“Сарнай” хүүхдийн төвийг үнэ төлбөргүйгээр барина

Хуучирсан мэдээ: 2017.08.04-нд нийтлэгдсэн

“Сарнай” хүүхдийн төвийг үнэ төлбөргүйгээр барина

“Сарнай” хүүхдийн төвийг үнэ төлбөргүйгээр барина

“Сарнай” 100 хүүхдийн асрамжийн төвийг байгуулах “Нэг хүн-Нэг тоосго” аяныг албан ёсоор зогсоосон гэсэн мэдээлэлд хариу өгөхөөр “Их нигүүлсэхүй” төрийн бус байгууллагын тэргүүн С.Дэлгэр, иргэн М.Сарнай нар өнөөдөр /2017.08.04/ мэдээлэл хийсэн юм. 

Нийслэлийн Засаг дарга М.Батболдын иргэн М.Сарнайд өгсөн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны зургаан айлын газар дээр барилгын ажлыг эхлүүлжээ. Харин барилгын гүйцэтгэлийг “Мега Ворлд” компанийн зүгээс үнэ төлбөргүй хийж өгнө гэдгийг хурлыг зохион байгуулагчид хэлж байв.

Хэвлэлийн хурлын үеэр “Их нигүүлсэхүй” төрийн бус байгууллагын тэргүүн С.Дэлгэрээс зарим зүйлийг тодрууллаа. 

-“Сарнай” хүүхдийн төв албан ёсны зөвшөөрлөө авсан уу?

-“Сарнай” хүүхдийн төв албан ёсны хүүхдийн асрамжийн төв биш. Энэ бүсгүй сайхан сэтгэлээрээ энэ олон хүүхдүүдийг хооллож, ундалж байгаа. Өнөөдөр зарим иргэд “Хүүхэд өргөж авах гэсэн юм”, “Энд хараа хяналтгүй хүүхэд” байна гэж их утсаар ярьдаг. Энэ асрамжийн төв баригдсаны дараа албан ёсны зөвшөөрлийг авах болно. Нийгмийн байдлаас хамаараад энэ асрамжийн газарт заавал бүтэн өнчин хүүхэд гэлтгүй эцэг, эх нь архины хамааралтай, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд ч амьдарч болно.

-Хүүхдийн төвийн барилгын ажил хэдийгээр эхлэх вэ. Цаашдаа үргэлжлүүлэх үү?

-“Сарнай” хүүхдийн төвийн барилгын шавыг өнгөрөгч даваа гариг буюу шинийн наймны өдөр тавьсан. Одоогоор барилгын ажил эхлээд, өчигдөр /2017.08.03/ барилгын газрыг тэгшилсэн. Ирэх ням гаригт барилгын суурийг хийж эхэлнэ. Бүх ажил төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгаа.

-“Нэг хүн-Нэг тоосго” аяны хүрээнд хэчнээн төгрөг цуглараад байна. Тэр мөнгөнөөс ашигласан уу?

-Энэ аяны хүрээнд бид хоёрын хамтын эзэмшлийн гурван банкны нийт дансанд 44.763.928 мянган төгрөгийн хандив цугларсан. Маш олон хувь хүн, албан байгууллагууд энд хандив өргөсөн. Фэйсбүүкийн “Нэг хүн- Нэг тоосго” аяны албан ёсны хуудас дээр бүх мэдээллийг байршуулсан байгаа. Харин энэ мөнгөнөөс 940 мянган төгрөгийг хандивын хайрцаг аялуулахын тулд авсан. Мөн М.Сарнайгийн гэрийг Баянхошуунаас Хан-Уул дүүрэг рүү нүүлгэхэд 1 сая 671 мянган төгрөгийн зардал гаргасан. Ингээд одоо 42.992.128 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Өөр юунд ч мөнгөө зарцуулаагүй байгаа. Энэ мөнгийг байшин барилга барьж буй хүмүүс болон барилгын материал авах гэх мэт яг барилга барихад зарцуулна. Тэрнээс биш М.Сарнайгийн идэх хоолонд зарцуулахгүй. Тэртэй тэргүй сайхан сэтгэлт хүмүүс М.Сарнайд идэх хоол өгч байна.

-Таны хувьд “Нэг хүн-Нэг тоосго” аянг анх санаачилсан гэлээ. Харин Ц.Сувд-Эрдэнэ энэ аяныг албан ёсоор зогсоох мэдэгдлийг гаргасан. Аяныг санаачлагч хүний хувьд хоорондоо ярилцсан уу?

-Миний хувьд “Нэг хүн-Нэг тоосго” аяныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-ны өдөр албан ёсоор эхэлсэн. Тэрнээс өмнө иргэн М.Сарнайд асрамжийн төв барьж өгнө гэдэг асуудлыг Ц.Сувд-Эрдэнэ фэйсбүүкт постолж, нийтэлж байсан. Одоо бол аяны санаачлагч нь Ц.Сувд-Эрдэнэ, С.Дэлгэр эгчээ та яагаад байгаа юм бэ гэж байгаа. Энэ аяныг анх санаачилсан өдөр Үндэсний телевизээр мэдээг хүртэл гарсан. Тэгсэн энэ сарын 2-ны өдөр Ц.Сувд-Эрдэнэ фэйсбүүктээ пост оруулчихсан байсан. Би тэр өдөр асрамжийн төвийн газрыг тэгшлүүлэх гээд явж байтал нэг хүн над руу утасдаж хэлсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж