28 орны тамирчид өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.04-нд нийтлэгдсэн

28 орны тамирчид өрсөлдөж байна

28 орны тамирчид өрсөлдөж байна

Долдугаар сарын 29-ний өдөр Москва хотын ‘Патриот’ цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийсэн Олон улсын армийн тоглолт амжилттай үргэлжилж байна.

Тус тэмцээний нээлтийн арга хэмжээнд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу, оролцогч орнуудын цэргийн атташе нар оролцсон бөгөөд Европ, Ази, Африк, Латин Америкийн 28 орны 3500 гаруй цэргийн алба хаагч оролцож байна.

Тэмцээний эхний өдрийн хоёрдугаар гараанд Монгол, БНХАУ, Азербайжан, Кувейт улсуудын баг уралдахаар болж, гараанаас алтан соёмбот далбаатай улаан өнгийн танк гарснаар тэмцээн эхэлжээ.
Манай экипаж танкийн их бууны 3 буудлагын хоёрыг онож, тэмцээнийг амжилттай эхлүүлээд нисдэг тэрэг, гранатомётын байг алдалгүй оносон юм. Туг сүлжих, шулуун замын хурд, усан болон нүхэн гарцуудыг экипажийн механик ахмад В.Ууганбаяр уран жолоодлогоор төвөггүйхэн давсан. Мөн Азербайжаны танк саад бартааг маш хурдтай туулж байсан бол БНХАУ-ын танк өөрт оногдсон байнуудыг алдалгүй устгаж байсан юм.

Хоёрдугаар гарааны тэмцээний дүнгээр БНХАУ-ын цэргүүд тэргүүлж, удаах байруудад Азербайжан, Монголын цэрэг эрс шалгарчээ. Харин Тажикстан, Кувейт улсын баг тусгай шагнал хүртсэн бол Африк тивээс оролцож буй Уганда улсын цэргийн баг тэмцээний дүрмийг зөрчсөний улмаас хасагдлаа.

Манай улсыг төлөөлж тэмцээний олон улсын шүүгчээр хошууч генерал С.Баасанхүү, Монгол Улсаас ОХУ-д суугаа Батлан хамгаалахын цэргийн атташе, бригадын генерал Г.Энхбаатар нар оролцож байгаа аж.

Тус тэмцээний хүрээнд явагддаг ‘Хээрийн гал тогоо’ уралдаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид энэ жил хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд ЗХЖШ-ын Ар талын газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батнямаар ахлуулсан Зэвсэгт хүчний 5 ангийн ахлах тогооч, тогооч нарын төлөөлөл оролцож байгаа юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний баг ОХУ, Беларусь, Израил, Азербайжанд, Серби улсын мэргэжил нэгт дайчидтай буудлага, хээрийн нөхцөлд хоол бэлтгэн, талх нарийн боов хийж, мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөхөөс гадна тэмцээнийг үзэж сонирхож буй үзэгчид, зочид төлөөлөгчдөд монгол үндэсний хоол бэлтгэн амтлуулах юм.

Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын хуурай хүнс ‘Үүц-1’ болон уламжлалт аргаар бэлтгэсэн борц, хатаасан мах, цагаан идээний үзэсгэлэнг дэлгэж, ‘Орос дууг хэн сайн дуулах вэ’ сэдэвт уралдаанд оролцон, эх орон, Зэвсэгт хүчин, үндэснийхээ идээ, ундааг сурталчлахаар бэлтгэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон ‘Армийн тоглолт’ Олон улсын уралдааны нээлтийн үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу тэргүүтэй зочид төлөөлөгчид ‘Хээрийн гал тогоо’-ны байрлалд хүрэлцэн ирж зургаан улсын цэргийн тогооч нарын бэлтгэсэн амтат зоогийг барив. Тодруулбал Азербайжаны махтай хоол, чихэр, ОХУ-ын загас болон талх, манай баг тамирчдын чанасан сүүтэй цайнаас уусан юм. ‘Хээрийн гал тогоо-2017’ уралдаан энэ сарын нэгэнд ОХУ-ын Зэвсэгт хүчний Ар тал, хангалтын баярын өдрийг тохиолдуулан нээлтээ хийж наймдугаар сарын 12-нийг хүртэл үргэлжилж, дүнгээ гаргах юм.

Эх сурвалж: БХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж