Өөрийгөө ялан дийлсэн Ц.Тамир: Битгий бууж өг

Хуучирсан мэдээ: 2017.08.06-нд нийтлэгдсэн

Өөрийгөө ялан дийлсэн Ц.Тамир: Битгий бууж өг

Намрын ургац хураалтын их ажлын үетэй зэрэгцээд жил бүрийн намар шатахууны үнэ өсч монголчуудыг тэвдүүлдэг талтай ч энэ жилийн хувьд хойд хөрш энэ төрлийн бүтээгдэхүүний татвараа хөнгөлөх зэргээр уян хатан хандаж буй.

Дэлхийн хамгийн том электрон барааны “Best Buy” дэлгүүрт компьютер тоглоомын тайлбарлагчаар ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй Ц.Тамир хэмээх залуутай ярилцлаа. Тэрбээр төрөлхийн хөдөлгөөний бэрхшээлтэй буюу тархины саажилттай төрсөн бөгөөд одоо 26 настай ажээ. Ц.Тамир энэ удаа монголынхоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залууст туслах чин сэтгэл өвөртлөн, эх орондоо ирээд байгаагаа дуулгасан юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе. 

-Ц.Тамираа сайн явж ирэв үү. Бидэнд өөрийгөө танилцуулаач?

-Намайг Ц.Тамир гэдэг. Би АНУ-д ажиллаж амьдардаг. Одоо тус улсын Миннесота мужид байрлах дэлхийн хамгийн том электрон барааны “Best Buy” дэлгүүрт компьютер тоглоом тайлбарлагчаар ажилладаг. Би тэр дэлгүүрт найм дахь сардаа ажиллаж байна.

-Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүссэн ажлаа хийх боломж тэр бүр олдоод байдаггүй. Ц.Тамираа маань дэлхийн хамгийн том электрон барааны дэлгүүр хэрхэн ажиллах болсон тухайгаа ярихгүй юу?

-Би Америкт энгийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн нэг сургуульд сурдаг байсан. Тэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд их тусалж, анхаардаг. Бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сонирхлынх нь дагуу хөгжүүлдэг өдөр өнжүүлэх төв бий. Би тэр төвд хамрагдаж, компьютерийн чиглэлээр суралцсан. Ингэж мэргэшсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах зорилгоор бизнесийн байгууллагуудтай холбож өгдөг юм. Энэ журмаар би ажилд орж, хамт олонтой болсны зэрэгцээ өөрөө ч мэдлэг мэргэжлээ дээшлүүлээд амьдарч байна.

Бас нэг сайхан мэдээ дуулгахад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Америкт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн том хурал болсон. Би тэр хуралд оролцож, илтгэл тавьсан юм. Гэтэл хурлын үеэр “Майкрасофт” компанийн менежер надтай уулзаад тус компанийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан шинээр гаргаж буй хэл яриа засах технологийн төсөл дээр хамтран ажиллах санал тавьсан.

-Одоогоос 15 жилийн өмнө чи анх АНУ-д очиж байжээ. Тэнд хэнтэйгээ амьдардаг вэ. Эх орноо санадаг уу? 

-Тийм ээ. Би Америкт ээжтэйгээ хамт амьдардаг. Би анх гишгэж чадахгүй хөл маань бүр эргэчихсэн байсан юм. Тэгээд Америкт хөлөө эмчлүүлэхээр сэргээн засах хагалгаанд орж, төмөр суулгуулсан. Үүнийхээ дараа жил гаруй хэвтрийн дэглэмтэй гэртээ байсан. Тэр цагаас хойш 15 жил Америкт амьдарчээ. Одоо хөл дээрээ сайн явдаг болсон шүү.

Ээж бид хоёр тэр бүр эх орондоо ирээд байж чаддаггүй ээ. Монголдоо гурван жилийн өмнө ирээд, амраад явсан. Гурван жилийн дараа ирэхэд Улаанбаатар хот маань улам л гоё болсон харагдаж байна. 

-Ц.Тамираа энэ удаа хөгжлийн бэрхшээлтэй дүү нартаа хэрэгтэй зүйлээр нь туслахаар ирсэн гэсэн. 

-Би өөрөө төрөлхийн хөдөлгөөний бэрхшээлтэй буюу тархины саажилттай төрсөн. Сургуулийн насанд хүрээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10 дугаар цогцолборт суралцдаг байсан юм. Одоохондоо цэцэрлэг дээрээ хараахан очиж амжаагүй л байна. Энэ сарын 20-нд цэцэрлэг дээрээ очиж багш нартайгаа, бас тэнд суралцдаг дүү нартайгаа уулзана. Миний өнөөдрийн амжилт 11 жилийг хамтдаа өнгөрүүлсэн 10 дугаар цогцолборын багш сурган хүмүүжүүлэгч нар болон анд найзуудаас маань шууд хамааралтай. Иймээс би өөрийнхөө боломж дээрээ тулгуурлан их биш ч гэсэн хүүхдүүдэд хэрэг болох зүйлсийг авчирсан.

-Ц.Тамираа өөрөө сурч байсан болохоор дүү нартаа хэрэгцээтэй байгаа зүйлсийг хамгийн сайн мэдэх байх?

-Намайг бага байхад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тэргэнцэр, таяг, хөл тэнцвэржүүлэгч хийгээд хэрэгцээтэй эд хэрэглэл хомс байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай үзэг бал, тоглоом, гутал хувцас ч ховор байлаа. Тийм учраас би дүү нартаа туслахыг хүссэн. Одоо ч тэд маань нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эд хэрэглэлээр байнгын дутагдалтай байдаг гэж сонссон. Жишээ нь хүүхдийн хатуу гутал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тэрэг тэргэнцэр, тусгай ширээ сандал, харьцдаг самбар буюу дуу хоолойгоор асуултад хариулдаг төхөөрөмж, дэвтрийн доор тавьдаг ширээний наалддаг дэвсгэр, цаас хавчдаг самбар, гарт эвтэйхэн тусгай үзэг харандаа гэх мэт хичээлийн хэрэглэлүүд хэрэгтэй байдаг. Тиймээс би энэ зуны амралтаараа эдгээр хүүхдүүдэд шаардлагатай эд зүйлсийг хандивын тусламжтайгаар худалдан авч гарт нь хүргэх зорилготой ирсэн юм.
Багш нартайгаа уулзаад өөр зүйл хэрэг болно гэвэл өөрийнхөө боломжоор дахин туслахыг хичээнэ ээ.

-Ц.Тамираа одоо Америкт ажиллаж, амьдарч байгаа. Тийм учраас англи хэл мэдлэг маш чухал. Англи хэлийг хэрхэн сурч байв? 

-Би 11 настайдаа Америкт очоод өдөрт нэг англи үг цээжилдэг байсан. Сургуульд явж байхдаа ангийнхаа найзуудтай ярилцана. Эхэндээ ангийнхантайгаа ойлголцоход хэцүү байсан. Би өөрөө тэдэнтэй ойлголцохыг маш их хичээдэг байсан. Тэгээд цээжилсэн үгээ эвлүүлж холбож уйгагүй ярьсаар байгаад ойлголцдог болсон. Хүн өөрөө хичээвэл бүх л зүйл болно. Америкт хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль гэж байхгүй. Энгийн хүүхдүүдтэй адил сургуульд сурдаг. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь дэргэдээ тусгай асрагчтай. Асрагч нь жорлон орох, хоол идэхэд тусалдаг.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ. Монгол дахь найзуудтайгаа холбоотой биз дээ?

-Би сагс тоглох дуртай. Бас биеэ хөгжүүлэх дасгал хийнэ. Бага байхдаа нэг цэцэрлэгт хамтдаа явдаг байсан найзуудтайгаа үргэлж холбоотой байдаг. Багын найз Мөнхтулга найз маань одоо ном зохиол бичдэг. Өөр олон найзууд бий. 

-Монголд тархины саажилт гэсэн оноштой хөгжлийн бэрхшээлтэй цөөнгүй хүүхдүүд бий. Найз нартаа, дүү нартаа хандаад ямар зөвлөгөө өгөх вэ?

-Би багадаа эмнэлгээр, сувиллаар их явсан. Их хүчтэй эм, тариа хийлгэдэг байсан. Бас нэг зүйлийг хэлэхэд эцэг, эхчүүдээ танд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа бол тэднийг багаас нь тэвэрч, бөөцийлж өсгөхөөс илүү өөрөөр нь хөгжүүлж өсгөөрэй. Ирээдүйд нь хэрэгтэй шүү. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус маань өөрөө зүтгэ, хичээ, битгий бууж өгөөрэй. Өөртөө битгий гутар. Тэгж чадвал зорьсондоо заавал хүрнэ шүү.

Гэрэл зургийг Э.Энхбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж