АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп НАТО (Умард Атлантын цэргийн эвсэл) байгууллагын гишүүн орнуудыг ижил тэгш хэмжээтэй төлбөр төлөх ёстой гэсэн шаардлагыг Герман улс эсэргүүцсээр байна. Германы Социал Демократ нам аас эдийн засгийнхаа хоёр хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгийг цэргийн зардалд зарцуулна гэдэг бол байж боломгүй гэж эсэргүүцжээ. Германд ирэх есдүгээр сарын 24-нд парламентын сонгууль болох гэж буйтай холбоотойгоор энэ асуудал намуудын дунд маргааны сэдэв болоод байна.
Герман улс НАТО-гийн шаардлагын дагуу эдийн засгийнхаа хоёр хувийг цэргийн зардалд зориулж эхэлбэл Европ дахь хамгийн том цэргийн хүчийг бий болгоно гэдгийг Социал Демократ намын дарга Мартин Шултц тайлбарлажээ. Түүнчлэн тэрбээр хэн ч нацист Германы түүхийг давтахыг хүсэхгүй гэдгийг онцолсон байна.
Харин Германы канцлер Ангела Меркель цэргийн зардлаа нэмэгдүүлэх асуудалд өмнөх удирдлага хэдийн зөвшөөрч гарын үсэг зурсан гэдгийг мэдэгджээ. НАТО-ийн гишүүн орнууд 2014 онд ДНБ-ийнхээ 2 хувийг эвслийн зардлыг хуваалцахад зориулж гаргахаар тохиролцсон аж. Гэтэл НАТО-гийн жилийн тайлан мэдээллээр АНУ, Их Британи, Грек, Польш, Эстони улсууд л хоёр хувийг батлан хамгаалахдаа зарцуулж байгаа аж. Герман улсын хувьд 1.2 хувийг батлан хамгаалахын зардалд зориулдаг байна. Тиймээс Дональд Трамп НАТО дахь улс орнуудын оролцоог тэнцвэргүй байгааг эсэргүүцэж, Герман улсыг зардлаа тэгш хэмжээгээр хуваалцахыг шаардаж буй. Дональд Трамп өнгөрсөн 12 жилийн хугацаанд Германы дутуу төлсөн зардлыг Германаас нэхэмжилж, канцлер Ангела Меркельд шахалт үзүүлжээ.
Германы сөрөг хүчний намууд Дональд Трампын шаардлагыг хүлээн зөвшөөрч буй канцлер Ангела Меркель болон түүний намыг буруутган шүүмжилжээ. Одоогоор Германы эрх баригч намын ард иргэдийн дэмжлэг 38-40 хувьтай байгаа аж. Харин сөрөг хүчний Социал Демократ намын чансаа өссөөр 15 хувьд хүрчээ.
Б.ТУЯА
Холбоотой мэдээ