэд 1,5 сая төгрөг, “Ноён-Уул” фм радиод хоёр сая төгрөг, “Таны элч”  сонинд хоёр сая төгрөг, Монголын радиод 500,000 төгрөг, төвийн хэвлэл мэдээллийн бусад байгууллагуудад нэг сая төгрөг гэж ялгавартай хуваарилжээ. Иргэдийн ярьдгаар Засаг даргын телевиз гэгддэг “ӨВ соёмбо” телевизэд нийт батлагдсан зардлын ихэнхи хувийг хуваарилж, харин хувийн телевиз болох “Арвайхээр чөлөөт суваг” телевизэд сонингоос ч бага зардал хуваарилсан байна.

Засаг даргын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ  худалдан авах тухай хуульд  бараа үйлчилгээ худалдан авах ажиллагаанд ил тод өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг баримтална, тендер зарлаж шалгаруулалт явуулсны үндсэн дээр гэрээг байгуулж ажил үйлчилгээг худалдан авна гэсэн заалтыг зөрчсөн хууль бус ажиллагааг “Арвайхээр чөлөөт суваг” телевиз эсэргүүцэн шүүхэд өгчээ.  Зардлын хуваарь батлах тухай захирамжийг хүчингүй болгуулахаар аймгийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж заргаа авсан байна.

Шүүх хурлын үеэр эрхэм Засаг дарга хэвлэл мэдээллийн байгууллагад зардал хуваарилах захирамжаа “Миний та нарт тавьж байгаа санал. Та нар ч саналаа бичгээр ирүүлж болно” хэмээн өөрийнхөө гаргасан захирамж, санал хоёроо ялгаж чадахгүй мунгинасан байна.  Мөн шүүх хурлын үеэр Засаг даргын хувийн компанийн нэр дээр бүртгэлтэй “ӨВ соёмбо” телевизийн захирал нь намайг телевизийн захирлаар аймгийн Засаг дарга томилсон гэж мэдүүлжээ. Сандарч бухимдсан  Засаг дарга Д.Тогтохсүрэн “Би ӨВ соёмбо телевизтэй ямар нэг холбоотой байх юм бол Засаг даргын ажлаасаа бууж ажлаа өгнө” гэж шүүгчийн шийдвэрийг ч сонсолгүй шүүх хурлыг орхин гарсан байна.

Засаг дарга Д.Тогтохсүрэн өөрийнх нь хууль бус ажиллаагааг олон нийтэд хүргэсэн хэвлэл мэдээллийн байгууллагад тун халтай хүн аж. Өмнө нь түүний тухай бичсэн сэтгүүлчийг өрөөндөө дуудан авчирч загнаж байсан төдийгүй шударга бусаараа зартай аймгийнхаа шүүхэд өгч дарамтлуулж байжээ. Өвөрхангайн сэтгүүлчийг барьж хорих гэсэн зарга аймагтаа төдийгүй улс даяар шуугиан тарьж, Улсын Дээд шүүхээр сэтгүүлчийн гэм буруугүй нь тогтоогдож байсан аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж