Шадар сайдын ажлын албанаас өнөөдөр /2017.08.04/сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр “Сарын өмнө бидэнд Шадар сайд У.Хүрэлсүхийг хууль бусаар мөрдөж эхэлсэн тухай мэдээлэл ирсэн. Энэ асуудлыг Шадар сайдад танилцуулахад “Хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй” гэж үзсэн. Ийм учраас долдугаар сарын 3-нд Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нарт хандан албан бичиг хүргүүлсэн.
Албан бичигт “Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэндэд халдах зохион байгуулалттай үйл ажиллагааг нэр бүхий албан тушаалтан зохион байгуулж болзошгүй гэж үзэж байгаа тул уг асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд нягтлан шалгаж, яаралтай арга хэмжээ авна уу” гэж бичсэн байгаа. Одоогоор дээрх газруудаас ямарваа нэгэн хариу ирүүлээгүй байна.
Дөрөв хоногийн өмнө мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярт хандсан.
Яагаад гэвэл энэ хэрэг явдалтай холбоотой гэх бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн.
Албан бичигт “Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар чагнах, тагнах ажиллагаа явуулж байгаа талаар Шадар сайдын албанд мэдээлэл ирүүлсний дагуу холбогдох байгууллагаар шалгаж, тогтоолгох тухай албан бичиг явуулсан. Энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн, төрийн өндөр дээд албан тушаалтны амь нас, аюулгүй байдалд заналхийлсэн. Цаашлаад төрийн сайдыг тагнах, чагнах байдлаар хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулах замаар үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах гэсэн ноцтой үйлдэл тул Аюулгүй байдлын байнгын хороонд хандаж байна” гэдгийг мэдэгдсэн гэлээ. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд мөн хандсан байна.
Тэрбээр мөн Одоо бид гэрчүүдэд санаа зовниж байна. Хуулийн байгууллагаар аюулгүй байдлыг хангах, гэрчүүдийг хяналтдаа авах нь зүйтэй гэж Шадар сайдын ажлын алба мэдэгдэж байгаа. Энэ хэрэг явдлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх боломжгүй гэсэн юм.
Г.ДАРЬ