Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо өчигдөр сум тэсэрч, нэг иргэн нь газар дээрээ нас барсан бол нэг иргэн нь бэртэл авч, эмнэлэгт хүргэгджээ. Болсон хэрэг явдлыг тодруулбал, Тавантолгойпд сургалт болж байх үед баруун зүгт хоёр иргэн суманд өртсөн тухай дуудлага иржээ. Энэ хэрэг явдал сургалт болж байгаа газраас баруун зүгт болсон байна. Дээрх газарт очихоад Төв аймгийн Алтанбулаг сумын 3-р багийн иргэн 49 настай Н тэсрэх зүйлд өртөж нас барсан байдалтай, тус багийн иргэн 48 настай Т ар нуруундаа шархадсан байжээ. Т-д эмнэлгийн анхан шатны тусламжийг нэн даруй хүргэж, Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн байна. Одоогоор иргэн Т-ийн биеийн байдал хэвийн, 2-3 хоногийн дараа эмнэлгээс гарах гэнэ.
Иргэн Т-гийн хэлснээр тухайн үед хоёр айлын хонь мал нийлэх гээд байсан тул хээр хонио хариулж байсан Н дээр очиход талийгаач хээрээс сум оллоо гэсээр түүнийгээ чулуун дээр нүдээд сууж байжээ. Тэсрэх зүйлийг нүдэж цохиж болохгүй талаар анхааруулаад, цаашаа харж бие засаж байх зуурт ард нь тэсрэх чимээ сонсогдсон аж. Миний нуруу бас шархадсан учраас юу болсныг сайн ойлгоогүй гэсэн байна.
Болсон үйл явдалтай холбогдуулан хэргийн газарт цагдаагийн байгууллага ажиллаж эхэлэжээ. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс тэсрэх зүйлийн гарал үүсэл, яагаад тэсэрч дэлбэрсэн шалтгааныг судалж байгаа юм байна.
Иргэн Н-ийн тэсрэх зүйл олсон газар нь Таван толгой дахь зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвөөс баруун тийш 26 км газарт байрлах бөгөөд УИХ-ын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан хориотой газар нутагт багтах хэсэг аж.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзан, мэдээлэл сонсчээ.
Энэ өдрүүдэд Таван толгой дахь хээрийн сургалтын төвд дэлхийн 26 орны 1100 гаруй цэргийн албан хаагч оролцсон “Хааны эрэлд 2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль болж байгаа. Жил жилийн олон улсын сургуулийн үеэр байлдааны галт хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйлс ашигладаггүй, энхийг дэмжих ажиллагааны сургалт зохион байгуулдаг гэдгийг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ онцолсон.
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа: Таван толгой дахь зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд “Хааны эрэлд” арга хэмжээнээс гадна байлдааны сургалт зохион байгуулдаг. Хамгийн сүүлд 2017 оны тавдугаар сарын 3-ны өдөр сургалт хийсэн. Сургалт болгоны дараа тусгайлсан ажлын хэсэг гарч, хайгуул устгалын бүлэг ажиллуулан, сургалтаас үлдсэн тэсэрч дэлбэрэх зүйлсийг устгаж, акт баримт үйлддэг. Сүүлийн жилүүдэд болсон сургалтаас үлдсэн зүйлс байхгүй гэж мэдээлсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонссоны дараа цагдаа хүчний байгууллагын дүгнэлтээс гадна Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гаргасан дүгнэлтийг үндэслэж хариуцлагын асуудал тооцно гэдгээ мэдэгджээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ