Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлж, 15 кабин ашиглалтад оруулжээ. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэн өмнөд хөршийг зорьж байгаа урсгал саадгүй явах бололцоо бүрдсэн байна. Хил хамгаалах байгууллага Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу хилийн боомтуудын үйл ажиллагааг сайжруулах, зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр аливаа хүндрэл, бэрхшээлгүйгээр шуурхай шалган нэвтрүүлэх чиглэлээр цогц арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлж байгаагийн нэг нь дээрх ажил аж.
Тус кабин нь эрүүл, аюулгүй байдлыг бүрэн хангасан, шаардлагатай програм бүхий компьютер, гэрэл дохио, агааржуулагч зэрэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд суурилуулагдсан гэдгээрээ онцлогтой юм байна. Алба хаагчдын ажиллах орчин эрс сайжирч буй аж. Мөн эрдэс баялаг тээвэрлэж буй жолооч нар хэдэн өдрөөр оочирлож, хил нэвтэрч өдөр алддаг байдал ч байхгүй болох сайн талтай гэнэ.
Г.ХОРОЛ