Хуучирсан мэдээ: 2017.08.07-нд нийтлэгдсэн

Сайдууд хаана явна?

Зуны амралтын өдрүүд үргэлжилж, Төрийн ордон эзгүй шахам байна. Энэ долоо хоногоос Засгийн газрын зарим сайд нар ажилдаа орж, ээлжит хуралдаан зарлагдсанаар хөл, хөдөлгөөн нэмэх шинжтэй.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ өдрүүдэд ажиллаж байна. Их түймрийн дараахан Буйр нуурт цөөхөн хоногоор амарсан тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан ч батлагдсангүй. Түймэр, Таван толгойн сургалтын төвийн ойролцоо болсон осол, Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монгол Улсад хэрэгжүүлж байгаа санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянасан зэрэг нь гүйцэтгэх засаглалын тэргүүнд амрах боломж олгоогүй гэх мэдээлэл байна. Амралтын өдрүүдэд ч шуурхай хуралдаан зарлах зэргээр амрах завгүйгээр ажиллажээ.

Дээр нь Шадар сайд У.Хүрэлсүхийг хууль бусаар тагнуулсан гэх хэл аманд өртсөн. Энэ асуудалтай холбогдуулж, Ерөнхий сайд Цагдаагийн ерөнхий газарт иргэний хувиар гомдол гарган, шалгаж, өгөхийг хүссэн. Олон нийтийн хувьд ч хэргийн үнэн мөнийг олж, тогтоохыг хүсэж байгаа.

Шадар сайд У.Хүрэлсүх мөн амраагүй байна. Хуурайшилт ихтэйгээс түймэр ихээр гарч, амрах чөлөө олгоогүй бол үргэлжлүүлээд өвлийн бэлтгэл хангуулах ажилд оржээ.

Өнгөрсөн долоо хоногт Улсын Онцгой комиссыг хуралдуулж, Цаг уур орны шинжилгээний газраас өгсөн мэдээллийн дагуу хамгийн хүйтэн өвөл болохоор тооцож, өвлийн бэлтгэлээ хангахыг Онцгой комиссын гишүүддээ чиглэл болгосон.

Засгийн газрын хуралдаанаар яаралтай шийдүүлэх ажлын нэг нь үер, усны гамшгийн үеэр гарсан зардал болоод байгаа. Урьдчилсан байдлаар 9 тэрбум гаруй төгрөгийн зардал гарсан, үүнээс 4.7 тэрбумыг яаралтай шийдвэрлүүлэх шаардлагатай гэх тооцооллыг Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан юм.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат амраагүй, тойрогтоо ажилласан гэх мэдээллийг ажлын албанаас нь өглөө. Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаантай тул хэлэлцүүлэх асуудлыг багцлахаас эхлээд ажил багагүй суугаа бололтой.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын өгсөн мэдээллээр энэ долоо хоногт тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд нарыг томилж магадгүй байгаа. Хэрэв энэ асуудлыг хэлэлцэх болбол түүнээс урьтаж, МАН-ын Удирдах зөвлөл хуралдах ёстой гэнэ. Хэнийг дэд сайдаар, хэнийг Төрийн нарийн бичгийн даргаар тавих вэ гэдэг асуудлыг эхэлж ярих аж.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн амраагүй сайд нарын тоог нэгээр нэмлээ.

Монгол Улс өнгөрсөн тавдугаар сарын 27-оос эхэлж Олон улсын валютын сангийн санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсан.

Хөтөлбөрийн эхний үе шатанд шалгалт хийсэн шинжээчид “Амжилттай хэрэгжсэн” гэх үнэлгээг өгсөн юм. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөн, татварын орлого мөн өссөн зэрэг нь шоконд ороод байсан эдийн засагт сэргэлт авчирч, төсвийн алдагдлыг бууруулахад нэмэр болсон гэх дүгнэлтийг эдийн засагчид өгөөд байгаа. Гэхдээ тайвширч болохгүй уул уурхайн үнийн өсөлтийн цикл үеийг зөв ашиглах нь эдийн засгийнхаа өсөлтийг илүү хангах боломж олгоно гэж үзэж буй.

Олон улсын валютын сангийн шалгалтын ард гарсан Сангийн сайдын хувьд мөн л амрах чөлөө гарахгүй нь бололтой. Ирэх оны төсөв боловсруулах их ажилд оржээ.

Хэнтий аймагт ажиллаж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан, мэдэгдэж байсан Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийн хувьд хариуцлага тооцох асуудлыг салбартаа ярихаас аргагүйд хүрэв.

Өнгөрсөн тавдугаар сард болсон хээрийн сургуулилтын үеэр гранат дэлбэрч, эрдэнэт хүний амь нас хохирсон хэргийн дуулиан намжиж амжаагүй байтал өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Тавантолгой дахь сургалтын төвийн ойролцоо хонинд явж байсан иргэн сум тэсэлснээр амиа алдсан харамсалтай хэрэг болсон юм.

Гэрчийн мэдүүлгээр бол тухайн үед талийгаач Н нь сум байж болзошгүй зүйлийг нүдээд сууж байсан. Нүдэж болохгүй тухай сануулаад бие засах зуур дэлбэрэлт болж, Н амь насаа алдаж, иргэн Т нуруундаа шарх авч, эмнэлэгт хүргэгдсэн байдаг.

Тухайн сум сургалт зохион байгуулах үеэр үлдсэн эд байсан уу, эсвэл олон жилийн өмнөх сургуулилтын үеэр газарт булаастай байсан сум гарч ирэв үү гэдгийг шалгаж тогтооно. Эндээс хэнд хариуцлага тооцох вэ гэдэг асуудал илүү тодорхой болох юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат осол болж өнгөрсний дараа энэ талаар мэдээлэл авах үеэрээ хариуцлагын асуудлыг хөндөх болно гэдгээ мэдэгдээд байгаа.

Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн амраагүй аж. Амрах ч боломж олдохгүй байгаа гэнэ.

Нийт нутгийн 60 гаруй хувь гантай, гандуу байгаагаас ургац алдах эрсдэл нүүрлэсэн. Хадлан тэжээл бэлтгэх боломжгүй болсон олон аймаг, сум бий.

Хамгийн хатуу өвлөөр тооцож, өвөлжилтийн бэлтгэл хангахыг Онцгой комиссын хуралдаанаас үүрэг болгосны дагуу аймгуудад ажиллаж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймагт ажилласан байна.

Өвс тэжээл бэлтгэх бололцоо байхгүй тул хойд хөршөөс 400 гаруй тонн өвс, тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй.

Мөн махаа илүү их хэмжээгээр экспортод гаргах зорилго тавин ажиллаж байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр наадмын дараахан амарчээ. Удахгүй ажилдаа орох аж.

Бусад сайд нартай нь харьцуулахад энэ улирал ачаалал арай бага, амрах боломжийг олгодог бололтой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж