Захиалагч нэхүүлсэн шийдвэр

Хуучирсан мэдээ: 2017.08.07-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Захиалагч нэхүүлсэн шийдвэр

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ нарын хэргийг хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхэд хэлэлцсэн нь өнгөрсөн долоо хоногийн гол анхаарал татсан үйл явдал байлаа. Гэхдээ өмнөх хоёр шүүх хурлаас ялгаатай нь энэ удаагийн шүүх хурлыг долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулиар шүүв. Хяналтын шатны шүүх Ц.Амгаланбаатарын өмнөх хэргийн хорих ялыг нэгтгэн нийт эдлэх ялыг 20 жил болголоо. Харин Шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарт оноосон 20 жилийн хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатарыг онц аюултай гэмт этгээдэд тооцсон заалтыг хүчингүй болгожээ.

Энэ нь төр, нийгмийн нэрт зүтгэлтнийг харгис, хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдийн ялыг Дээд шүүх хөнгөрүүллээ гэх бухимдлыг олон нийтийн зүгээс гаргахад хүргэв. Жирийн иргэдэд энэ хэргийг шунахайн сэдлээр хийсэн гэж ойлгогдохоор болоод хоцорлоо.

Улсын нууцтай холбоотой олон асуудал, гүйцэтгэх ажиллагааны нууцлал зэргээс шалтгаалан С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн гурван удаагийн шүүх хурал хаалттай болсон. Тухайн шүүх хурал бүр дээр шүүгдэгч болоод хохирогч нарын өмгөөлөгчид олон нийтэд ойлгомжтой болгож, хэргийн үнэн зөвийг тогтоон, зөв ойлголт өгөх үүднээс шүүх хурлыг нээлттэй хийх санал гаргаж байсан ч шүүх бүрэлдэхүүн татгалзаж байлаа. Гэхдээ энэ нь шүүх бүрэлдэхүүнүүдийн хоорондоо ярилцаад шийдэх асуудал биш учраас ийм шийдвэр гаргаж байсан гэдгийг Дээд шүүхийн зүгээс тайлбарлаж байна. Учир нь улсын нууцаас УИХ-ын чуулганы шийдвэрээр, мөн Ерөнхийлөгчийн шийдвэрээр л нууцын зэрэглэлээс тодорхой материалыг гаргах боломжтой гэнэ. Тиймээс шүүхийн эрх мэдлийн асуудал биш гэсэн үг.

Сонгууль болгоноор МАН-аас эхлээд энэ хэргийг илрүүлнэ гэж сонгогчдын саналыг авч, шоугаа бодит болгохын тулд гэм зэмгүй хүний амь насыг хүртэл үрж, 19 жилийн турш монголчуудын анхаарлын төвд байсан энэ хэрэг улсын нууцтай холбоотой ноцтой баримтууд хавтаст хэрэг авсан шалтгаанаар ийнхүү бүдэг бадаг, шүүхдээ найдаад өнгөрөхөөр үлдэж байна. Улсын яллагчийн зүгээс хангалттай нотлох баримтаар хэрэгтнүүдийг тогтоосон гэж, нууцын зэрэглэлээс хасан байж хоорондоо харилцаж байсан мессэжийг нь ил болгосон ч зарим нь илүү ихийг шаардаж байна.
Өөр нэгэн зүйл нь хэргийн захиалагч хэн байсан бэ гэх асуудал. Энэ нь хуулийн процедураараа ч тусдаа асуудал гэж зарим хуульч нар тайлбарлалаа. Тиймээс энэ хэрэг тусдаа явна гэсэн үг болж таарав.

Харин олон нийтийн итгэл үнэмшлийг хүндэтгэх үүднээс УИХ эсвэл Ерөнхийлөгчийн зүгээс хэргийн нотлох баримтаас иргэдэд ойлгомжтой тодорхой баримтыг нууцын зэрэглэлээс хасч, ил гаргавал олон олон ойлгомжгүй байгаа асуултдаа иргэд хариулт авах биз ээ.

Ямартай ч 19 жилийн дараа С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэлээ. Иргэдийн эргэлзээг тайлах нь зүйтэй болов уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж