Филиппиний нийслэл Манила хотод энэ сарын 5-9-ны хооронд Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг /АСЕАН/-ийн аюулгүй байдлын чуулган болно.
Энэхүү уулзалттай холбоотойгоор, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Азийн орнууд дахь айлчлалаа өнөөдрөөс эхлүүллээ. Тэрбээр Манила хотод зохион байгуулагдах АСЕАН-ы аюулгүй байдлын чуулганд оролцсоны дараагаар Тайланд болон Малайз улсад айлчлах юм.
Айлчлалын хүрээнд Рекс Тиллерсон Солонгосын Хойг болон бүс нутгийн асуудлыг хэлэлцэх ажээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази болон Номхон далайн асуудал хариуцсан туслах Сюзан Торнтон “АСЕАН бол бүс нутгийн аюулгүй байдлын бүтцийн хамгийн чухал хэсэг. Мөн аливаа мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх нь АСЕАН гол үүрэг” гэдгийг онцолжээ.
АСЕАН-ы аюулгүй байдлын чуулганы үеэр Рекс Тиллерсон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзах юм байна. Энэ уулзалт нь АНУ ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авснаас хойших хоёр талын анхны уулзалт болж байгаа юм.
Мөн тэрбээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзах өндөр магадлалтай байна.
АСЕАН-ы аюулгүй байдлын уулзалтад хүрэлцэн ирэх онцгой зочдын нэг бол БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Ли Ён Хо юм. Энэ уулзалтаар Хойд Солонгосын пуужингийн туршилт хийж буй үйлдлийг хэлэлцэнэ. Гэхдээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Ли Ён Хотой уулзах боломжгүй байх гэж үзэж байгаа ажээ.
Тэрбээр “Би Хойд Солонгосын төлөөлөгчтэй уулзана гэж төлөвлөөгүй. Гэхдээ энэ уулзалт болно гэж найдахгүй байна” гэв.
Бэлтгэсэн: Ц.УРАН