МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх хоёр өдрийн турш хэлэлцэж, түүнд 5,1 жил хорих ял оноосон. Өнгөрсөн долоо хоногийн баасан гариг /2017.08.04/-т гаргасан шүүхийн шийдвэртэй холбоотойгоор МАХН-ын дарга удирдлага, гишүүд ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлэхгүй байгаад харамсаж байгаагаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү илэрхийлж, фэйсбүүк сүлжээг ашиглан иргэд, сонгогчдод шууд мэдээлэл хийлээ. Тэрбээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Шийлэгдамба нарын дөрвөн хүнд ял оноосныг зөвтгөж буруутгах гээгүй боловч намын нөхөд нь дуугүй байгаа нь зохисгүй зүйл гэж мэдэгдсэн юм. Учир нь тэрбээр Г.Шийлэгдамба намдаа санхүүжилт бүрдүүлэх үүднээс энэ хэргийг хийхэд хүрсэн гэж үзэж буй ажээ.
Энэ хэргээс үүдэн МАН УИХ-д олонх байгаа боломжоо ашиглан яаралтай гурван хуулийг батлах ёстой гэж мэдэгдсэн юм. Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг өөрчлөхийг шаардлаа. Эс тэгвээс төрийн албан хаагчид нь төрийн төлөө бус намын төлөө ажиллах, төрийн албан хаагчдыг намын өнгөөр халж сольдог байдал улам даамжирна гэж үзэж байгаа юм байна.
М.СУРА
Холбоотой мэдээ