Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим карт нэвтрүүлээд хоёр жил болсон ч нэг хэсэг нь 500 төгрөг төлж зорчсон хэвээр байна. Бас ч яах вэ, мөнгөө төлсөнгүй гэдэг их хэрүүл автобус дотор босдог байсан цаг үетэй харьцуулахад “500 төгрөг өглөө, авахгүй байхаар яадаг юм. Үнэгүй зорчоогүй шүү” гэж цухалдах нь нэг бодлын дэвшил ч юм шиг. Гэхдээ бэлэн мөнгө төлөөд явах нь автобус компаниудын алдагдлыг бууруулахад саад учруулах талтайг иргэд нэг л сайн ухаж ойлгосонгүй, хоёр жилийг ардаа хийжээ.
“Улаанбаатар смарт карт” компанийн зүгээс зорчигчдыг автобусны жолоочид бэлэн мөнгө төлөхгүй, картаар үйлчлүүлэхийг уриалж, урамшуулал зарласан ч журам чангархаар арга нарийсна гэдэг болж хувирав.
Картгүй зорчигч автобусанд орж ирэнгүүтээ карттай нэгнээ ёворч “Картаа уншуулчих, 500 төгрөг өгье” гэж хэлнэ. Жолооч ч шуурхай гэгч нь тохиргоо хийж, хоёр хүний төлбөрөөр картыг нь уншуулна. Үйлчилгээнд явж байгаа автобус бүрт энэ чиглэлийн хяналт шалгалт гарсан тул жолооч торгуулж, цалингаа хасуулж байснаас дээр бололтой.
Нэг хэсэг үзэгдэхээ болиод байсан хянан шалгагч нар автобус бүрт сууж үзэгдэх болжээ. Гэвч тэд “Картгүй иргэнд үйлчлэхгүй” гэх шаардлага тавихаас илүүтэй “Карттай хүн гуй” гэж зөвлөгөө өгөх нь олонтаа. Энэ тохиолдолд өдийг болтол картгүй автобусаар зорчих иргэдийг өөгшүүлсэн л зөвлөгөө болж хувираад байна.
Картгүй хэрнээ автобусаар үйлчлүүлэхээр орж ирсэн зорчигчдын хэлж байгаа нийтлэг нэг зүйл нь “Карт зарагдахгүй байгаа” тухай юм.
Үнэндээ ч автобусны буудлыг тойроод шамбааралдах “U money” карт борлуулж, цэнэглэх ТҮЦ-үүд өглөө ихэвчлэн хаалттай байх нь олонтаа.
Оройхон ажил тарах үеэр картаа цэнэглүүлэхээр очиход зарим ТҮЦ-ний эзэн “Цахилгаан тасарсан тул ажиллахгүй”, эсвэл “Төхөөрөмж алдаа заагаад цэнэглэхгүй байна” гэх нь бий. Иймээс энэ асуудлыг анхаарах шаардлага байна.
Нөгөө талаас картгүй зорчиж байгаа иргэд одоо зохих ёсоор үйлчлүүлж сурцгаа. Бусдын төлөө амьдрахын тулд автобусаар үйлчлүүлж байгаа юу гэмээр ааш аяг гаргах нь үнэндээ өрөвдмөөр л харагддаг. Карт худалдан авахад 3600 төгрөг л төлнө. Хаа сайгүй карт борлуулах цэгүүд байрлаж байхад заримдаа хү үнэмшихийн аргагүй тайлбар тавих тохиолдол ч гарч байна.
“U money” картаар үйлчлүүлдэг болчихвол дамжин суухад үнэгүй. Тэр хэрээр мөнгө хэмнэнэ. Автобус компанийн алдагдлыг бууруулахад ч хувь нэмэр оруулна.
Нийтийн тээврийн үйлчилгээг цахим картад шилжүүлсэн нь иргэдийн зорчих бүрийдээ төлдөг 500 төгрөгийг хэмнэх, автобус компаниудын алдагдлыг бууруулах зорилготой юм.
Хуучин зорчигч бүр дамжин суулт бүртээ 500 төгрөг төлөөд байхад л автобус компаниудын алдагдал буурдаггүй, өсдөг байлаа. Кондуктор, жолооч хоёр “цавчаа” хийгээд зорчигчийн төлбөр компанидаа очихгүй байна гэх явган яриатай олон жилийн үдсэн. Энэ үг үнэний ортой байж мэдэхээр буйг дамжин суултдаа мөнгө төлөхгүй байхад л автобус компаниуд хоёр жил орчмын хугацаанд алдагдал хэрээс хэтэрсэн тухай яриагүй. Харин ч автобус компаниудын орлого бэлнээр төлбөр авдаг байсан үетэй харьцуулахад хэд дахин өссөн мэдээ цацагдах болсон.
Иймээс татвар төлөгчдийн мөнгийг автобус компанийн алдагдлыг бууруулахад бага зарцуулж байхын тулд зорчигч та картаа худалдан авч үйлчлүүлэх хэрэгтэй байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ