-Биеэ хамгаалж чадахгүй байлдагч нар бэлтгэж байгаа Батлан хамгаалах салбарын офицерууд, салбарын сайд дарга нартай хариуцлага тооцох цаг болсон юм биш үү-
2017.04.11
2017.05.11
2017.06.10
2017.08.04
Улсын сүр хүч болсон цэргийнхний сургалтын төвд дөрөвхөн сарын дотор дөрвөн ноцтой осол гарчээ. Цэрэг, армийнхан жилийн жилд сургалт сургуулилт хийж л байдаг. Байнгын бэлтгэлгүйгээр ч тэднийг төсөөлөх аргагүй. Харин энэ жилийнх шиг осол аваар гарч, олон хүний амь нас эрүүл мэндийг хохироож байсан нь хэр олон бол. Сар бүр шахам шил даран гарч байгаа ослын шалтгаан нөхцөл хийгээд авч буй арга хэмжээний талаарх мэдээлэл нууц далд хэвээр. Осол гарсны дараа Батлан хамгаалахын сайд болоод ЗХЖШ-ын удирдлагууд уруу дорой царайлан эмгэнэл илэрхийлж, уучлалт гуйснаар асуудал шийдэгдсэнгүй. Сүүлд гарсан осолд сум олсон иргэнийг буруутгах маягтай тайлбарыг Ерөнхий сайдад өгсөн нь хэвлэлээр нийтлэгджээ. Мэдээж галт зэвсэг олоод түүнийгээ чулуугаар нүдэж суусан өөд болоочийн зөв гэхгүй ч цэрэг армийн сургалт сургуулилтын төв орчимд хүн, мал нутагшуулахгүй байх, нутаглалаа гэхэд аюултай зэвсэг техник, сум тэслэгчтэй хэрхэн харьцах, хаана хандах талаарх мэдлэг мэдээлэл өгөх нь Батлах хамгаалах салбар, ЗХЖШ-ын үүрэг биш гэж үү.
Тавантолгойд дараалан гарсаар байгаа ослын буруутан гэмтэж бэртсэн албан хаагч, өөд болсон хүмүүс гэсээр хэдий хүрэх вэ. Хамтдаа хариуцлага үүрэхийн тулд, бусдын төлөө сэтгэл гарган ажилла гэж дарга, удирдах албан тушаалтан томилдог бус уу. Тушаал өгч, даалгавар гүйцэтгүүлэхдээ бага албан тушаалтны амь нас, эрүүл мэндийг давхар хариуцаж явах бичигдээгүй хууль армид байдаг. Хэрэв эрсэдвэл үг дуугүй хариуцлага хүлээдэг жишиг ч урьд цагт байсан.
Харин өдгөө энэ ёс жудаг, хүн чанар хаягдаж гээгдээ юү? Тушаалыг нь биелүүлж яваад цэргүүд нь өөд болчихоод байхад дарга нар нь амиа хаацайлсан мэдээлэл хийгээд сууж байх болж. Амиа ч гэж дээ, албан тушаалдаа үлдэх гэж гэмтэж бэртэгсэд, нас барсан алба хаагчдаа буруутгаж суугаа нь үнэхээр ичмээр. Осол аваар гарсан эхний өдрөөс хатуухан хариуцлага хүлээлгээгүйн балгаар эгэл иргэд суманд өртөж эхэллээ.
Тавантолгойд гарсан ослоос гадна Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хугацаат цэрэг сургалтын гар бөмбөгийн тэслэгчтэй буруу харьцаж, гар болон нүдээ гэмтээсэн, Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн нэг офицер нь цэргүүдээ дэглэснээс хөлөө хөлдөөж, хуруугаа тайруулсан гэхчилэн тоочоод байвал Батлан хамгаалах салбарынхан хүний нүүр харахад ч хэцүүхэн болчихоод байгааг сануулъя. Биеэ хамгаалж чадахгүй байлдагч нар бэлтгэж байгаа Батлан хамгаалах салбарын офицерууд, салбарын сайд дарга нартай хариуцлага тооцох цаг болсон юм биш үү. Зэвсэгт хүчнийхэн сургалтын төвөө Тавантолгойгоос нүүлгэж, хотоос алсад аваачихгүй бол эгэл жирийн иргэд хүртэл зэвсэг техникт өртөөд эхэллээ. Олон улсад зартай тэмцээн уралдааны үеэр осол гарч хэрэг мандахгүй гэх баталгаа ч алга байна.
Улсын сүр хүч болсон цэрэг армийн дарга нарын хувьд хариуцлагаас мултарч үлдэхийн тулд Тавантолгойдоо лам залж, тарнидуулах л дутуу байх шиг.