Безосын хөрөнгийн эх үүсвэр Amazon компанийн хувьцаа нэмэгдсээр эзнээ дэлхийн хамгийн баян хүн болголоо. Түүний хөрөнгө харин Forbes сэтгүүлийн чансааг хэчнээн хугацаанд толгойлох нь таавар хэвээр үлдэв.
Amazon компанийн ерөнхий захирал Жефф Безос хувьцааны үнийн өсөлтийн буянаар Билл Гейтсийг ардаа орхин дэлхийн хамгийн баян хүн болсныг Forbes Real Time чансаа харууллаа. Өнгөрсөн сарын сүүлчээр түүний хөрөнгийн үнэлгээ $90,5 тэрбум доллар болсон нь Майкрософтын үндэслэгчийн хөрөнгөөс $500 саяар илүү болжээ.
Безосын өөрийнх нь үндэслэсэн интернэт компанийн хувьцааны үнэ долдугаар сарын 27-нд 1,6 хувиар нэмэгдсэнээр 1,4 тэрбумаар хөрөнгийг нь нэмэгдүүлжээ. Одоо Безос компанийнхаа хувьцааны 17 хувийг эзэмшдэг ажээ. Энэ нь Гейтсийг ардаа орхиход тус болжээ. Өнгөрсөн онд Гейтсийн өмнө Inditex холдингийн эзэн Амансио Ортега орсон ч тэр нь удаан үргэлжлээгүй дөнгөж хоёр хоногийн настай байжээ.
Forbes сэтгүүл дэлхийн баячуудын жагсаалтыг 1987 оноос эхлэн гаргаж байгаа энэ хугацаанд дэлхийн хамгийн баян гэж нэрлэгдсэн хүмүүсийн долоо дахь нь Безос болж байна. Мөн тэрбээр энэ чансааг толгойлсон гурав дахь америк хүн юм. Безос, Гейтс хоёроос гадна чансааг Berkshire Hathaway компанийн тэргүүн Уоррен Баффет нэг удаа толгойлжээ.
Forbes-400 чансаанд Безос анх удаагаа компанийн хувьцаа эзэмшигч болсноос нэг жилийн дараа буюу 1998 онд орж ирсэн байв. Тэр үед түүний хөрөнгө 1,6 тэрбум доллар байжээ. Тэрбээр энэ жилийн баячуудын чансааны Forbes жагсаалтад гуравт бичигдэн $72,8 тэрбумаар хөрөнгө нь үнэлэгдсэн байлаа. Тэндээс дэлхийн тэргүүн баян болоход хоёр сар гаруй хугацааг зарцуулжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР